Европоор аялуулах уран зургийн үзэсгэлэн

Хуучирсан мэдээ: 2013.02.19-нд нийтлэгдсэн

Европоор аялуулах уран зургийн үзэсгэлэн

Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач Ц.Нарангэрэл энэ сарын 21-нд “976” арт галерейд “Европоор аялсан нь” уран зургийн бие даасан үзэсгэлэнгээ дэлгэх гэж байна.

Тэрээр 2011 онд Итали, Франц, Герман, Австри, Швейцарь зэрэг Европын улсаар аялах явцдаа бүтээсэн 20 гаруй зургийг дэлгэх аж. Зураач маань өмнө нь уг аяллын бусад бүтээлээ “Европын тэмдэглэлүүд” үзэсгэлэнд зураач Ц.Энхжаргал, Ш.Чимэддорж, Л.Ганболд нарын хамт гаргаж байсан ч энэ удаад “Европоор аялсан нь”-д өмнөх үзэсгэлэнд дэлгээгүй, ховор бүтээлүүдийг тавьж буйгаараа онцлог юм байна.

Зураач Ц.Нарангэрэл шинэ үзэсгэлэнгийнхээ талаар “Европын хотын байгалийн зургууд, ялангуяа Венецийн төрх энэ үзэсгэлэнгийн зургуудад зонхилсон. Уран бүтээлчид аялах, үзсэн харснаа зурах дуртай. Тэр дундаа урлагийн төв болсон Венецийг өөрийн өнцөг, арга барилаар дүрслэх нь олон зураачийн мөрөөдөл биз ээ. Байгалийг зурна гэдэг хуулбарлахтай адилгүй. Тухайн байгаль, юмс үзэгдлийн төрүүлсэн мэдрэмж, сэтгэгдлийг буулгана гэсэн үг. Тэр зураг нь үзэгчдэд харах яруу найраг, хөгжим болж хүрдэг юм” хэмээн ярьсан юм.

Тэрээр 1971-1975 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг ардын зураач Л.Гаваагийн удирдлаганд төгсжээ. Л.Гаваа агсан байгалийн зураач байсан нь түүнд мөн энэ чиглэлээр бүтээл туурвихад чухал нөлөө үзүүлсэн гэдэг. Тэрээр 1980-1986 онд Чехийн Прага дахь Урлаг, архитектур, дизайны академийг (UMPRUM) төгсөн 1991 оноос хойш Дүрслэх урлагийн дээд сургуулийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаа юм.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж