Хөлбөмбөгийн шигшээ баг Лаосыг зорино

Хуучирсан мэдээ: 2013.02.19-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн шигшээ баг Лаосыг зорино

Монголын хөлбөмбөгийн шигшээ багийнхан маргааш "Challenge Cup" тэмцээнд оролцохоор Лаосыг зорих гэж байна. Тус тэмцээнд манай шигшээ баг өмнө нь хоёр удаа оролцож байсан ч эхний шатнаас хасагдаж байсан. Харин энэ удаад талбайдаа тоглолгүйгээр шууд Лаост гурван тоглолт хийнэ. "Сhallenge Cup"-ийн урьдчилсан хэсгийн С хэсэгт Монголын хөлбөмбөгийн шигшээ баг талбайн эзэн Лаос болон Шри-Ланка, Афганистаны багтай сугалаа таарсан юм. Эхлээд манайхан гуравдугаар сарын 2-нд Лаостой тоглоно. Үүний дараагаар нэг хоног өнжөөд Афганистантай, дахиад нэг хоног өнжөөд Шри-Ланкатай тоглох юм. "Challenge cup" тэмцээн нь урьдчилсан таван хэсэгтэй. Хэсэг тус бүртээ тэргүүлсэн таван багаас гадна хэсэгтээ хоёрдугаар байр эзэлсэн багуудаас хамгийн өндөр үзүүлэлттэй хоёр баг буюу нийтдээ 7 баг ирэх онд Мальдивт болох "Challenge Cup" тэмцээнд оролцох эрх авах юм. Үүн дээр талбайн эзэн Мальдивын баг нэмэгдэж "Сhallenge cup"-ийн аваргын төлөө найман баг өрсөлдөнө. Энэ тэмцээнд амжилт гаргаж чадвал цаашлаад Азийн цомын тэмцээнд оролцох зам нээгддэг юм.

Шигшээ багийнхны тус тэмцээний өмнөх сүүлчийн бэлтгэлээ эх орондоо базаах мөчид Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч С.Эрдэнэбат нартай уулзаж ярилцсан юм.
 

Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар:

Монголын шигшээ багийгаа хардаж, сэрдэхгүй байгаасай

 
– Та өөрөө хөлбөмбөгч байсан хүний хувьд мөн Хөлбөмбөгийн холбооны удирдлагуудын нэгийн хувьд Лаост болох энэ гурван тоглолтод шигшээ багийнхан хэрхэн тоглоно гэж таамаглаж байна вэ?

– Нэгд, манай шигшээ баг өнгөрсөн жил тэмцээн уралдаанд оролцоогүй тул таамаглал хэлэхэд төвөгтэй тал байна. Хоёрт, манай улсын цаг уур нөхцөл байдлаас шалтгаалан футзалны талбайд л бэлтгэл базаасан. Энэ нь манай баг сөргөөр нөлөөлөх магадлалтай. Энэ жилийн "Challenge Cup" тэмцээн нь бидний хувьд онцлогтой болж байгаа. Урьд нь тус тэмцээнд таарсан багтайгаа харилцан хоёр тоглодог байсан бол одоо Лаост гурван тоглолт хийх болно. Тиймээс тоглолтын тоо нэмэгдсэн сайн тал бий. Шигшээ багийн тоглолтын тоо нэмэгдвэл л бидэнд сайн.

– "Challenge Cup" тэмцээний урьдчилсан хэсгийн энэ тоглолтод манай шигшээ баг ямар амжилт үзүүлэх зорилготой мордож байна вэ?

– Бид хэсэгтээ долоон оноо авах буюу хоёр хожиж, нэг тэнцэж байж хэсгээсээ гарах болно. Ийм л үр дүнд хүрэхийг бид зорьж байгаа.

– Лаост хийх гурван тоглолтоос өмнө шигшээ багийнхан нөхөрсөг тоглолт хийх үү?

– Хийнэ ээ, гурван нөхөрсөг тоглолт нутгийн багийнхантай хийхээр болсон.

-Уучлаарай, Монголын хөлбөмбөгийн шигшээ баг олон улсын хүрээнд тоглохоороо өрсөлдөгчийнхөө талбайд 2:0-ээр хожигдоод, талбайдаа 2:1-ээр ч юмуу хожиж, тэмцээнээс хасагдаад байгаа. Үүнээс зарим хүмүүс урьдчилаад ярьчихсан, тохиролцчихсон тоглолтууд гэж сэрддэг юм билээ. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

– Монгол хүн гэсэн утгаараа монголчууд маань бодож ярьж байгаасай гэж хүсч байна. Шигшээ багийнхан маань ялалт байгуулахыг л хүсдэг. Гэвч санаснаар болохгүй байна. Монголын шигшээ баг тэмцээнд амжилттай оролцохыг л гол болгодог. Хэн нэгний хардалт сэрдэлтээс болж, Монголын шигшээ багтаа итгэх итгэлээ битгий алдаарай л гэж хэлмээр байна. "Challenge Cup"-т урьд нь манай шигшээ баг хоёр тоглохдоо хожигдсон нь иймэрхүү яриа үүсэхэд хүргэсэн болов уу. Миний хувьд Монголын шигшээ багтаа итгэж, дэмжээрэй л гэх байна

– Монголын шигшээ баг жилдээ ганц, хоёрхон тоглолт хийх юм. Нөхөрсөг тоглолт хийх боломж байдаггүй юм уу?

– Манай орны уур амьсгал, хөлбөмбөгийн талбай гол асуудал болдог. Энэ жилдээ хөлбөмбөгийн ногоон талбайгаа шинэчлэхээр төлөвлөн ажиллаж байна. Талбайгаа шинэчилснийхээ дараагаар олон улсын шигшээ багуудыг урьж тоглох боломж гарна.

– Манай ногоон талбайд хөлбөмбөгчид өвдөглөхөд нь шарх болчих гээд байдаг. Манайх зориулалтын зүлгэн талбайтай болох зорилго тавьж байгаа юу?

– Монголд одоогоор хамгийн тохиромжтой талбай бол хиймэл ногоон талбай байгаа юм. Манай орны уур амьсгалын улмаас мөнхийн ногоон зүлэгтэй байх боломж одоогоор алга байна. Гэхдээ ирээдүйд бид хүссэн талбайтайгаа болохын тулд хичээн ажиллана.
 
 
Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч С.Эрдэнэбаттай уулзан ярилцлаа.

Шигшээ багт зургаан хөлбөмбөгчийг шинээр дуудсан

 
– "Сhallenge Cup" тэмцээнд оролцохтой холбогдуулан манай шигшээ баг бэлтгэлээ хэзээнээс эхэлсэн бэ?

– Энэ оны нэгдүгээр сарын 5-наас бэлтгэлээ эхэлсэн. Харин энэ сарын 21-нээс эхлэн тэмцээнд оролцох 20 тамирчин нэгдсэн цугларалтад гарсан. Өнөөдөр цугларалтаас бууж байна. Маргааш өглөө Лаос руу ниснэ. Лаост энэ сарын 21-27-нийг дуустал бэлтгэл хийх хугацаандаа гурван нөхөрсөг тоглолт хийхээр болсон. 28-наас "Сhallenge Cup" тэмцээн албан ёсоор эхлэх юм.

– Шигшээ багт багтсан 20 хөлбөмбөгчийг хэдэн хөлбөмбөгчөөс шалгаруулж авсан бэ?

– 42 тамирчнаас 20 тамирчныг сонгож авсан.

– Шигшээ баг маань хэр шинэчлэгдсэн бэ. Дундаж нас нь хэд байгаа вэ?

– Хуучин шигшээ багт тоглож байсан 14 хөлбөмбөгч, шигшээ багт дуудагдаж байгаагүй зургаан хөлбөмбөгч багтсан. Шигшээ багийн дундаж нас 23.8 буюу нэлээд залуу байгаа.

– Шигшээ багийн бэлтгэл хэр хангагдсан бэ?

– Манай орны уур амьсгалаас шалтгаалан футзалд л бэлтгэл хийсэн. Шигшээ баг цөөн тоглолт хийдэг тул энэ тэмцээнд орохоос өмнө гурван нөхөрсөг тоглолт хийхээр тогтсон.

– Тэмцээний хуваарийг харахад манай шигшээ баг нэг өнжөөд тоглоод байх юм билээ. Хэсгээс 7 оноо авчихвал гарчих магадлалтай гэж ярьж байгаа юм байна. Таны хувьд өмнөө ямар зорилго тавьж байна вэ?

– Мэдээж, амжилт гаргахын тулд л бид энэ тэмцээнд орж байгаа. Гэхдээ бөмбөг бөөрөнхий гэдэг шүү дээ. Тухайн өдөр багуудын сэтгэл зүй, бэлтгэл ямар байхаас их зүйл шалтгаална.

– Лаосын шигшээтэй манайх өмнө нь тоглож 2:1-ээр хожигдож байсан. Үүнээс харахад хожих магадлал бий гэсэн найдлага төрөөд байгаа. Лаостай хийх эхний тоглолт их чухал юмуу гэсэн сэтгэгдэл төрөөд байна?

– Лаосын шигшээ багтай бид 2000 онд Азийн аваргаар тоглож 2:1-ээр хожигдсон. Гэхдээ түүнээс хойш 13 жил өнгөрсөн болохоор хэр хэмжээ нь хэр байгааг нарийн хэлж мэдэхгүй байна. Лаосын шигшээ багийн хувьд жилдээ 10-11 тоглолт хийдэг юм билээ. Мөн Япон хэв загвараар буюу хурдаар голчлон тоглодог тал бий. Бид тэдний тоглолтын бичлэгийг судалж үзсэн. Мөн Афганистан, Шри-Ланкагийн шигшээ багийн бичлэгийг ч судалсан. Хамгийн сүүлд Лаосын шигшээ баг хоёрдугаар сарын 6-нд Хойд Солонгосын шигшээтэй тоглож 1:0-ээр хожигдсон юм билээ. Харин энэ тоглолтын бичлэгийг олж чадаагүй байна. Нутагт нь очвол энэ тоглолтын бичлэгийг олж болох байх гэж бодож байгаа.

– Манай хөлбөмбөгийн шигшээ багийнхан Хийморийн овоон дээр гарсан зураг байсан…

– Миний тоглож байх үед ч гэсэн манай хөлбөмбөгчид тэмцээнд оролцохынхоо өмнө Хийморийн овоон дээр гардаг л даа. Өндөр овоо болохоор нэлээн ачаалал авдаг. Бэлтгэл болоод сэтгэлзүйн бэлтгэлийн хувьд хэрэгтэй зүйл гэж үзсэн юм.

– Шигшээ багт Д.Лхүмбэнгарав ахлагчаар тоглох уу?

– Тийм ээ, Лхүмбээ ахлагчаараа талбайд гарна. Төвийн хамгаалагчийн байрлалдаа тоглоно.
 
 
Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн

 
"Challenge Cup" тэмцээний урьдчилсан хэсгийн тоглолтод оролцох Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн.

Хаалгачид:

Ю.Сайнхүү “Сэлэнгэпресс”            27 нас  1 дугаар
Б.Ариунболд “Эрчим”                     23        21
Б.Батсуурь МУБИС                          21        22

Хамгаалагчид:

Д.Лхүмбэнгарав Улаанбаатар ИС   36        3
Ц.Энхжаргал “Эрчим”                     29        8
Г.Билгүүн “Эрчим”                          22        4
Б.Эрхэмбаяр “Эрчим”                      22       2
Э.Мөнх-Эрдэнэ “Улаанбаатар FC” 17        14
Ц.Дарамбаяр “Хоромхон”                21        16
Б.Гарьдмагнай “Эрчим”                   28        5

Хагас хамгаалагчид:

Н.Цэдэнбал Улаанбаатар ИС          25        19
П.Алтантулга  Улаанбаатар ИС      25        9
О.Баяржаргал “Улаанбаатар FC”    27        17
А.Чинзориг “Улаанбаатар FC”        26        6
Х.Цэнд-Аюуш “Хоромхон”             23        10
Ц.Мөнх-Эрдэнэ “Хасын хүлгүүд” 21        18
М.Төгөлдөр “Эрчим”                        18        13

Довтлогчид:
Ц.Түмэнжаргал Улаанбаатар ИС    22        7
Г.Төгсбаяр “Сэлэнгэпресс”              28        12
Б.Төгсбилэг “Хаан хүнс титэм”      18        15

Дасгалжуулагчид:
Ерөнхий дасгалжуулагч С.Эрдэнэбат
Шигшээ багийн менежер М.Амарбаясгалан
Хаалгачийн дасгалжуулагч Ш.Баянжаргал
 
 "Challenge Cup" тэмцээний урьдчилсан хэсгүүдийг толилуулбал.

А хэсэг:
Мьянмар, Энэтхэг, Тайвань, Гуам
В хэсэг: Киргизстан, Тажикстан, Пакистан, Макао
С хэсэг: Лаос, Афганистан, Шри-Ланка, Монгол
D хэсэг: Непал, Палестин, Бангладеш, Хойд Мариани
E хэсэг: Филиппин, Туркменистан, Камбож, Бруней

Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: www.new.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж