Хуучирсан мэдээ: 2013.02.19-нд нийтлэгдсэн

“Мөрөөдөл”

Мөрөөдөлд хязгаар гэж үгүй
Мөнхийн юм гэж бас үгүй
Богинохон заяатай хүний амьдрал
Боломжоор дандаа хясуулж байдаг юм

Хүрэх гэсэн оргилд итгэлгүйгээр гардаггүй
Хүсэж байгаа зүйлээ зүтгэлгүйгээр авдаггүй
Гайхаж цөхөөд суулгүй зөвхөн өөртөө итгэ
Ганц удаа ч гэсэн мөрөөдөлдөө хүрэх гээд мэрий

Одоо байгаа амьдрал чинь чиний сэтгэлд хүрдэггүй
Онц сайхан биш ч нэг л дутмаг санагдаад
Бурханаас өгсөн амьдрал би ийм л заяатай гэж
Бүх насаараа тэгээд мөрөөдөлгүйгээр явах уу

Үгүй байлгүй дээ Бурхан өршөөг
Үүнийг би бодохыг ч хүсэхгүй
Харин өөдрөгөөр зураглан төсөөлж
Хатуу тавилангаар элээхийг хүснэм

Өөрийн гэсэн үзэл бодолтой
Үзэж туулсандаа сэтгэл хангалуун
Дутаж гэмээ нь хэзээ ч гундахгүй
Дулдуйдаж бас огтхон ч шарвахгүй

Хясаж байгаа зүйлийн эсрэг тэмцсээр би явна
Хүсэж байгаа зүйлээ өөрийн заавал болгоно
Ялагдаж хэрвээ унавал сайн мууг нь тэнцүүлнэ
Ямар ч нөхцөлд ялагдлаа ялалт болгож чадна

Ийм л байвал чиний мөрөөдөл хажууд байгаа
Илүү сайхан амьдрал нартаас яагаад ч олдохгүй
ТЭНГЭР эцэгтээ мөргөж зөвхөн ӨӨРТӨӨ ИТГЭ
Тэвчиж хүлээсэн мөрөөдөлдөө хүрэхийн эхлэл юм шүү

Алив найз минь яамаар байна
Алтан дэлхий мөрөөдлөөр дүүрэн
Авч үзэж шилж сонгооч
Амьдралдаа тэгээд утга төгс төрөөд

Хэцүү цаг үе тулсан үед ч
Хэнээс ч битгий аврал эр
Үнэнийг ганцхан чи өөрөө л олно
Өнгөрүүлсэн бүхэн чинь чамд нотлоод өгнө

Харин одоо юуг мөрөөдвөл хүрдэг
Хад мөргөж зарим нь яагаад нурдаг тухай
Эрэгцүүлэн бодож сайтар тунгаая
Элдэвт тэгээд дурлаж мөрөөдөе

Тунгааж бодоогүй мөрөөдөл бүхэнд
Төвөг удаж саад тохиолддог
Зорилго үгүй зөнгөөрөө явбал
Зовлон болж хад мөргөдөг

Хоосон хонож нүцгэн гүйхгүй
Халагдаж ажилгүй болчихгүй бол яамай
Цалин хүрч байна болноо гээд
Цааш нь хүсэхгүй бол чи мөрөөдөлгүй хүн

Эсвэл чи дэндүү мөрөөдөмтгий ч
Эхэлсэн ч юмгүй хүрсэн ч юмгүй
Юм юманд дэмий л үсчиж
Ер нь яагаад болдоггүйг нь тооцолгүй

Шал худлаа хоосон шаралхаж
Шалдаа буухгүй заавал чадна гээд
Учир утгагүй муйхраар зүтгэвэл
Урд чинь хад таарч нурахаас өөр юм болохгүй

Харин үүний оронд сайтар төлөвлөөд
Хаанаас эхлэж хэзээ дуусгахаа
Ямар ч үед барьц алдахгүй
Яг тооцоолж цагаан баримтлаад

Итгэл төгс ажиллаж эхэлвэл
Илүү үр дүнд чи хүрнэ
Мөрөөдөлтэй хүн гэж түүнийг л хэлнэ гэж
Мөдхөн хүмүүс чамайг хүндлэх болно

Ийм л байна анд найз минь
Итгэх эсэх нь чиний л хэрэг
Ямар ч байсан мөрөөдөлд тэмцэл хэрэгтэй
Яндашгүй их мөрөөдөл хүн бүрт байх ёстой

Ганц зүйл мөрөөдөлд маш их саад болдог
Гайхаж байна уу найз нь хэлээд өгье
Хэтэрхий их ганцаараа явбал чи
Хэзээ ч юунд ч хүрэхгүйг санаж яваарай

 2010.10.01 С.Эрдэнэбаяр
Эх сурвалж: http://ideree2010.blogspot.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж