МАН-ын намын ахмад гишүүд өнөөдөр 15.00 цагт МАН-ын удирдлага болох Ө.Энхтүвшин, нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар нарт хоёр намыг нэгтгэх уриалгыг хүргүүллээ.
МАН, МАХН-ыг нэгтгэх, Ерөнхийлөгчийн сонгуульд эвсч орох талаар яриа гараад байсан бөгөөд өчигдөр МАН-ын удирдлагуудад “МАН-ыг шинэчлэх эв нэгдлийн хороо”-ны гишүүн, УИХ-ын гишүүн асан Д.Загджав мөн дээрх уриалгыг хүргүүлсэн юм. Үүнд МАН-ын дарга Ө.Энхтүвшин хоёр намын нэгдлийг дэмжиж байгаагаа илэрхийлж, нааштай хариу өгсөн гэж мэдэгдээд байгаа билээ.
УИХ болон Орон нутгийн сонгуульд ялагдал хүлээсний дараа МАН-ын гишүүд дэмжигчид МАН-ыг шинэчлэх, МАХН-тай нэгдэх талаар намын удирдлагууддаа шаардлага хүргүүлж, олон нийтэд мэдээлж байсан юм. Энэхүү хоёр намыг нэгтгэх урилгад МАН-ын удирдлагууд удахгүй хариу өгнө гэлээ.
Ш.ЧИМЭГ