-Нийслэлийн төвийн зургаан дүүргийн ТҮК-ийн хувьчлалыг ямар шалтгаанаар цуцалсан бэ?
-Нийслэлийн хамгийн чухал асуудлуудын нэг нь хотын тохижилт хог, цас мөс, ногоон байгууламжийн асуудал байдаг. ТҮК-иудыг анх хувьчлахдаа дээрхи ажлуудыг өмнө явж ирсэн түвшингээс дээрдүүлэх, улам сайжруулах зорилгоор менежментийн хувьчлалаар хувьчилсан. Гэтэл хувьчлаад ямар үр дүнд хүрснийг олон нийт, хүн бүр мэдэж байгаа. Тиймээс хувьчилсан гэрээний зохих заалтын дагуу үүргээ биелүүлээгүй тул нийслэлийн өмчид буцаан авч байгаа юм.
-Энэ шийдвэрийг ТҮК-иудын удирдлагууд төр хувийн өмчид халдсан гэж мэдэгдээд байгаа?
-ТҮК, нийтийн тээвэр гэх мэт салбарыг нийтийн эрх ашгийн үүднээс нийслэл нуруун дээрээ үүрч эрсдэлийг хариуцаж явах нь зүйтэй. Хувьчилж болдог болдоггүй салбар гэж байна. Эдгээр салбаруудад бизнесийн ашиг хөөх бус нийтийн сайн сайхны төлөө ажиллах учиртай. Хувьчлалын гэрээнд зааснаар зохих үүргээ биелүүлээгүй бол нийслэл өмчөө буцааж авна гэсэн заалт бий. Үүргээ биелүүлээгүй учраас нийслэл өмчөө буцаан авч байгаа юм. Үүнд хувийн өмчид халдсан зүйл огт байхгүй. Гэрээний хариуцлага тооцож байгаа л асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Энэ маргаанаас үүдэлтэйгээр ТҮК-ийн ажилд доголдол үүссэн үү?
-Дүүргийн удирдлагууд ТҮК-ийн асуудлыг анхааран ажиллаж байгаа. Одоогийн ТҮК-иудыг Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар болгон зохион байгуулж, дүүрэг тус бүр дээр нь ажиллуулна. Дүүргийн засаг дарга нар үйл ажиллагааны болон санхүүгийн удирдлагаар хангаж ажиллах юм.