Эрүүл мэндийн салбарт ажиллагсад салбартаа шинэчлэлт хийгдэхгүй байгааг шүүмжилж байна. Дарга даамлууд нь харин зурагт радио, сонин хэвлэлээр шинэчлэл хийж буй тухай ярьдаг гэлээ. Ер нь энэ салбарт олон асуудал хуримтлагджээ, эмч сувилагч, энэ чиглэлийн боловсон хүчнийг бэлтгэж байгаа Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн эрдэмтэн багш нар салбарт ажиллагсдын хөдөлмөрийг шударгаар үнэлж хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлэх бодит шаардлага бий тухай хэллээ. Зарим нэг хүний тайлбарласнаар банкны цэвэрлэгч 500 мянган төгрөгийн цалинтай бол эмчийн цалин 400 мянган төгрөг аж. Илүү цаг ажиллаж байж, зарим үед цалингаа 800 мянган төгрөгт хүргэдэг гэнэ. Ийм мөнгөөр амьдрахад бэрх, тиймээс энэ салбарт ажиллагсдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, тэр хэрээр салбарт ажиллах боловсон хүчнийг бэлтгэхэд төрөөс тодорхой хэмжээгээр анхаарахгүй бол хөдөөд боловсон хүчний хомсдол үүсч эхэлсэн тухай онцолж байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь төрөөс даадаг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 0-16 хүртэлх насны хүүхэд, цэргийн алба хааж байгаа залуусын Эрүүл мэндийн даатгалын шимтгэлд зориулж жилдээ 10 тэрбум төгрөг зарцуулдаг байна. Энэ нь нийт даатгалын мөнгөний 10 хувийг бүрдүүлдэг ч эргээд эмнэлгээс тусламж үйлчилгээ авахаар нийт даатгалын санхүүжилтийн 80 орчим зарцуулахаас аргагүй болдог аж. Тиймээс энэ байдлыг харгалзан үзэж төрөөс жилд 30-40 тэрбум төгрөгийг эдгээр хүмүүсийн ЭМД-д зориулж санхүүжүүлэх шаардлагатай тухай хэллээ. Ерөнхий сайдын зүгээс ЭМД-ын тогтолцоог бүрэн шинэчлэх бодлого барьж ажиллаж байгаагаа мэдэгдэв.
ЭМД-ын санхүүжилтийг нэмэхийг хүсэв
“Шинэчилж шийдье 222” уулзалт өнөөдөр Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуульд “Эрүүл монгол хүн” сэдвийн дор болж Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, дэд сайд Ж.Амарсанаа нар оролцож тус салбарт ажиллагсдын санал бодлыг сонслоо.
Г.ДАРЬ