Ж.Солонгод эрүүгийн хэрэг үүсгээгүй байгаа гэв

Хуучирсан мэдээ: 2013.02.18-нд нийтлэгдсэн

Ж.Солонгод эрүүгийн хэрэг үүсгээгүй байгаа гэв

“Монгол кино” нэгтгэлийн эзэмшил газрыг барилгын компаниудтай хуйвалдан наймаалцсан мөн тус үйлдвэрийн санхүүжилтын мөнгийг хувьдаа завшсан хэрэгт сэжиглэн захирал Ж.Солонгыг Авлигатай тэмцэх газарт шалгаж байгаа. Гэтэл сар шинийн дараахан Ж.Солонгыг нэр бүхий дөрвөн хүнд Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан /МУСТА/ цол тэмдгийг хуурамчаар өгөхийг завдсан гэх яриа олны анхаарлыг татаад байна. “Монгол кино үйлдвэр”-ийн захирал Ж.Солонгын гардуулахаар зэхсэн цолны үнэмлэхийг хэвлэсэн цаас, сайдын гарын үсэг, бичиглэл зэрэг нь хуурамч” болохыг яамны мэргэжилтнүүд тогтоожээ. 

Энэ хэргийн талаар Авлигатай тэмцэх газрын албаны эх сурвалжаас тодруулахад “Ямартай ч манайд ирүүлсэн мэдээллийн дагуу “Монгол кино үйлдвэр”-ийн Ж.Солонгыг шалгаж байгаа. Одоохондоо баримтыг шалгаж байгаа, шаардлагатай гэж үзвэл эүүгийн хэрэг үүсгэн шалгах болно. МУСТА цол хуурамчаар олгох гэж байсан эсэхийг мэдээлэх боломжгүй” гэв.

Ж.Солонгыг АТГ-т шалгуулахаар хүсэлт гаргасан эх сурвалжууд “Түүнийг “Монгол кино үйлдвэр”-ийн хашаанд боссон орон сууцнаас 10 байр авахаар “Зүмбэр орд”, “Юнизм” гэх хоёр компанитай нууцаар гэрээ байгуулсан, кино үйлдвэрийн газрыг барилгын компаниудад зарсанаас гадна улсын санхүүжилтээр хийгддэг "Түүхийн хүрд" баримтат киноны мөнгөнөөс хувьдаа завшдаг, Япон улсад болсон кино өдөрлөгийн үеэр Монголоос оролцсон 10 киноны 69400 ам.долларыг өөрийн дансанд хийсэн” хэрэгт сэжиглэн шалгуулж байгаа гэж мэдэгдээд байгаа юм.  

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж