“Номын сангийн барилга хүүхдийн “зулай” шиг эмзэг болсон”

Хуучирсан мэдээ: 2013.02.19-нд нийтлэгдсэн

“Номын сангийн барилга хүүхдийн “зулай” шиг эмзэг болсон”

Монголын үндэсний төв номын сангийн захирал Х.Чилаажавтай номын сангийн барилга болоод ховор, үнэтэй ном, судруудын хадгалалтын талаарх тулгамдаж байгаа асуудлуудаар ярилцлаа.

-Төв номын сангийн номыг тоолж байгаа улсын тооллого ямар шатандаа явна вэ?

-Өнгөрсөн оны зургадугаар сараас эхэлсэн тооллого одоо дуусах тийшээ хандаж байна. Дөрвөн жилд нэг удаа хийгддэг энэ тооллогоор манай үнэтэй ховор ном, судруудыг тоолж байгаа юм. Бүх л хуудас, шигтгээ, гэмтэл гээд бүгдийг нь тоолно. Тоолж байгаа нь нэг талдаа маш сайн боловч нөгөө талдаа ингэж их тоолоод байх юм бол ном, судрандаа муугаар нөлөөлдөг. Тиймээс үүнийг урт хугацаагаар тоолдог байх нь зүйтэй л дээ. Ер нь бол энэ номын санд байгаа үнэтэй ховороос гадна энгийн номуудыг ч гэсэн байнгын тоолж байдаг хэсэг ажилтнуудыг орон тоо гаргаад ажиллуулдаг байх хэрэгтэй. Манайд хяналтын номын санч гээд гурван хүн ажилладаг л даа. Гэтэл энэ гурав маань гурвуулаа нийлээд жилд нэг фондыг тоолвол их юм шүү дээ. Дээрээс нь тооллогыг музейн тооллоготой хамтатгаж хийж байгаа. Харин номын сан гэдэг бол музейгээс огт өөр зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Ном гэдэг бол хүн уншиж байх ёстой, хүнд түүнийг уншуулж байх ёстой, доторх агууллагаараа музейн үзмэрээс ялгагддаг зүйл.

-Номын сангийн шинэ барилга баригдаж эхэлсэн үү. Төв номын сан шинэ байрандаа хэзээ нүүж орох бол?

-Ер нь улс номын сангийн хөгжлийг онцгой анхаарч авч үзэх хэрэгтэй л дээ. Шинэчлэлийн засгийн газар гарснаас хойш номын санд нилээд анхаарч байгаа л даа. Хамгийн эхэнд номын сангийн хуультай болгох ажлыг эхлүүлээд, энэ хууль удахгүй өргөн баригдах гэж байна. Харин шинэ барилгын ажил энэ ондоо багтаад эхлэхээр хэмжээний мөнгө улсын төсөвт суутгачихсан байгаа. Энэ барилгыг л маш хурдтай, чанартай барьж чадсан тохиолдолд номын сангийн хөгжилд их том алхам болно. Шинэ номын сандаа бид өөрсдийн лаборатортой, сайхан үзэсгэлэнгийн танхимтай болохоор бодож байгаа. Тэндээ ховор, түүхэн ном судраа дэлгэн олон түмэндээ дэлгэн харуулж, судалгааны эргэлтэнд оруулах хэрэгтэй. Шинэ байрандаа нүүж орохын тухайд бол баригдаж дуустлаа дор хаяад 2-3 жил болно. Тэгээд дотоод заслын ажил гэж байна. Номын сангийн барилга гэхээр л хэдэн тавиуртай хана байдаг гэсэн ойлголт ард хоцорсон. Өнөөдөр дижитал, онлайн орчинд номын сангийн үйлчилгээ хурдацтай шилжиж байна. Дэлхийн аль ч орны номын санд байгаа номыг цахим хэлбэрээр нь хэн ч хаанаас ч үзэж болохоор болж байна. Тиймээс хэдэн номоо зөөгөөд шинэ байранд оруулчихвал сайхан боллоо гэж бодож болохгүй л дээ. Бүгдийг нь цахим хэлбэрт оруулах шаардлагатай. Үүнийг хийхэд асар их хугацаа, мэдлэг боловсролтой мэргэжилтэн хэрэгтэй болно. Хүнд нэг цаасан ном өгч уншуулчихаад хуудас бөглөөд буцааж авдаг номын санчийн тухай ойлголт одоо алга болж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй оронд технологийн том, том компаниудыг номын сангийнхаа хөгжилд татан оролцуулсан байдаг юм билээ. Бид ч мөн энэ мэтчилэн үндэсний том компаниудын дэмжлэгийг авч байж орчин үеийн номын санг бий болно гэхээс биш зөвхөн номын санд ажилладаг хэдэн хүний хийх ёстой ажил юм шиг сэтгэх юм бол хэзээ ч бүтэхгүй. Ингэхийн тулд төр үүн дээр нилээд том бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй. Шинэ барилгын маань тендер нь хэдийгээр өөр салбарт зарлагдах боловч манай яам үүн дээр ихээхэн анхаарал хандуулж ажиллана гэдэгт итгэлтэй байгаа.

-Шинэ барилга баригдаад танайх бүрэн нүүж ортол нилээд хугацаа шаардагдах байх. Ер нь хуучин, ховор номуудын хадгалалт хэр байгаа вэ?

-Номын сангийн хуучин, ховор номууд бол хадгалалтын горим их муутай явж ирсэнээс болоод маш их гэмтсэн байгаа. Тиймээс бид нар зарим нэгэн фондууддаа агааржуулалт, чийгшүүлэлтийн аппарат, хэрэгсэл тавьж, номыг аль болохоор зөв хадгалах байдал руу дөхүүлж байна. Мөн эдгээр судар, номуудыг сэргээн засварладаг лабораторыг Үндэсний төв номын санг түшиглэн байгуулъя гэдэг саналыг харьяа яамандаа бид сүүлийн жилүүдэд байнга тавьж ирсэн. Харин энэ жил манай яам анх удаа сэргээн засварлалтанд зориулж 65 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлэхээр болсон. Үүний хүрээнд бид нар дөрвөн сэргээн засварлагчийг Германы Гёте институтын шугамаар сэргээн засварлагчаар бэлтгэсэн. Мөн нэг сэргээн засварлагчийг Чех улсад явуулсан. Эдгээр хүмүүс маань мэргэжлийн техник хэрэгсэлээ дээрх төслийн хүрээнд авч байгаа. Ингээд Монгол улсын хэмжээнд сэргээн засварлаж болохуйц хуучин номуудыг манай номын санд сэргээн засварлах нөхцөл бүрдэх юм.

-Манайд засварлаж чадахгүй номоо өөр улсад явуулж засварлуулдаг уу?

-Үнэхээр сэргээн засварлах ажлыг монголын нөхцөлд хийх боломжгүй номыг бид гадагш нь явуулдаг. Үйсэн дээрх ном гэхэд л Герман улс руу яваад 20 жил сэргээн засварлагдаад сая ирж байх жишээтэй. Уг номыг тухайн үедээ манай эрдэмтэд уншихын тулд хонины сүүлээр тосолсон байдаг. Гэтэл нөгөө тос нь үйсээ идээд эхэлсэн. Энэ гэмтлийг манай нөхцөлд бүү хэл дэлхийн ихэнх оронд засч чаддаггүй. Герман зэргийн өндөр хөгжилтэй орон маш нарийн тоног төхөөрөмжөөр, химийн аргаар тосыг нь үйсээс нь салгасан байдаг. Гэхдээ үүнийг ч гэсэн монголчууд сурч, тоног төхөөрөмжийг нь худалдан авч, үнэтэй ховор ном, судраа өөрсдөө сэргээн засварладаг байх хэрэгтэй. Монгол улс тусгаар улс мөн л юм бол ийм байх ёстой гэсэн байрь суурьтай байдаг. Үүний эхлэл болж зарим номоо өөрсдөө засах суурь тавигдаж байгаад баяртай байгаа.
  
-Төв номын сангийн өмнөх талбайг автобусны буудал болгоно гээд нэг хэсэг яриад байсан. Энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Төрийн бодлого ямар ч уялдаа холбоогүй, үндэснийхээ соёл, тусгаар тогтнолыг дээдэлдэггүй явж ирсэний нэг илрэл бол энэ. Иргэдээ бодолгүй л яахав, автобусны буудал хэрэгтэй байлгүй л яахав. Гэхдээ үндэснийхээ ганц сочлыг хадгалж байгаа номын сангийнхаа үүдэнд тулгаад, асар их утаа, тортог гаргадаг автобуснуудыг зогсооно гэдэг байж болшгүй л зүйл л дээ. Энд чинь доргилт өгнө. Түүнээс гадна утаа, тортог гэдэг чинь судар номыг маань ганц устгадаг эд шүү дээ. Буудал болгочихоор бичил биетэн асар ихээр үржинэ. Хүний хөдөлгөөн их болохоор, манай монголчуудын соёлын түвшин ямар байгаа билээ. Энд чинь юм иднэ, юм асгана, бүр зарим нь бие засна. Ингээд үндэсний номын сан маань “жорлон” болно. Ийм газар үржсэн бичил биетэн судар номыг иднэ. Манайд байгаа ном, судар бол хичнээн автобус, ямар ч их мөнгөөр үнэлэгдэхгүй. Дэлхийн номын сангийн стандарт гэж байдаг юм. Энэ стандартыг хамгийн бүдүүлгээр зөрчсөн явдал болно. Үүнийг хотын удирдлагууд маань анхааралдаа авч, гаргасан шийдвэрээ эргэж харах байх гэдэгт итгэж байна. Автобусны буудал барих газар эрхбиш Улаанбаатараас олдоно.

-Саяхан номын санд гал гарсан. Үүний шалтгаан нь юу байв. Хор, хохирол?

-Тиймээ. Манайд 2007 онд мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан юм. Манайх чинь 60 жил болж байгаа байшин. Тэр үед бүх цахилгааны утсыг нь ханан дотор нь шавардчихсан. Тэгэхээр хана нь маш их халж, цахилгаанждаг. Үүнийг солих хэрэгтэй гэж нилээд хөөцөлдсөний хүчинд цахилгааны мантажийг нь сольж байгаа юм. Засвар хийж байх энэ үед шатны хонгилд цахилгааны утас буудаад бага хэмжээний гал гарсан. Хэдийгээр амралтын өдөр байсан ч цаг алдалгүй зогсоосон. Тиймээс хохирол гайгүй байгаа. Ер нь бол ямар ч улсын төв номын сан гэдэг бол гал түймрийн онцгой байгууламж байдаг. Байшингийн маань хана цууралттай, модон карказтай барилга. Өнөөдөр дэлхий дахинд номын сангийн стандартанд модон карказыг хориглочихсон байдаг. Эдгээр асуудлуудыг нь яаралтай шийдэж, шинэ барилгыг ашиглалтанд оруулахгүй бол үнэхээр “хүүхдийн зулай шиг” болчихсон барилга л даа. Энэ барилгад уншлагын танхимаа явуулж байж болох юм гэхээс биш хадгалалт, хамгаалалт явуулахад үнэхээр тохирохоо байсан. Хадгалалтын газар бол маш бага цахилгаантай, маш аюулгүй нөхцөлтэй, сантехникийн хувьд сайн, гал болоод усны аюулаас бүрэн хамгаалагдсан, вакум орчин ихтэй, ариутгал, халдваргүйжүүлэлт сайн хийгддэг газар байх ёстой. Зарим орны үндэсний номын сан уулан дотор, газрын гүнд байдаг юм билээ. Ямар нэгэн юм болоход хаалга цонх нь автоматаар хаагдаж, вакум орчин үүсдэг. Тэгээд хичнээн ч жилийн дараа ухаад гаргаад ирсэн яг хэвээрээ хадгалагдаж байх орчин бүрдүүлсэн байдаг юм билээ. Манайх шиг цөөхөн хүн амтай орон үндэсний бичиг соёл, ховор үзмэрүүдээ сайн хамгаалж байх хэрэгтэй.

Ярилцсан: Т.ДАРХАНХӨВСГӨЛ  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж