Уул уурхайн салбараас орж байгаа ашгаас хамаарч эдийн засаг өсч үүнээс улбаалан төсөв халах, инфляци өсөх сөрөг үр дагаврууд ажиглагдаж байгаа аж. Байгалийн баялгийн тухайд ашигт малтмалын бүтээгдэхүүнүүд дэлхийн зах зээлд огцом хэлбэлзэлтэй байдаг учраас эдийн засаг нь зөвхөн энэ салбараас хараат болох нь эрсдэл дагуулдгийг мэргэжилтнүүд сануулж байна.
“Дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ ханш огцом савлалттай байдаг. Хэрвээ зөвхөн уул уурхайгаас хамааралтай болчихвол эдийн засгийн савлагаатай орон болж хувирна. Уул уурхайн салбар өөрөө шууд утгаар ажлын байрыг нэмэгдүүлдэггүй, баялаг бүтээдэггүй. Тэгсэн хэрнээ бусад салбараа эдийн засгаас шахан гаргах хандлага ажиглагддаг. Үүнийг л Голланд өвчин гэж нэрлээд байгаа. Энэ бол аль 2008 оноос хойш л ажиглагдсан. Харин үүнийг зөв залж, голланд өвчнөөс салахын тулд эдийн засгийг олон тулгууртай болгох, өөр салбарыг хөгжүүлэхэд төрөөс дэмжих, төсвийн бодлогыг боловсронгуй болгох шаардлагатай” гэж Азийн хөгжлийн банкны эдийн засагч Л.Амар ярьсан юм.
Дашрамд дурьдахад Азийн хөгжлийн банк, Хэвлэлийн хүрээлэн хамтран сар бүр сэтгүүлчдийн дунд эдийн засгийн чиглэлээр сургалт явуулдаг ажээ.