МСБХ-ны удирдлагууд шинэчлэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.02.18-нд нийтлэгдсэн

МСБХ-ны удирдлагууд шинэчлэгджээ

ФИБА буюу олон улсын сагсан бөмбөгийн холбооны албан ёсны гишүүн МСБХ энэ сарын эхээр “Монголын хүүхдийн ордон”-ы бага танхимд чуулганаа хуралдуулжээ. Монгол улсын өнцөг булан бүрээс 21 аймгийн салбар зөвлөлийн төлөөлөл, ахмад тамирчид, багш дасгалжуулагч, шигшээ багийн тоглогчид болоод багийн эзэд, шүүгчид, спорт хороодын төлөөлөл зэрэг 150 орчим хүн хамрагдсан нь олон жил ажиглагдаагүй том цар хүрээ байлаа. Чуулганы үеэр хөндөгдсөн гол сэдэв 1994 оноос эхлэн тасралтгүй зохион байгуулагдсан дээд лигийн тэмцээн энэ жил цуцлагдсантай холбогджээ. Үүнээс үүдэн холбооны нэр хүнд ганхаж эхэлснийг ч төлөөлөгчид онцолж байсан юм. Тиймээс цаашид хуучин бүтэц, зохион байгуулалтаараа үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй гэдэг дээр олонх санал нэгдэж, бүтэц бүрэлдэхүүнээ шинэчилсэн байна.

МСБХ-г 2005 оноос хойш найман жил тэргүүлсэн УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргил холбооны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа сангийн дэд сайд асан Ч.Ганхуягт шилжүүлэн өгсөн байна. Харин ерөнхий нарийн бичгийн даргаар тус холбооны маркетингийн албаны дарга Б.Оргилыг чуулганы төлөөлөгчид санал нэгтэйгээр сонгожээ.

Удирдах зөвлөл:

Ц.Шаравжамц (МУГТ)

М.Отгонбаяр (ОУХМ)

П.Ганбат (Сагсан бөмбөгиийн спортын мастер)

Ж.Чинзориг (“Миллхаус” компанийн Гүйцэтгэх захирал)

А.Амундра (“Монгол Масс Медиа” Группийн Гүйцэтгэх захирал)

З.Бат-Итгэл (“АйКонцепт” ХХК-ний Гүйцэтгэх Захирал)

Төгөлдөр (“Говь Гео” ХХК-ний Гүйцэтгэх захирал)

А.Мөнхбат (Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч)

С.Болорсайхан (“Витафит” компанийн Ерөнхий Захирал)

Н.Номтойбаяр (УИХ-ын гишүүн)

Б.Батпүрэв (Сагсан бөмбөгиийн спортын мастер) нар удирдах зөвлөлийн гишүүдээр сонгогдсон байна.

Бүтэц бүрэлдэхүүнээ өөрчилсөн МСБХ-ны хамгийн эхний ажил гэвэл хуваарийн дагуу өсвөрийн сагсчдын дунд зохион байгуулагддаг хүүхдийн лигийн тэмцээн ирэх 7 хоногт нээлтээ хийх юм байна. Энэ жилийн хүүхдийн лиг нэлээд онцлог болно. МСБХ, “Хасын хүлэгүүд” спорт клубтэй хамтран АНУ-аас “Athletes in action” клубын өсвөрийн тоглогчдыг багш дасгалжуулагчдынх нь хамтаар эх орондоо урьжээ. Холбооны урилгыг найрсагаар хүлээн авсан  “Athletes in action” клуб 25 хүний бүрэлдэхүүнтэйгээр манай улсад ирэх гэнэ. Айлчлалын үеэр 2 орны өсвөрийн тамирчид хамтарсан бэлтгэлд гарах, хүүхдийн лигийн багуудтай нөхөрсөг тоглолт хийх, Америк дасгалжуулагч нараас туршлага судлах  зэрэг олон таатай боломж нээгдэж юм байна.

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж