Ланза Брейвикийг дуурайсан уу?

Хуучирсан мэдээ: 2013.02.19-нд нийтлэгдсэн

Ланза Брейвикийг дуурайсан уу?

АНУ-ын хууль сахиулах албаныхны мэдээлснээр АНУ-ын Коннектикут мужийн Ньютаун хотын “Сэнди Хүк” бага сургуульд халдлага үйлдэж, 20 хүүхэд, 7 хүний амийг хөнөөсөн хэрэгтэн Адам Ланза аймшигт аллага хядлага үйлдэх сэдлийг Норвегийн террорист Андерс Брейвикээс олж авсан байж магадгүй гэнэ. Террорист Андерс Брейвик нь Норвегийн Утойя арал дээр 77 хүнийг буудан хөнөөж, Осло хот дахь Засгийн газрын ойролцоо бөмбөг дэлбэлснээс 8 хүн амь үрэгдэж, 242 хүн гэмтэж шархтсан билээ. Норвегийн шүүхээс өнгөрсөн оны зургадугаар сард Андерс Брейвикэд  21 жил хорих ял оноосон юм.

 “CBS”-т Америкийн хууль сахиулах албаны дээд тушаалын хоёр эрхмийн мэдээлснээр Адам Ланза нь Андерс Брейвикийг үлгэрлэн, түүнтэй өрсөлдөж, цуутай алан хядлага ажиллагаа үйлдэх хүсэлдээ донтсон байсан  гэнэ. Түүнчлэн Адам Ланзад хүмүүсийг хоморголон алан хядах бузар санаагаа хэрэгжүүлэхэд “Сэнди Хүк” бага сургууль “хялбар бай” байсан аж. Адам Ланзад дээрх аймшигт алан хядлага үйлдэхэд түлхэц болж, сэтгэхүйд нь хүчтэй нөлөөлсөн өөр нэг зүйл нь хүчирхийлэл, алан хядлагатай видео тоглоом гэдгийг  дурьджээ. Ланзагийн гэр бүлийн найз нарын мэдүүлснээр Адам нь их ганцаардмал, зожиг нэгэн байсан бөгөөд алан хядлага, хүчирхийлэлтэй видео тоглоомонд донтсон байсан гэнэ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж