Зарим нэг хэнээтэй нөхдүүд дөнгөж томилогдсон Засаг даргынхаа талаар элдэв янзын цуу тараадаг бол “өөрийн тал”-ын хүнээ шургуулах гэсэн хэсэг нь нам дотроо хагаралдаж хойгуур урдуур хов хутгаж гүйсээр байгаа нь ажиглагдсаар байна. Хөдөөгийн улс төр энэ жил тун сонирхолтой өрнөж байгаа аж. Учир нь АН ялалт байгуулсан суманд АН-ын нэр дэвшигч, МАН ялсан газар МАН-ын Засаг дарга гарахын тулд ИТХ-ын гишүүдэд тал засч, тэдэнд овоохон мөнгө амлах ёстой гэнэ.
Манай танил АН-аас нэр дэвшсэн гурван нэр дэвшигчийн нэгийг Засаг даргад гаргах амлалт авсан бөгөөд гаргачихвал 20 сая төгрөг авахаар тохиролцоо хийжээ. Харин АН-ын нөгөө хоёр нэр дэвшигч мөн л нэг, нэг хүнд төдий хэмжээний мөнгө амлаж ИТХ-ын гишүүдийн санааг өөрийнх нь талд урвуулах ажил даалгасан аж. 20 сая төгрөгийн сураг дуулсан нөгөөдүүл нь нам дотроо болон Иргэдийн хурлын төлөөлөгчид дунд хувийн пиарыг нь хийх, ахиухан санал авах ажлыг гардан хийж санасандаа хүрсэн ч мөнгөний сураг дуулсан нэг намын бусад гишүүдээс нь ирсэн эсэргүүцэл, боловсролын төвшин, аймгийн Засаг даргын таалалд нийцээгүй учраас унасан гэдэг.
АН-ын гишүүд нь хоорондоо муудалцаж, хэн дуртай нь нэг хүн гаргаж өрсөлдүүлж, гуйлгачин, мөнгөтэй, мөнгөгүйгээрээ дуудалцаж, их мөнгөний асуудал яригдсанаар өнөөх Засаг даргад санаархагчдын амласан мөнгөний асуудал дэгджээ. Намайг гаргачихвал өгнө гэх 20 саяын амлалт ч талаар болж пиар хийх ажилд томилогдсон ИТХ-ын гишүүд нь сумандаа нэр хүндгүй болж эцэст нь бараг л хүчээр шахуу нэг нөхрийг Засаг даргаар томилоод асуудлыг намжаажээ. Хамгийн чухал нь сумын “хурган” даргын төлөө өрсөлдөхөд амлаж байгаа 20 сая төгрөг нь тэдний халааснаас гарах мөнгө биш байгаа нь сонирхол татсан юм.
Өөрөөр хэлбэл, энэ жилээс эхлээд төсвийг захиран зарцуулах эрхийг аймаг, сумын Засаг дарга нарт олгож байгаа. Их мөнгөний үнэр авч, энэ мөнгөөр юм юм хийж болох нь гэдгийг гадарласан нөхдүүд ямар ч хамаагүй үнээр Засаг дарга болж, амархан аргаар хөлжих санаархлаа хэрэгжүүлэхийн тулд иймэрхүү арга сэдсэн нь хөдөө орон нутагт эрчимтэй тархаж, “төсвөөс хэдийг өгөх юм тэгвэл чамайг дэмжээд өгье” гэх бичигдээгүй хууль хэрэгжсээр байгааг олон жишээгээр дурьдаж болохоор байна. “Улсын төсөв захиран зарцуулах эрх надад ирсэн шүү дээ. Сонголтоо хийнэ биз дээ.
Манай намын үүд хаалга нээлттэй шүү” гэх зэргээр наргиан наадмын завсраар нөгөө намын болон нам бус нөхдүүдийг шантаажилж, төсөв захиран зарцуулах эрхийн төлөө үхэн хатан тэмцэлдэж байгаа “хөдөөгийн” улстөрчдийн хөөрхийлөлтэй дүр ирэх дөрвөн жилд их зүйл дуулгана даа. Ёстой л нөгөө хургандаа цадаагүй бол төлгөндөө майлдаг гэгч нь болж байгаа бус уу.
Өөрөөр хэлбэл бүх эрх мэдэл минийх боллоо, надад талтай хандахгүй бол элдэв төсөл хөтөлбөрт хамрагдаж, сумын төсвөөс мөнгө авах эрхгүй шүү гэдгийг ил далд янз бүрийн аргаар хэлээд байгаа хэрэг. Өмнөх жилүүдэд бүх төсвийг улсаас захиран зарцуулдаг байхад олон Засаг ноёдууд хэцүү нэртийн хаалга татаж, ял сонссон.
Идсэн уусан мөнгө нь ч тэрбум даваад алга болсон. Энэ тоо ирэх дөрвөн жилд хэд дахин нэмэгдэж, наашаа харж тал зассан намын нөхдүүддээ засгийн мөнгийг зүгээр шахуу өгч, шагнал, хөшөө, зам харгуй, засвар гэх үргүй зардлын мөнгө хэд дахин нэмэгдэх нь гэдгийг сумыг шинэчлэх үүрэг хүлээсэн хурган дарга нар ажлаа авсан эхний өдрөөсөө харуулж эхэллээ, Н.Алтанхуяг сайд аа.
АН-ын Засаг даргатай бол завшиж Ардын намын гишүүн нь хохирох, Ардын намын даргатай газар Ардчиллынхны хохь болж үлдэх нь гэдгийг хангалттай олон жишээгээр хэлж болохоор байна. Шинэчлэл хийх томхон үүрэг авч, хот руу ирэх ажлаа багасгах амлалт өгсөн дарга нар их мөнгөний үнэр аван улайрч “төсөв миний гарт шүү” гэх үгээр эгэл жирийн ард түмнээ дарамталж байна. Одоо удахгүй багийн Засаг даргыг сонгоно.
Энэ нь мөн л асуудал дэгдээдэг бөгөөд сумын даргын халааснаас хэдэн төгрөг авч бензин хийлгэсэн нөхдүүд хөдөөгүүр явж өөрийнх нь гарын нөхдүүдийг ялалт байгуулахад туслахаар хөлхөлдөж эхэллээ. 20 саяыг өвөртлөх эрхээ авчихсан зарим нь бараг л мөнгө төгрөг гэхгүйгээр зүтгэж байгаа сурагтай.
Баг, сум гэдэг өнгөц харахад жижигхэн статус мэт харагддаг ч иргэдийн эрх ашгийг хамгийн их зөрчиж, намаар нь талцуулж, хэрэлдэж уралцаж, улс төрийн элдэв муу муухай аргыг сэддэг жинхэнэ “хөгийн газар” болчихоод байна. Сая саяар нь амлах сайхан ярьсан дарга нарынхаа учрыг олохгүй бол дөрвөн жилийн дараа авлига, их хэмжээгээр мөнгө идсэн хэрэгт сум багийн дарга нар сүргээрээ орооцолдох нь бололтой.
Эх сурвалж: www.mminfo.mn