“Zayash” студийн захирал, кино урлагийнхан дунд Даваахай хэмээн авгайлуулдаг энэ эрхэм “Сарны гөлөг” кино зохиолоо өөрөө бичин найруулжээ. Тэрээр дэлгэцнээ удаан хараагүй хошин урлагийн мастеруудыг энэ бүтээлдээ цуглуулсан нь олны анхаарлыг татан хүлээлт үүсгээд байсан юм. Тас тас инээсэн жүжигчин Аяа өнөөх л цоглог хэвээрээ хартай ч халамжтай эхнэрийн дүрийг бүтээсэн бол хүлээцтэй хөгжилтэй гэнэн түүний нөхрийн дүрийг жүжигчин Ё.Алтангэрэл амилуулжээ.
Харин “Шинэ үе”-ийн жүжигчин Б.Отгонтуяа буюу адтай Отгоо амаржин уран бүтээлээсээ түр завсарлаад байсан ч энэ бүтээлд амжаад бие давхар тоглосон гээд үзэх зүйл ихтэй сайхан бүтээл болжээ. Жүжигчин Б.Баатархүү, Гавьяат жүжигчин Ц.Цэнд-Аюуш, жүжигчин Н.Отгонтогос, Д.Бямбацогт, Д.Цовоо, Б.Дэмидбаатар, Д.Ганхуяг, О.Оюун гээд час хийсэн туслах дүрүүдтэй энгийн гэр бүлд өрнөсөн, шинэ зочноос үүдэлтэй хөгжилтэй явдлыг та “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо” кино театрт тухлан үзээрэй.
Киноны гол дүрийн эзэн жүжигчин Аяа буюу Ш.Алтанцэцэгтэй цөөн хором ярилцлаа.
-Дэлгэцийн шинэ дүрээр эргэж уулзах болсондоо маш их баяртай байна. Хэдэн жилийн дараа дэлгэцнээ эргэн тоглов оо?
-Баярлалаа, би дэлгэцийн бүтээлд тоглоогүй 12 жил болжээ. Хэсэг завсарласны дараа эргэн тоглож байгаа анхны уран бүтээл маань болж байна. Кино, жүжиг бол хамтын уран бүтээл байдаг. Энэ хамтын уран бүтээлд их цаг хугацаа хүч хөдөлмөр, хүнээс маш их авьяас, ухаан, тэвчээр шаарддаг. Өнөөдөр энэ бүхний ард гараад шинийн наймны бэлэгт сайн өдөр киноныхоо нээлтийг хийх гэж байгаадаа баяртай байна.
-Ямар багтай хамтран ажиллав?
-ТВ Караоке хөтөлдөг Ё.Алтангэрэл бол чадалтай сайн уран бүтээлч түүнтэй хамтран гол дүрд тоглолоо. Продюсероор нь “Хэцүү анги” киноны Сүнжид багшид тоглосон Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Сарантуяа, ерөнхий найруулагчаар нь “Помогите нам 1, 2, 3”-ыг хийсэн мөн монголын хамгийн анхны түүхэн олон ангит цуврал “Улаан эрэг” кино, “Рашаантын 18” гээд олон киног амжилттай хийсэн найруулагч, оператор Даваахай ажилласан байгаа.
-Олон жилийн дараа дэлгэцийн бүтээлд эргэн тоглоход тань танд хэн хамгийн их нөлөөлсөн бол?
-Найруулагч Даваахай. Түүний кинонд тоглоно гэдэг бол хамгийн гол чухал зүйл байсан л даа. Тэр бол мундаг, чадалтай, мэдрэмжтэй, авьяастай найруулагч. Түүний кинонд тоглоно гэдэг бол миний хувьд нэр төрийн хэрэг, аз завшаан байгаа юм.
-Найман жил уран бүтээлээ түр завсарлан “Мөрөөдлийн таетр”-ын залуустай тайзны бүтээлээрээ үзэгчидтэй эргэн уулзсан шүү дээ. Таны дараагийн уран бүтээлийн төлөвлөгөө?
-Ирэх гуравдугаар сард “Мөрөөдлийн театр”-ын залуус маань шинэ инээдмийн жүжиг тайзнаа тавих гэж байгаа. Түүнд хамтран тоглоно. Дараа нь дэлгэцийн бүтээл рүү орно. Одоогоор хоёр ч киноны санал ирсэн байгаа. Юу ч гэсэн зохиолыг нь эцсийн байдлаар гараад ирэхээр нь уншаад таалагдвал тоглоно доо.
-Тэгвэл таныг байнга тайз, дэлгэцээр харах нь ээ?
-Одоо бол завсаргүй харна. News.mn сайтыг энэ мөчид уншиж байгаа бүх хүмүүст үргэлжийн цэнгэл, баяраар дүүрэн, инээд хөөрөөр бялхаж, цалгиж явахын ерөөл дэвшүүлье ээ.
“Сарны гөлөг” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Ё.Алтангэрэлтэй уулзлаа.
-Шинэ бүтээлээ өлгийдөн авах гэж байгаад тань баяр хүргэе!
-Би өмнө нь найруулагч Даваахайгийн “Улаан эрэг” телевизийн цуврал бүтээлд хамтран ажиллаж дүр бүтээж байсан. Энэ удаад шинэ киногоо өлгийдөн авах гэж байна.
-Кино багт дэлгэцнээ ховор харагдах бослон хошин урлагийн мастерууд нэг дор чуулжээ?
-Тийм шүү. Гар, сэтгэл нийлсэн мэргэжлийн сайн багийнхан байсан болохоор хамтарч ажиллахдаа би маш их баяртай байсан. Сайн багийн хүчинд уран бүтээл мэндэллээ. Ямар уран бүтээл болсоныг хамтдаа үзэхээр догдолж байна даа.
-Таныг “ТВ Караоке” нэвтрүүлэггүйгээр төсөөлөхийн аргагүй байх аа. Яагаад түр завсарлав?
-“ТВ Караоке” нэвтрүүлэг үргэлжлилнэ. Гадаадад суугаа монголчууд болон орон нутгийн үзэгчдээс олон захиалга ирж байгаа. Уран бүтээлүүдийнхээ цаг завыг хооронд нь зохицуулаад явахыг бодож байна даа.
Гол дүрийн жүжигчин, “Шинэ үе”-ийн Б.Отгонтуяа буюу Отгоотой уулзлаа.
-Юуны өмнө уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Би Аяа эгч, Алтангэрэл ах хоёртойгоо хамтран охиных нь дүрд тоглосон.
-Хөл хүнд бүсгүйн дүрийг бүтээсэн байсан. Яг тэр үед та хоёр дахь хүүхдээ өлгийдөн авахаар хөл хүнд байсан шүү дээ?
-Ерөнхийдөө жүжигчид дэлгэцийн бүтээлд “оригоороо” жирэмсэн дүр бүтээж байгаагүй байх аа. Би жирэмсэн төрөх дөхчихсөн байхдаа кинондоо тоглосон. Тэгээд кино зураг авалтаас арваад хоногийн дараа төрж, охинтой болсон.
-Жирэмсэн байхдаа дүр бүтээх хэр бэрхшээлтэй байв?
-Найруулагч маань намайг жирэмсэн төрөх дөхчихсөн байсан болохоор цаг заваар минь, аль болох ядраахгүй, ачаалал өгөхгүй зураг авалтуудаа хийсэн. Би чинь урлагийн хүн, тайзнаа найман сар гартлаа хамтлагтайгаа тоглож байсан болохоор тэр бүр хүндрэл гараагүй. Харьцангүй өөрөө жирэмсэн дүр учраас нууж биш түүнийгээ илүү гаргаж тоглосон учраас амар байсан.
-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна. Хамтлагтайгаа хэзээ тайзнаа тоглох вэ?
-Манай хамтлаг энэ сард тоглолтгүй байгаа. Ирэх гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 10 хүртэл “Шинэ үе”-ийн шилдэг хөтөлбөрүүдээрээ тоглолтоо хийхээр бэлтгэж байгаа.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.