
АНУ нь Өмнөд Солонгосын “Чхонан” корвет хөлгийг живүүлснийх нь төлөө Пхеньянд хатуу арга хэмжээ авах гэсэн ерөнхийлөгч Ли Мун Пакийн төлөвлөгөөг эрс дэмжиж байна гэж Reuters агентлаг тавдугаар сарын 24-нд бүрэн дамжуулав.
Хөлөг онгоцыг живүүлснийхээ төлөө Пхеньян уучлалт гуйж, түрэмгий бодлогоо өөрчлөх ёстой гэж Цагаан ордон уриалж байна. Пхеньяныг эдийн засгийн болон цэргийн нэмэлт хориг арга хэмжээгээр цээрлүүлэх асуудлыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд оруулаад байгаа билээ.
Өмнөд Солонгосын Засгийн газар бүх төрлийн худалдаа, наймаа ба хөрөнгө оруулалтыг Хойд Солонгост явуулахад бүрэн хориг тавиад байна. Мөн Хойд Солонгосын хүмүүсийн гол орлого болдог хоёр улсын хамтарсан үйлдвэрийн бүсэд ажилчдынхаа тоог эрс цөөрүүлэх асуудлыг ярилцаж байна.
Обама Өмнөд Солонгосын ерөнхийлөгчтэй ирэх сард болох Их 20-ийн саммитаар уулзан ярилцана.
Хойд Солонгос хөлөг онгоцны ослын талаарх гаргасан олон улсын комиссийн дүгнэлтийг үл зөвшөөрч “Өмнөдийн тоглоомын дэглэм” олон нийтийг төөрүүлэх замаар хямралаас зайлсхийж, ирэх сарын 2-нд болох сонгуулийн өмнө олны санаа бодлыг үймүүлэхээр оролдож байна гэлээ.
Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн флот АНУ-тай хамтран Хойд Солонгосын эрэг хавьд цэргийн хамтарсан сургууль явуулахаар болсон байна. Хэрэв энэ үеэр өчүүхэн ч гэсэн нэвтрэлт хил дээр гарвал бүрэн хэмжээний дайн явуулахаар Хойд Солонгос заналхийлээд байгаа билээ.
Албан ёсоор энэ хоёр орон дайны байдалд байгаа ба хилийн хоёр талд байгаа цэргийн хүчин нь бараг нэг сая орчим хүн болдог.