Японы цагдаа Асашёорюүгаас мэдүүлэг авчээ

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Японы цагдаа Асашёорюүгаас мэдүүлэг авчээ


Энэ талаар японы мэдээллийн агентлагууд дараах мэдээллийг дамжуулж байна: Монголд төрсөн сумогийн их аварга Асашёорюү зодог тайлахынхаа өмнө энэ оны нэгдүгээр сард согтуурсан үедээ зодоон хийсэн хэрэг өдүүлсэн. Японы нийслэлийн цагдаагийн газар тавдугаар сарын дундуур одоо 29 настай Долгорсүрэнгийн Дагвадоржоос мэдүүлэг авсан бөгөөд нэгдүгээр сарын дундуур 39 настай хуучин танил эрэгтэй хүнээ машин дотор зодсон хэргийн талаар тодруулсан байна. Ёкозуна цагдаад “Машин дотор байхад гар маань тэр хүнд хүрсэн байж магадгүй” гэж мэдүүлсэн талаар Японы агентлагууд өгүүлж байна.
Хэрэгт холбоотой хоёр хүн нь хоорондоо тохиролцсон бөгөөд зодуулсан гэж буй хүн нь цагдаад албан ёсоор гомдол гаргаагүй тул энэ хэргийг прокурорын байгууллага руу шилжүүлэх эсэхээ Японы цагдаагийн газар хянуур авч үзэж байгаа бололтой. Асашёорюү болсон явдлыг эсэргүүцэж байсан ч энэ оны хоёрдугаар сарын 4-нд зодог тайлсан бөгөөд тэгэхдээ “олон удаа хүндрэл үүсгэж байсан”-даа уучлал хүсч байна гэж хэлсэн. Энэ хэрэг нийгэмд их үр дагавартай байж болзошгүй тул цагдаагийн газар их аваргаас дахин байцаалт авахаар шийдсэн бололтой гэж хэвлэлийнхэн таамаглаж байна. Асашёорюү хохирогчийг согтуугаар зодож хамрыг нь хугалж гэмтээсэн гэж нэгдүгээр сард Японы долоо хоног тутмын хэвлэлүүд мэдээлж байсан юм.

Цагдаагийн газар тухайн хүнийг цагдаагийн “Azabu” хэлтэс дээр дуудаж, хоёрдугаар сарын 9-нд мэдүүлэг авахад тэрбээр нэгдүгээр сарын 16-нд Токио хотын Роппонги дүүргийн шөнийн цэнгээний газрын урд талбай дээр Асашёорюү асуудал үүсгэсэн гэж ярьсан. Дараа нь Асашёорюүтай хамт машинд суугаад нэг км орчим явсныхаа дараа машинаас буусан бөгөөд тэнд замын хөдөлгөөн зохицуулж байсан цагдаад ёкозунад зодуулчихлаа гэж анх мэдэгджээ.

Хэрвээ ёкозуна болсон явдлын талаар уучлал гуйх юм бол хохирогч цагдаад гомдол гаргах бодолгүй байгаа гэж цагдаад хэлсэн бөгөөд тэр үед согтуу байгаа  нь ойлгомжтой байсан тул цагдаагийн ажилтан тэр дор нь Асашёорюүгаас мэдүүлэг аваагүй гэнэ. Нэгдүгээр сарын 25-нд Асашёорюүд зодуулсан хүн цагдаагийн газар ирж, их аварга болсон явдалд уучлал гуйхгүй байгаа хэмээн мэдүүлсэн бөгөөд түүнд учирсан гэмтэл эдгэтэл нэг сарын хугацаа шаардлагатай гэсэн эмнэлгийн дүгнэлт үзүүлсэн байна.

Цагдаагийн газар хоёрдугаар сард хохирогчоос мэдүүлэг авахад тэрбээр Асашёорюү машин дотор өөрийг нь зодсон, гэхдээ Асашёорюүг “уучилж”  байгаа бөгөөд хохирлоо барагдуулах тухай албан бичиг их аваргад өгсөн гэжээ.

Асашёорюү энэ оны нэгдүгээр сард Японы эзэн хааны цомыг 25 дахь удаагаа авсан бөгөөд бүх цаг үеийн гуравдахь шилдэг сумоч хэмээн нэр нь бичигдэж байгаа билээ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж