Ерөнхийлөгч өөрчлөлтийнхөө суурийг тавьсан

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч өөрчлөлтийнхөө суурийг тавьсан

“Ярилцъя” та бүхэнтэй дахин мэндчилж байна. Энэ удаагийн зочин маань Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх А.Ган­баатар. Дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсний нэг жил болж байгаатай холбогдуулан түүнийг урьж ярилцахаар шийдсэн юм. Мэдээж албан бус утгаар буюу задгай хэлбэрээр хөөрөлдвөл түүнтэй ярилцах илүү “гоё” сэдвүүд цаана нь зөндөө бий. Тэр бол телевизийн сэтгүүлч мэргэжилтэй, PR чиглэлээр мэргэшсэн, бас учир мэдэх хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн цөөхөн хэдийн нэг гэдгийг бид мэднэ. Ингээд манай үеийнхний нэрлэдгээр Габи, албан ёсны нэрээр Ерөнхийлөгчийн зөвлөх ноён А.ГАНБААТАРТАЙ хөөрөлдсөнөө толилуулъя.

-Ерөнхийлөгч бүрэн эр­хээ хэрэгжүүлж эхлээд нэг жилийн босгон дээр ирлээ. Мэдээж энэ бол өнөөдөр авч үзэх сэдэв мөн үү гэвэл мөн. Гэх­дээ хуучин үеийнх шиг социалист уралдааны дүн яаж гарав аа гэх маягаар авч асуумаар­гүй байна ?

-Б.Болдсайхан нийтлэл­чийн бичсэн, ноднин бараг өдийд гарч байсан болов уу. “Тавдугаар сарын 25” гэсэн нэг нийтлэл бий. Та санаж байгаа байх.

-Хэрвээ Элбэгээ ял­бал…?

-Тийм. Хэрвээ Элбэгээ ялбал ийм болно, тэгэх болно гээд л. Тэр нийтлэл санаанд орж ирж байна л даа. Хүмүүс эргээд тэр нийтлэлийг нэг уншиж үзээсэй. Тэгээд  өө­рийн­хөө эргэн тойронд, өөр дээ­рээ эргэцүүлж нэг харвал нэг юм бодогдоно доо гэж. Би зөвлөх гэдэг албан тушаалт­ныхаа хувьд биш, зүгээр ир­гэн хүнийхээ хувьд яг ингээд эргээд бодоход ноднин жил өдийд бидний амьдрал, сэт­гэл­гээний цараа, айдас хүй­дэс ямар байлаа гэж бодож үзсэн. Өнөөдөр над шиг олон мянган хүнд нийгмээс айх ямар нэг айдас алга. Магадгүй манай найз нөхдийн ярьж байгаагаас, эргэн тойрон дахь уулзаж, учирч буй хүмүүсийн ярьж байгаагаар авлига аваад байдаг юм уу, авлига­тай холбоотой сэдвээр “нү­дүүлж” байсан,  “балбуулж” бай­сан, төрийн алба хашиж бай­сан, нөгөө яриад байдаг сүл­жээ энэ тэрд нь орчихсон байсан тэр хүмүүст л айдас байгаа байх. Харин айдас тэдний толгой дээр оччихсон байгаа байх. Жирийн иргэд бол айдасгүй болсон гэж бо­дож байна. Айх нь байтугай ам­лалт нэхээд үг хэлэх эрх чө­лөөгөө эдлээд явж байна. Хү­ний зоо нь тэнийнэ  гэж бай­даг даа. Тийм цаг үе ир­чих­сэн юм болов уу гэж би хувьдаа харж байна. Би ганц­хан жи­шээ хэлье. Миний нэг бизнес эрхэлдэг найз надад хэлж бай­сан юм. Ний нуугүй хэлэ­хэд бид нар бизнес эрх­лэх гэж үнэхээр зовдог байсан. Үнэ­хээр нэг тендер авъя гэхэд шат шатанд нь мөнгө өгдөг бай­сан. Одоо бол бас өөр бай­на шүү. Материалаа зөв бүр­дүүлээд өгөхөд асуудал өөрөөр явдаг болж эхэлсэн байна. Нөгөө авдаг байсан нөхдүүд чинь  нүд нь бүлт­гэнээд улайм цайм чадахаа больсон байна гэж ярьж бай­сан. Энийг бол би нийгэмд гарч байгаа дэвшил гэж харж ба­йгаа юм. Ерөнхийлөгч ард олондоо ерөөсөө л энэ авлига хээл хахууль, шүүх засаглалд бугшсан бохир муухай юмыг арилгана гэж амласан. Тан­гар­гынхаа үгэнд ч хэлсэн. Ерөө­сөө өнөөдрөөс эхэлж “цэг тавья” гэж. Ерөнхийлөг­чийн хэл­сэн тэр үг бол мар­гаа­ш­аас эхлээд л авлигыг таслан зогсоогоод, бүх юм чин шу­дар­гаар явчихна гэсэн үг биш байх л даа. Өнөөдрөөс эхлээд бид өөрөөр ажиллана. Өө­рөөр юм тооцно шүү гэсэн санаа байх. Сая нийслэлийн ир­гэдтэй уулзахдаа ч гэсэн Ерөнхийлөгч тодорхой тайл­бар­ласан. Сая Ерөнхий про­ку­­рор солигдлоо. Шүүхийн ши­нэч­лэлийн тухай хууль, Эрүү­гийн хуульд өөрчлөлт оруу­лах багц асуудлаар гавь­яат хуульч, хөдөлмөрийн баа­тар Б.Чимид гуайгаар ахлуул­сан баг ажиллаж бай­на. Энэ баг дотор үе үеийн хуульч нар ба­раг хагас жил ноцолдсон. Гар­­сан хууль, концепцууд үнд­сэн­дээ шат шатандаа дэм­жиг­дээд явж байгаа. Саяхан Үн­дэс­ний аюулгүй байдлын зөв­­лөлөөр дэмжигдсэн. Хууль эрх зүйн талаас нь системтэй  шинэчлээд өгөх юм бол хууль зүйтээ орон л юм бол бидний зориод байгаа зүйл бүтнэ. Мэдээж энэ бол цаг хугацаа шаардсан ажил. Мөн нийгэм ард түмнээ уриал­сан олон зарлиг гарга­лаа. Жишээ нь, нийтийн би­еийн тамир, спор­тыг хөгжүү­лэх, мод тарих, уламжлалт сэтгэлгээ, арга билгийн ухаа­ны үндсийг хүүх­дүүдэд сургах зэргийг нэрлэж болно.

-Шүүхийн шинэтгэлийн асуу­дал нэг шууруулаад л хийчих юм биш л дээ?

-Тийм. Хуучин Ерөнхий­лөгч нар­тай харьцуулах юм бол шинэ Ерөн­хийлөгчийн нөхцөл байдлыг бас арай өөрөөр хармаар байгаа юм.

-Арай өөрөөр өө ?

-Тийм ээ. Өөрөөр.

-Цагаан сарын урд өдөр Ерөн­хийлөгчтэй телеви­зийн ярилц­лагад орж байхад түүний ам­наас “Ерөн­хий­лөгчийн алба миний бодож байснаас өөр юм аа” гэсэн нэг үг гарсан. Энэ үгийг зан­гиа­гаа сул­лаж сууж бай­­­гаад, хам­гийн энгийнээр хэлсэн ч нэлээн хэдэн сар ажил­­­ласны дараа, янз бү­рийн ханатай нүүр тулс­ны эцэст өөрийн эрхгүй л унагах шиг бол­сон?

-Тэгсэн.

-Өмнө нь Монгол Улс гурван Ерөнхийлөгчтэй байсан. Бүгд л өөр өөрийн нэр нүүрийг бү­тээгээд явцгаасан байх. Өнөөд­рийн Ерөнхийлөгчийн ажил­лаж байгаа орчин нөхцө­лийг өөрөөр харах ямар хүчин зүйлс байгаа юм бэ?

-Маш товчхоноор хэлэх юм бол П.Очирбат гуайг хээгүй Ерөнхийлөгч гэдэг байсан. Магадгүй тэр үед анх­ны Ерөнхийлөгч байсан учраас  жин­хэнэ хээгүй байх хэрэгтэй байсан байж мэднэ. Н.Багабанди гуайг бол хийгүй Ерөнхийлөгч гэх жишээтэй. Н.Энхбаяр гуайн хувьд бол  ерөнхий­дөө юм юм руу орж шийдэх гэсэн тийм оролдлогуудаар дүүрэн байсан. Шинэ Ерөнхийлөгчийн хувьд төрийн залгамж чанарыг хадгалахаас гадна шинэ нөхцөл байдалд зохицож, улс ор­ныг авч явах онцлог гарч ирж бай­гаа юм. Ц.Элбэгдорж Ерөнхийлөг­чийн хувьд бол өөрийнх нь хэлсэн үгнээс нь ч цухалзаад байгаа ганц л юм байгаа. Тэр нь ерөөсөө зөв Ерөнхийлөгч байя гэсэн санаа. Зөв л байя гэдэг ерөнхий том  агуулга харагдаж байна гэж болно. Өнгөрсөн хуга­цаанд гаргасан шийд-вэрүүдийг нь ч хар. Жишээ нь, Оюутолгойн төсөл дээр дуугарсангүй, байр сууриа илэр­хийлсэнгүй гэж нэлээн ярьсан байх. Ерөнхийлөгчийн  хувьд бол харин ч ил гарч ирж хэлснээсээ илүү хүлээцтэй  ажиглаж байсан нь маш том бодлого байсан болов уу. Ший­дэх ёстой тэр байгууллагад нь, Зас­гийн газар, УИХ-д боломжийг нь ол­гож байсан нь байр сууриа маш то­моор илэрхийлсэн юм болов уу гэж. Тэгэхээр энэ төсөл цаг хугацааны хувьд дахин гацалгүй цаашаа яваад, ямар ч байсан Монгол Улсын ирээ­дүйн хөгжилд том хөшүүрэг болох тэр үүцийг задлах процесс нээгдсэн нь өөрөө Ерөнхийлөгчийн зөв дэмжлэг гэж дүгнэмээр байна л даа.

-Маш зөв дүгнэлт. Гэвч страте­гийн гэх энэ том ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах түү­хэн шийдвэрийг гаргасан гэх гавьяа өөр бусдад очсон. Хэр­вээ дуугарч, байн байн дун­дуур нь орж ирж харагдаж байсан бол нөгөө “гавьяа” саар­магжаад л явчих байсан байх л даа?

-Тийм байж болох байсан. Би бол Ерөнхийлөгчийн олон нийттэй ха­рил­цах чиглэлийг хариуцан ажиллаж байгаа хүний хувьд бүх юман дээр Ерөнхийлөгчийн нэр хүндэд оноо цуглуулах маягаар хандаж, миний ажлын үзүүлэлтэд хэрэгтэй ч гэдэг юм уу тэр талаас нь харж ажиллаж болох л доо. Гэвч энэ асуудал дээр Ерөнхийлөгч хатуу байр суурьтай байсан. Явах юм явдгаараа явах ёстой. Миний байр суурь бол ийм байна аа гээд. Хоёрдугаарт, Ерөн­хий­лөгчийн институцийн өөрийн хийх ажлын хүрээ, цараа маш тодор­хой байгаа байхгүй юу. Орох юм байна. Орохгүй юм байна. Дэмжих юм бий. Дэмжихгүй юм бас байна.

-Урьд нь хэн нэгэн зөвлөх Ерөнхийлөгчийн институцийн байх ёстой орон зайны талаар зориуд ингэж тодосгож хэлж байсан тохиолдол нэг их са­наг­дахгүй байна?

-Бүх зүйлийг Ерөнхийлөгч шийд­дэг юм шиг буруу ойлголт, буруу жишиг тогтчихсон юм шиг санагддаг учраас хэлж байгаа юм л даа.

-Ард түмэн Ерөнхийлөгчийн “Шүүх засаглалд бугласан бу­зар булайг цэвэрлэнэ” гэсэн амлалтыг маш их дэмжсэн. Тэд­ний энэ их түрлэг ардчил­сан Ерөнхийлөгчийг төрүүл­сэн. Гарч ирээд маргаашаас нь эхлээд хяргаад өгнө. Болж бүтэхгүй нөхдийг бүгдийг нь хөөж явуулна гэсэн хүлээлт маш их байсан?

-Тийм ээ. Бүгдийг нь огцруулаад, бу­жигнуулаад өгнө гэж хүлээж байсан.

-Харамсалтай нь энэ асуудал бү­тэн жил гацаанд орсон. Сүүл­­дээ Ерөнхийлөгч учир­лаж, гуйж эхэлсэн. Шүүх засаг­ла­лын шинэтгэлд оруулж бай­гаа таны том хувь нэмэр өнөө­гийн хашиж буй тушаалаасаа шу­­даргаар татгалзах явдал бо­лоод байна шүү гэх маягаар. Ин­гэж явсаар сая л Ерөнхий про­­курорыг солилоо. Энэ про­цесс яагаад ингэж их гацсан юм бэ?

-Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч өмнө нь Ерөнхий сайдын албыг хоёронтоо хашсан. Дээр нь намын дарга байсан хүн. Ерөнхийдөө нэг талын сонирх­лыг гэдэг юм уу, өөрийнхөө үзэл бод­лыг хүчтэй илэрхийлэх өргөн бо­лол­цоотой орон зайд ажиллаж байсан юм болов уу. Өөрийнх нь ч унаган чанар байдаг байх. Эрс шулуухан, эрсдэлээс айхгүй алхмуудыг хийж бай­сан. Ерөнхийлөгчөөр сонгогд­со­ноос хойш бол бүх нийтийн эрх аш­гийг дээдэлж  зангидсан, дээр нь эв нэгдлийн бэлгэдэл гэдэг үүднээсээ юмыг илүү өөрөөр харж ажиллах шаард­лага тулгарсан даа. Энэ үүднээсээ өөртөө ахиад нэг шинэ Эл­бэгдоржийг нээх ёстой болсон болов уу гэж боддог. Ерөнхийлөгчийн инс­титуцийг яг байх ёстой газар, орон зайд нь, эрх хэмжээнийх нь сонгодог утгыг бүрэн дүүрэн утгаар нь хэ­рэг­жүүлж ажиллахыг л энэ хүн өнөөдөр чухалчилж байгаа. Саяын асуудал дээр бол нийгэмд хүлээлт маш их байсан. Таны хэлдгээр гарч ирээд л маргаашаас нь цавчаад эхэлсэн бол алга ташуулаад л эхлэх байсан байх. Театраар бол ёстой халуун алга та­шилт­тай, дүүрэн үзэгчидтэй үзүүлбэ­рүүд явах байсан биз. Би бол энэ асуудал дээр Ерөнхийлөг­чийг улс тө­рийн өндөр соёл гаргалаа л гэж бо­дож байгаа. Нэгдүгээрт, Ерөнхий про­курорыг шууд солих асуу­дал бол өөрөө хуультай, хуга­цаа­тай. Ерөн­хий­лөгч санал болго­дог, УИХ авдаг. Хэд­хэн нөхцөл бай­даг. Өөрөө өргө­дөл өгсөн бол, хэрэгт төвөгт орсон бол, эсвэл эрүүл мэн­дийн шалтгаа­наар гэх мэт. Өөрөөр хэлбэл ийм нөхц­өлүүдийн аль нэгэнд л М.Алтан­хуяг прокурор өөрөө өргө­дөл өгч огц­рох бололцоотой. Ерөн­хий­лөгч анх­наасаа л шууд байр суу­риа илэр­хийл­сэн. Би ард түмнийхээ өмнө өөр амлалт үүрэг авч гарч ир­сэн хүн. Тан­тай ажиллах боломжгүй байна гээд хэл­чихэж байгаа нь өөрийнхөө са­нааг ил тод гаргачихаж байна л гэсэн үг. Дээр нь улс төрийн олон нөхцөл шалтгаан байсан байх. Магадгүй М.Ал­танхуяг прокурорт хувийн шинж­тэй асуудлууд ч байсан байх. Цаг хугацаа л яваад байсан. Сүүлдээ Ерөнхийлөгч учирлаж ч хэлсэн байх, уурлаж ч хэлсэн байх. УИХ-ын чуул­ган дээр ч хэлсэн, та нартай ярилц­лагад орж байхдаа ч хэлсэн. 

-Тэр чигээрээ хөндлөн харж хэвтчихээд байгаад байсан бол яах байсан бол?

-Ерөнхийлөгч ёстой ард түмнээ­сээ л дэмжлэг авах байсан болов уу. Ард түмэнд ойлгуулаад, асуудал ийм байна, ингээд гацаачихлаа гэхэд бол сонгуулиар яаж дэмжиж байсан тэр хэмжээний эрч хүчээрээ ард түмэн түрж дэмжээд прокурорын асуудал байтугай юмыг шийдэж чадна л даа.

-Ерөнхийлөгчид байгаа, бусад­тай зүйрлэшгүй асар том бодит боломж бол ард түмний дэмж­лэгийг хүссэн үедээ авах нь юм. Бүх ард түмнээс сонгогдсон цорын ганц хүн шүү дээ?

-Үнэн. Хийж, хэрэгжүүлэх гэсэн үйл хэрэг дээр нь саяын мэт ёс зүй­гүй тээг гаргаад, ажлаа явуулахад хүнд­рэл тулбал энэ улсын Ерөнхий­лөгч ард түмэндээ л хандаж  дэмжлэг хүсч таарна шүү дээ.  

-Шинэ Ерөнхий прокурорын тухай асууя.  Д. Дорлигжав бол Монголын нийгмийн хувьд  та­нихгүй, цоо шинэ хүн биш. Хам­­гийн хэцүү нөхцөл байдалд байгаа, өөрөөр хэлбэл гал ассан газар руу л түүнийг ил­­гээдэг байсан. Мань хүн ч тэр болгоныг хатаараа даваад гардаг, өөрөөр хэлбэл ажлыг хийдэг хүн л дээ.  Энэ удаагийн шинэ томилолтыг нь хүмүүс хэр хүлээж авч байх шиг байна?

-Бид Ерөнхийлөгчийн гаргасан зарлиг шийдвэрийг ард түмэнд яаж хүрч байна гэдэг дээр байнга судал­гаа явуулдаг. Судалгаанаас үзэхэд  бол 60:40-ийн харьцаа гарч ирж байна лээ.

-Өөрөөр хэлбэл 60 хувийн дэмжлэг?

-Тийм ээ. Судалгаанаас юу гэж ун­шигдаж байна вэ гэхээр Ерөн­хий­лөгч энэ салбарт хийх өөрчлөлтөө эхэлж байна гэж нийгэм талархан хүлээж авч байна. Энэ талархалд өгсөн өндөр хувийн дэмжлэг нийгэмд байна гэдэг судалгаагаар гарч ирлээ. Нөгөө талдаа Д. Дорлигжав даргад энэ албыг нэр төртэй хийнэ гэж итгэж байна гэсэн үг л дээ.

-Зарим мэдээллийн хэрэгс­лээр эвгүй үнэртэй юм цацаж л байна лээ?

-”ТV-9″ телевизээр явж л байх шиг байсан. Увсын фракц гараад ирлээ гэх маягаар.

-Хүчнийхний толгойд UBS фракц хүчээ авлаа гээд л үү?

-Ерөнхийлөгчийн томилгоонуу­дыг хөндлөнгөөс харж байхад нэг их олон хүнтэй зөвлөөд, хэлэлцүүлээд  сүйд майд болоод байдаггүй. Мэ­дээж бүх хүнээс асуугаад л санаа оноо солилцоод байвал энэ хүнийг тавьбал зүгээр, энэ ч дээр гэсэн олон хүний нэр гарч ирэх байх л даа. Тэ­гэ­хээр энэ бол санал цуглуулж тавь­даг албан тушаал биш л дээ. Хариуц­лага хүлээлгэж өгч байгаа томилгоо юм. Д.Дорлигжав даргыг түүхээс нь харахад маш баялаг намтар уншигд­даг. Өөрөө ч энгийн яриа хөөрөөн дундаа ярьж л байсан. Анх намайг Шадар сайдад шууд л тулгаад хаясан юм. Би ороод хийсэн. Чадлаараа хийсэн. Дараа нь Батлан хамгаала­хын хамгийн анхны энгийн сайд гээд л аваачаад зоосон. Би өөрийнхөөрөө л хийсэн. Эрдэнэт рүү аваачаад л тавь­сан. Маш хүнд нөхцөлд ажилла­сан. Би хийсэн гэж. Ёстой таны хэлд­гээр дандаа гал руу аваачаад хаясан байдаг. Гэвч тэр галан дундаас мань хүн үзэл санаагаа тээгээд л, өөрийн арга барилаар ажиллаад л, амжилт­тай ард нь гарч ирсэн. Тэгэхээр энэ хүний тэр туршлага дээр л суурилсан томилгоо гэж ойлгож байна. Миний хувьд бол нүдээ олсон хамгийн зөв томилгоо гэж хэлнэ.

-Ерөнхийлөгчийн тухай яри­хад Өршөөлийн хуулийн талаар хөн­дөхгүй орхих арга­гүй. Ул­сын Ерөнхийлөгчид гэм үйлд­сэн иргэнээ ялаас өр­шөөх, ууч­лал үзүүлэх онцгой эрх байдаг. Энэ талын алхмуу­даар нь тэр хү­ний хэр нигүүлсэн­гүй удир­дагч болохыг то­дорхойлж ч бол­но. Үнэн хэрэг­тээ өршөөх шиг том шийтгэл гэж байхгүй?

-Бас том буян ч гэж байхгүй.

-Тийм. Гэвч нийтийн ухамсар­тай ажиллахаас өөр арга алга. Та бид хоёрыг энд яриад сууж байх хооронд өдий төдий гэм нүгэл үйлдэгдэж байгаа. Харин маргаашийн хэвлэлд Ерөнхий­лөгч өө, таны гаргасан “гай”-тай өршөөлөөс болж ийм гэмт хэрэг гарлаа гэсэн мэдээлэл ду­райж байдаг. Өршөөлд хам­рагдсан хүмүүсийн яг хэдэн хувь эргэж гэмт хэрэгт хол­богд­сон тооцоо байгааг со­нирх­моор байна л даа?

-Ерөнхийлөгчийн хамгийн анхны санаачилсан хууль Өршөөлийн хууль байсан. Хамгийн анхны шийд­вэ­рээр хөнгөн гэм үйлдэж яллагдсан иргэддээ уучлал үзүүлье. Харин ахин гэмт хэрэг үйлдвэл уучлаарай, ямар ч өршөөл байхгүй шүү гэж л хийсэн энэрэнгүй алхам байсан. Судалгаа одоо миний ширээн дээр байж бай­на. Өмнөх Ерөнхийлөгч нарын үед Өршөөлийн хууль янз бүрийн хэлбэ­рээр санаачлагдаж л байсан. Ер нь бол зургаа орчим хувь нь буцаж хэ­рэг хийж яллагддаг судалгаа байдаг юм байна. Саяын Өршөөлийн хуу­лиар суллагдсан иргэдээс эргэж гэмт хэрэг үйлдсэн тоо маш цөөхөн бай­гаа. Та үзэж танилцсан байх.

-Гэвч тэднийг эргэж нийгэм­шүү­лэх ажил нь улсын Ерөн­хий­лөгчийн хийх ажил биш л дээ?

-Яг үнэн. Ерөнхийлөгч уярмаар ч юм шиг нэг үнэн үг хэлсэн шүү дээ. Өр­шөөгдөөд гараад ирлээ. Хамт олон нь тэднийг хүлээж аваарай. Гэр орон нь тосч аваарай. Хүн шиг угтаа­рай. Хэрэв та бүхэн ахиад тэр хүнийг ял­тан гэж хараад, ахиад гэмт хэрэгтэн гэж хараад байх юм бол түүний эргээд очих газар нь тодорхой шүү гэж. Яг таны хэлж байгаа ял зэмээс төрийн хайр энэрлээр өршөөгдөөд ирж байгаа иргэдийг нийгэмшүүлэх, төлөвшүүлэх ажил нь Ерөнхийлөг­чийн институцийн шууд хийх ёстой ажил биш юм. Манайд таны хэлдгээр нийгмийн ухамсар, байгууллагын хариуцлага гэдэг юм нь дутмаг бай­гаад байна. Ялаа эдлээд гараад ир­лээ. Нийгэм нь итгэл хүлээлгээд аваад явбал тэр хүний амьдрал тэгш­рээд л явчихна. Нөгөө ямар кино байдаг билээ. Ишхүү билүү.

-”Сэтгэлийн дуудлага” уу ?

-Тийм. Тэрэн шиг л түшээд аваад явах хэрэгтэй шүү дээ.

-Тийм ээ. Гэвч тэгдэггүй ?

-Тэгж халуун сэтгэлээр тосдоггүй учраас өнөөдөр тэдний зарим нь эргэж нөгөө газар руу очиж байна.

-Тэдэнд бичиг баримт гэж юу байхав. Нэг хуудас цаастай л гаргадаг юм билээ. Галт тэр­гэнд харьж явахад нь үйлчлэгч нөгөө цаасыг нь үзчихээд хү­мүүсийн чихэнд хадтал “Сул­лагдсан юм уу. Чи тэгвэл юу гэж суудал эзлэдэг юм. Бос” гэж тэвчихийн аргагүй бүдүү­лэг аашилж байхтай таарч л байсан. “Өршөөгдөгсдийг уг­тах бидний сэтгэл зүй” гэсэн нийтлэл хүртэл бичиж л байлаа?

-Харамсалтай нь нийгмийн маань сэтгэл зүй тэдний өмнө ийм л хүй­тэн хөндий байна даа. Өөр нэг зүйлийг хэлмээр байгаа юм. Би өөрөө сэтгүүлч хүн. Гэхдээ манай за­рим хэвлэлийн байгууллага Өршөө­лийн хуультай холбоотой, холбоогүй гэмт хэргийг араас нь сурвалжлан дэвэргэж, нийгэмд том дуулиан бос­гож ирэх гэж оролдож байгаа байдал ажиглагддаг. “TV 9”, “Зууны мэдээ” со­нины эздэд хандаж зарим үед хэл­мээр санагддаг. Уучлаарай, сонгууль бол аль эрт яваад дуусчихсан шүү дээ гэж. Нэг айлын эхнэр нөхрөө уур нь хүрээд алгадлаа гэхэд энэ нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос бол­лоо гэх нь холгүй гүтгэлэг цацдаг.

-Нэг алдсан, Ерөнхийлөгч маань өршөөлөө. Одоо ахиж алдахгүй, хүн шиг амьдрана даа гээд зүтгэж яваа олон зуун хүн бас байгаа шүү дээ?

-Мэдээж шүү дээ. Харин тэдний тухай гэрэл гэгээтэй сурвалжлага үзэгдэхгүй. Учир нь гол зорилго нь энэ биш юм байна л даа.

-Нэгэнт тантай уулзсаных асууж ярих хэд хэдэн зүйл бай­гаа. Тэдний нэг цаазаар авах ялыг халсантай холбоотой. Ма­найх ардчилсан орон гэх мал­гайг өмссөн атлаа хүний амийг цаазлан хороодог хууль­тай яваад л байсан ?

-Яваад л байсан. 20 жил энэ замаар явахдаа халж чадаагүй. 

-Ерөнхийлөгчийн хийсэн ал­хам шинэ Монголын нэр нүү­рийг дэлхий дахинаа ахин өө­рөөр харах нэгэн том цонхыг нээж өглөө. Энд би хамгийн сүүлд ирсэн нэгэн сайхан мэ­дээг ишлэмээр байна. Тэр бол Далай ламаас ирсэн захидал?

-Ерөнхийлөгчийн олон жил дот­роо бодож явсан, хийхийг хүсч явсан зүйл нь байх. Шийдвэрээ гэнэт гарга­сан. Бараг зарим зөвлөхүүд маань мэдээ ч үгүй байсан. Тийм болохоор их гайхаж, эргэлзэж хүлээж авсан. Үндсэн хуулийн өдрийн маргааш чуул­­ган дээр үг хэлэхдээ л тэр мэ­дэгд­­лээ хийчихсэн. Зөвлөх нь учраас түүний бодлого шийдвэрийн талд л ярьж байна гэх байх. Гэхдээ зүгээр А.Ган­баатар гэдэг хувь хүнийхээ үүд­нээс энэ шийдвэрээр нь үнэхээр ба­хархдаг. Өдөр тутмын бүх ажилд нь хутгалдаж явдаг хүний хувьд гадаад дотоодоос ирж байгаа тэр олон дэмж­лэгүүдийг хараад үнэхээр гай­хамшигтай алхам хийж чадсаныг нь улам илүү мэдэрдэг. Энэ процесс өөрөө асар хүнд. Ийм зарлиг гаргаж бай­сан гадаадын олон Ерөнхийлөгч нарын талаар судлаад үзэхээр ту­хайн улс орны хүн зонд их удаан хү­лээн зөвшөөрөгддөг, тодорхой цаг ху­гацааны дараа үнэлэгддэг шийд­вэр юм билээ. Цааш нь яривал ин­гэснээрээ юу хожсон юм бэ гэсэн асуулт гарч ирэх байх. 

-Ярья л даа. Та наад асуултдаа хариул хариул?

-Нэгдүгээрт, манай улсын гадаад нэр хүнд бол шууд өссөн. Ерөнхий­лөг­чийн болон Монголын гадаад нэр хүнд хоёр чиглэлээр өсч байна. Нэг­дүгээрт, Монголд ардчилсан хувьсга­лыг толгойлж байсан хүн, жинхэнэ демократ хүн Ерөнхийлөгч болжээ гэдэг талаасаа өсч байна. Ялангуяа ард­чилсан орнууд  Ерөнхийлөгчийг дот­но хүлээж авч байгаа. Хоёрду­гаарт, саяны гаргасан шийдвэр нь ахиад Монголын гадаад нэр хүндийг өргөж байгаа. Тогоон дотроо ярихад одоо болтол манайхан амийг амиар гэдэг сэтгэл зүйтэйгээ зууралдсаар л. Шууд алснаар юу хожих юм. Хэрэв гэмт бүлэглэлүүд хүчээр хэрэг то­хоод нэг хүнийг яллуулчихсан бай­вал дараа нь амийг нь яаж цагаатгах юм. Жишээ нь, Ц.Түмэнгэрэлийн хэрэг байна. Тэр хүн өнөөдөр амьд байсан бол тэр ноцтой хэргийн ар талд үлдсэн өдий төдий юм ил болох ч байсан юм билүү.

-Ялын тогтоол гүйцэтгэсэн ч юм билүү, гүйцэтгээгүй ч юм билүү. Сонин, жигтэй мэдээ­лэл чих дэлсэх л юм?

-Тийм. Өөр хэрэг байлаа гэж бодъё л доо. Хэрэв хэн нэгнийг хил­сээр ялласан бол цаг хугацааны да­раа цагаатгах боломж ирж байгаа­гаараа бол маш том ач холбогдолтой шийд­вэр. Бодоод үз л дээ. Элдэв дарамт ша­халт дор хилсээр хэрэг үйлдсэн бол тэрэнд холбогдолтой нөхдийг илч­лэх цаг хугацааны бо­лоод бусад боломжийг олголгүй­гээр шууд л цааз­­лаад байвал юу болох вэ. Нөгөө талаасаа надад нэг өвгөн хэлж бай­сан. Ц.Элбэгдорж Ерөнхий­лөгчийн гар­­гасан энэ шийдвэр өнгөн талаа­саа харахад энэрэнгүй, нигүүл­сэнгүй шийдвэр атлаа яг нухаад бодоод үзэ­хээр бас их харгис хатуу шийдвэр бай­на шүү дээ гэж. Энэ үг надад олон юм бодогдуулсан. Шууд буудаад ал­чихна гэдэг бол үнэн хэрэгтээ нэг л хэ­­рэг. Нөгөө ялтан бол шүдээ зуу­гаад л нас эцэслэж байгаа. Гэтэл тэр гянданд насаараа хориг­доод, хийсэн гэм нүглээ ойлгоод, өөрийгөө яллан тарчилсаар насыг барж байна гэдэг өөрөө аймшигтай том гэсгээл. Хүмүүнлэг талаасаа зөв гэдэг нь Далай ламын ирүүлсэн захидалд маш тодорхой байгаа даа.  Бас Мон­го­лын парламентын гишүүдийг дэм­жинэ гэдэгт итгэж байгаагаа илэр­хийлсэн байсан. Мөн Дэлхийд 1000 гаруй байгуул­ла­гуудыг нэгтгэсэн цаазын эсрэг бай­гууллага гэж байдаг юм байна. Тэр бай­гууллагын хурал сая Швейцарь ул­сад болоод, Ерөнхийлөгчийн өм­нөөс Э.Бат-Үүл гишүүн орол­цоод ирсэн. Ирээд сонинд ярилцлага өгсөн байсан. Тэндээс маш олон юм уншигдаж байна лээ.

ЗӨВ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ АРД ТҮМЭН ӨӨДӨЛДӨГ

-Сая Ерөнхийлөгч эмх замбараагүй тархаж, чен­жүү­дийн гарт сая саяар тоо­логдон арилжигдаж байдаг лиценз тойрсон асуудлууд дээр анхаарлаа хандуул­лаа. Үүгээрээ их олон хүний эрх ашгийн өлмий дээр гишгэсэн. Энэ шийдвэрээ хам­гаалах талаар ямар аж­лууд хийж байна. Эсвэл таны эрх үүрэгт хамаа­ралгүй сэдэв үү?

-Уг нь миний эрх үүрэгт шууд хамааралгүй зүйл. Гэх­дээ Ерөнхийлөгчийн Тамгын газрын багт хамтран ажиллаж байгаа нэг гишүүний хувьд хэлэхэд үүнийг цэгцлэхгүй бол үнэхээр болохоо байчих­сан юм билээ. Ерөнхийлөг­чийн бодлогоо чиглүүлж байгаа нэг том зүйл үндэсний аюулгүй байдал. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж бий. Ерөнхийлөгч энэ бай­гуул­ла­гыг толгойлдог. Энэ үүргийн­хээ үүднээс ялангуяа уул уур­хай тойрсон замбараа­гүй ли­зенз олголтыг цэгцлэх талаар ажиллахаас өөр арга­гүй бай­далд хүрчихсэн юм билээ. Гадаад дотоод хүмүү­сийн гарт ченжүүдийн замаар орчихсон, Монголын газар нутгийг хаа сайгүй ухаж төн­хөх гол хэрэгсэл болсон ли­зенц тойрсон асуудлууд ямар хэмжээнд оччихоод байгааг хүн болгон л ярьж байгаа шүү дээ. Наймаа арилжаа хийгээд дуусахгүй, цааш явсаар үн­дэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд оччихсон учраас Ерөнхийлөгч тэр шийдвэрийг гаргасан.

-Шагнал тойрсон асар их шүүмжлэл өрнөдөг. Ерөн­хийлөгчийн овоо тахихгүй, одон тараахгүй гэж хэлс­нийг зарим хэвлэл сүрхий сануулж байгаа харагддаг. Энэ асуудал хэрхэн цэгцэрч байна?

-Эхлээд би таны хэлсэн нэг үгэнд залруулга хийхийг хүсч байна. Ерөнхийлөгч сонгуулийн үеэр ингэж хэлсэн юм. Би бол уул тахиж чадна. Шагнал өгч чадна. Харин халж чадахгүй байгаа авлигыг устгана гэсэн.

-Өөрөөр хэлбэл, өмнөх Ерөнхийлөгчийн хийгээд байдгийг бол хийж чадна аа. Хийж чадахгүй байгаа энэ зүйлийг л би хийх бол­но гэсэн байна шүү дээ?

-Тийм. Шагналын эргэн тойрон маш их шүүмжлэл өрнөдөг. Энэ үнэн. Шагналын хуулийн төсөл гээд бэлдээд явж байгаа. Бид бүр уралдаан зарласан. Яг яаж шагнах юм. Анхан шатандаа хүнээ яаж шалгаруулах юм. Ямар ямар үзүүлэлтүүдээр тухайн хүний хөдөлмөрийг үнэлэх юм гээд. Гол нь агуулгын талаас нь ши­нэч­лэх гээд байна. Гол нь про­цедурынх нь хувьд шинэчлэх шаардлагатай юм билээ. УИХ-ын судалгааны албан дээр бас том судалгаа хий­сэн. Гадаадын бусад улс орон шагналаа яаж өгдөг юм гээд бүр нарийн судалгаа хийсэн байна. Монголын хувьд хүн ам цөөтэй улс орон болохоор олон шагнал өгөөд байгаа юм шиг харагддаг юм байна. Гэтэл тэр Америк нь, Франц нь манайхаас олон шагналтай байдаг юм байна. Хуучин социалист байсан орнууд бүгд шагналаа өөрчилчихсөн. Шинэчлэл хийсэн байна. Гол нь агуулгаа тодорхой болго­сон. Бид нэлээн сайн концепц боловсруулж гаргахын төлөө ажиллаж байгаа. Иргэний танхим гэж сайхан байгуул­лага байна. Тэнд хэлэлцүүлж байгаад бараг ирэх намрын чуулганаар оруулчих байх.      

-Шагналд хандах ойл­голт гэж бас тусдаа юм байна ?

-Бидний дээд үеийнхэн бол насаараа хөдөлмөр­лө­сөн. Одоо нүд анихаасаа өмнө нэг шагнуулчихвал боллоо доо гэсэн гүн гүнзгий ойлголттой юм билээ. Үр хүүхэд, хамт олон, ах дүүс дот­роо рейтингээ нэг өсгөж аваад, нэг сайхан найр хийж аваад тэгээд болоо гэх маягтай. (инээв) Мань мэтийн үеийнхэн бол тэрүүгээр яах юм. Оронд нь бараг мөнгөө өгсөн нь дээр гэсэн ойлголт­той улс олон шүү дээ. Ширхэг ч шагналаар яадаг юм гэсэн байр суурь хүртэл байдаг.  

-Сэтгүүлчдийн тухайд бол Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж нэлээн сайн мэддэг хүний нэг ?

-Тийм.

-Гэхдээ ойрхон юм шиг хэрнээ хол, нээлттэй юм шиг хэрнээ хаалттай сонин хүн л дээ. Хувийн талаас нь ганц нэг юм сонирхмоор байна. Илтгэх чадвараар бол түүнд бараадах улс­төрч одоогоор алга. Үгэн дээрээ ямар арга барилаар, яаж ажилладаг юм бэ. Гартаа бараг цаас барьдаг­гүй хүн шүү дээ?

-Надад ч гэсэн энэ талын чадвар нь сонин байдаг. Би бол Ерөнхийлөгчтэй бусад журмын нөхөд шиг нь 20 жил хамт явсан хүн биш шүү дээ. 2000 оноос хойш л хол ойр мэднэ. Таны хэлдгээр Ц.Элбэг­дорж гэдэг хүн бол Монголын ард түмэн мэддэг хэрнээ, бас  мэдэхгүй шинэ юм ихтэй ийм л хүн. Манай П.Цагаан зөвлөх Ерөнхий­лөгчийн Тамгын газар байгуу­лагдаж байх үед нэг үг хэлсэн. Зөвлөх гэдэг бол зөвлөх л үү­рэг­тэй хүн. Ямар ч үед хэлэх гэснээ хэлж л байх үүрэгтэй. Ерөнхийлөгч бол биднийг сонсдог. Сонсоод л байдаг. П.Цагаан зөвлөх Ерөнхий­лөгчийг уудаг цаастай зүйр­лэж хэлсэн байхгүй юу. Тэгээд  “Ерөнхийлөгч бол багтаамж агуу. Юу ч хэлсэн бүгдийг нь авна. Чиний хэлсэн мянган үгийг буцаагаад нэг өгүүлбэр болгож л гаргаж ирнэ” гэж. Бид нар бас үгийг нь бэлтгээд бужигнана л даа. Чиглэл чиглэлээрээ л юмаа хийнэ. Гаднын Ерөнхийлөгч нарт бол тусгай үг бэлтгэж өгдөг орон тооны мэргэжилтэн ажилла­даг. Манайд бол байхгүй. Байх­гүй гэдэг нь орон тоо байх­гүй гэсэн үг биш. Ерөн­хийлөгчид хүрэхгүй зовлон байна. Хувь хүний унаган чадвар гэж том хүчин зүйл байдаг юм байна. Бид болох болохоороо бэлтгээд төслөө оруулж өгдөг. Буцаа­гаад өөрийнх нь базаад гаргасан үгийг нь харж байхад бол хоёр хуудас цаас бичсэн үгнээс хоёр өгүүлбэр ч юм уу, хэдэн хуудас үгнээс ганцхан санааг нь ч юм уу л авсан байдаг. Байгалиас авч төрсөн тэр унаган чадвар дээр нь Харвардаас авсан тэр бо­ловсрол нь нэмэгдчихээр дийлдэхгүй юм билээ.

-Олон нийтийн мэ­дээ­ллийн хэрэгслээр бага үзэгдэж байгаа?

-Их ярьдаг гэж шүүмжил­дэг байсан “Хэлнэ гэдэг хий­хийн тал нь” гэдэг  алдартай үг нь ч байна. Ярианы эхэнд ярьсан Ерөнхийлөгч гэдэг албан тушаал өөрөө юм болгон дээр гарч ирж байр сууриа илэрхийлж байдаг, юм болгон руу хутгалдаж байдаг албан тушаал биш юм байна гэдгийг мэдэрсэнтэй нь хол­боотой байх. Зөв л байр суу­рийг олж, зөв дуугарах. Цөөн удаа, жинтэй, гэхдээ нээлттэй байр суурь илэр­хийлсэн нь зөв гэж дүгнээд байгаа

-Ц.Элбэгдорж бол фронт командлагч хүн. Бүг­дийн манлайд туг шиг дэрвэж явдаг. Эрсдэл, сайн, муу хэлүүлэхээс халгаж, араг­шаа сууж, айж яваагүй. Энэ та­лаараа үнэхээр гай­халтай лидер. Улстөрчийн­хөө хувьд өнөөгийн хашиж буй албаа­саа болж хаагдаж, баригдаж, бачимдаж байгаа байдал хэр илэрч байх юм. Улстөрчийн тэр орон зай нь бол онгорхой орхигдсон шүү дээ. Ялангуяа хамтар­сан Засгийн газартай, ба­руун зүүн нь мэдэгдэхээ байсан, хачин нялуун, сэ­жигтэй найрсаг энэ үед ба­чимдах байдал анзаарагдах юм уу?

-Хөшигний ард юу болж бай­гаа бол гэдэг үргэлж сэт­гүүлч­дэд сонин байдаг. Би мэр­гэжлийн хүний хувьд ойл­гож байна. Ерөнхийлөг­чийн хэвлэлийн алба гэж бий. Дээр нь зөвлөхүүд, бусад ажилтан гээд. Бид бүгд одоо тэр хөшигний ард ажиллаж байна. Нэгэнт хөшигний ард ажиллаж байгаа хүмүүс болохоор түүнтэй илүү ойр байдаг. Тэр утгаараа тухайл­бал, баяртай байгаа нь, бас гунигтай байгаа нь бол ха­рагд­даг. Мэдрэгддэг. Өөрийнх нь бодож байснаас огт өөрөөр шийдвэр гараад, юм явчих тохиолдол цөөнгүй гарна. Тийм үед бол Ерөнхий­лөгч дуугүй болчихдог. Тэр дуугүй бололтыг нь би хувьдаа дараа дараагийн алхмуудаа бодоод, тэрийгээ маш олон талаас нь нэрээд суучихдаг юм болов уу гэж хардаг.

-Шинэчлэл хийнэ гэдэг толгой солиод л байхын нэр биш байх л даа. Гэхдээ л нийгэм ийм л юм шаар­даад байдаг. Одоо жишээ нь Улсын Дээд шүүх, Авли­гатай тэмцэх газрын удирд­лагуудыг өөрчлөх ёстой гэсэн хатуу ойлголт ний­гэмд тархчихсан байгаа. Энэ талаар ?

-Ерөнхийлөгч дөрвөн зүйлийг юун түрүүнд барьж авсан. Нэгд, шүүхийн салбар. Энэ салбарыг шинэчлэх­гүй­гээр нийгэмд хургасан энэ олон муу муухай урхаг ари­лахгүй. Тийм учраас энэ рүү шийдэмгий орсон. Дараагийн зүйл нийтийн боловсролд чиглэсэн том ажиллагаа бай­гаа. Ард түмэн мэдээлэл олж авах, тэрийгээ сонгож хэрэг­лэх, тэгснээр авсан мэ­дээл­лээ амьдралдаа ашиглаж су­рах гээд маш чухал олон асуу­дал эмх цэгцгүй байгаа­гаас болж нийгэмд бухимдал үүсдэг. Үүнд зориулсан “Иргэ­ний танхим” гэж байгууллага байгуулсан. Энүүгээрээ иргэ­дийн дутаад байгаа тэр бо­ловс­ролыг өгөх гээд бай­гаа юм. Иргэний танхи­маар хэлцэгдэж байгаа асуудлууд хууль тогтоогч нарт маш хэрэгтэй гарын авлага болж очиж бай­гаа. Нөгөө талаасаа иргэ­дийн орол­цоог маш их татаж бай­гаа. Та өөрөө оролцож байж, таны төлөө шийд­вэр гардаг юм аа гэдгийг тэдэнд ойл­гуулж өгч байгаа хэрэг. Энэ танхим бол Ерөнхий­лөгчийн өөрийнх нь олон жил бодож ирсэн юмных нь нэг чухал амин сүнс нь. Ингэж байж, өөрөөр хэлбэл, Ерөн­хий­лөгч дээр нэмэх нь иргэ­ний орол­цоо гэдэг юм хавсарч байж л тэр хийх гээд байгаа шинэт­гэ­лийнх нь бодлого хэрэгжинэ. Тэгэхээр Ерөнхий­лөгчийг дэмжиж байж, бид өөрс­дөө оролцож байж энэ бүх­нийг хийх юм байна гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Тэгэх­гүйгээр ганц энэ хүн сэлэм эргүүлээд, эсвэл маш ухаан­тай шийдвэ­рүүд гаргас­наараа хийхгүй юм байна гэдгийг мэдрэх чухал байна.

-Та бол салбартаа хү­лээн зөвшөөрөгдсөн хүмүү­сийн нэг. Саарал ордонд УИХ, Засгийн газар, Ерөн­хий­лөгчийн гээд гурван ч хэвлэлийн алба үйл ажил­лагаа явуулж байна. Тэдэн дотроос хамгийн хүчирхэг нь танай баг. Бас амархан басуулахгүй баг гэж хардаг?

-Баярлалаа.

-Амжилт олсон чиглэл тань PR. Энэ ажиллагаа Мон­голд орж ирснээс хойш­хи бүх түүхтэй өөрийн тань нэр холбогдох байх. Харин энэ талын туршлага тань одоогийн эрхэлж буй ажилд хэр хэрэг болж байна вэ. Бас сөргөөр тусах тал нь юу байна?

-Авто тээврийн 85 жилийн ой удахгүй болох гэж байна. Энэ утгаар авч үзэх юм бол PR-ын салбар үүсч хөгжсөний 10 жилийн ой болж байгаа байхгүй юу. (инээв) Анх PR гэ­дэг үг орж ирж байхад манай улстөрчид хүртэл хэлж чад­даггүй байсан. Бид нар “Алтан микрофон” гэж наадам зохион байгуулдаг байсан юм. Тэр үеэр тайзан дээр гарч ирээд нэг улстөрч пээрийн (угаалгын нунтаг) ассоциаци гээд уншиж л байсан байхгүй юу. 2000 оноос хойш л нэр бүхий нөх­дийн хамт л явсан. Ярьвал их юм бий л дээ. Эргээд харахад миний мэдэрч байгаагаар сүүлийн үед гарч ирж байгаа нөхдүүд маань PR-ыг арай өөр хэлбэрээр нутагшуулаад явчихав уу даа. Тухайлбал, ма­­найд хар пиар гэдэг томъёолол гарч ирсэн. Ерөө­сөө л хөшигний ард хүн “алдаг”, “хутга дүрдэг”, хэвлэл мэдээллийнхэнд мөнгө та­раадаг, хүний нэр хүндийг гутаан доромжилдог ажил­лагааг зохион байгуулдаг хэсэг бүлэг хорчин нөхөд бол пиарчид гэж. Энэ ойлголтыг засмаар санагддаг. Уг нь бол PR гэдэг маань ямарваа нэг үзэл санаа, үйл ажиллагааг зөв таниулах, нийгэмд ойлгуу­лах гэсэн л нэг төрлийн үйлчилгээ шүү дээ. Ердөө л сервис шүү дээ. Мэдээж энэ салбарт ажиллаж хуримт­луул­сан туршлага маань на­дад хэрэг болдог. Олон нийт­тэй харилцах, хэвлэл мэдээ­лэлтэй ойлголцох тал дээр үнэхээр суурь дэвсгэр болдог. Нөгөө талаасаа бас зовлон­той шүү дээ. Нэг баг болж ажиллаж байсан нөхөд байна. М.Буянбадрах, Р.Батсайхан, Д.Болдхуяг, Н.Дэмбэрэл гээд. Бүгдээрээ тал талд захиалга аваад ажиллана. Тэгэхээр эд нар хуучин нэг баг болж ажиллаж байсан. Мэдээллээ солилцчих байх ч гэдэг юм уу зарим улстөрч хардаж л байдаг юм. Гэтэл бидний чинь хооронд  мэргэжлийн ёс зүй гэж нэг юм байна шүү дээ. Гар бариад л, амжилт хүсээд л явцгаадаг.

Сэтгүүлч Б.ГАНЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж