ИТХ-ын хуралдаан яагаад тав дахиа хуралдав?

Хуучирсан мэдээ: 2013.02.18-нд нийтлэгдсэн

ИТХ-ын хуралдаан яагаад тав дахиа хуралдав?

Дундговь аймгаас манай сайтад ирүүлсэн мэдээллийг хүргэж байна.

Дундговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид энэ сарын 14-ний өдөр хуралдаж аймгийн ИТХ-ын ээлжит биш хуралдааныг энэ сарын 15-ны өдөр хуралдуулахаар товлон зарлав. Хуралдаан яагаад тав дахиа хуралдав? Энэ бол олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж байгаа асуудал. Аймгийн ИТХ МАН 19, АН 15, МАХН 1 суудлаар бүрдсэн боловч АН-ын нэг суудал дээр нөхөн сонгууль явагдаагүй байгаа юм. Анхдугаар хуралдаан эхлээд МАН-аас сонгогдсон гишүүд дангаар оролцож Засаг даргад С.Сүхбаатарыг дэвшүүлснээр өндөрлөсөн. Энэ үед МАН-ын 19 гишүүний дөрвийнх нь бүрэн эрхийг зөвшөөрүүлэх тухай Сонгуулийн хороо ИТХ-д өргөн бариагүй, түдгэлзүүлсэн байсан тул хүчин төгөлдөр биш гэж үзсэн. Яагаад гэвэл ирц 50+1 хувьдаа хүрээгүй. Хоёр дахь хуралдаанаас Ц.Мөнгөнцоожийг МАН-аас дэвшүүлсэн боловч хоёр хүн өрсөлдөж байхад саналыг илээр хураасан, нөгөө талаар санал хураалтад АН-ын бүлгийн төлөөлөгчид оролцоогүй шалтгаанаар буцсан. Гурав дахь хуралдаанаас МАН-аас С.Сүхбаатар, АН-аас С.Од-Эрдэнэ нар нэр дэвшсэн ч санал 16:16-гаар тэнцсэнээр хуралдаан өндөрлөсөн.

Дөрөв дэх хуралдаан нэлээн хэд хоногийн дараа болж С.Сүхбаатар, С.Од-Эрдэнэ нар дахин 17:17 саналаар тэнцсэн. Харин маргааш нь дахин  санал хураахад С.Сүхбаатар нэг саналаар илүүрхэн Ерөнхий сайдад өргөн баригдсан ч  хуулийн хугацаанд батламжлагдаагүй өнөөг хүрсэн.  Шалтгаан нь нэр дэвшсэн С.Сүхбаатар АТГ болон цагдаагийн байгууллагад шалгагдан эрүү үүсгэгдээд байгаатай холбоотой болов уу. Харин энэ хуралдааны дараа МАН-ын хорооны тэргүүлэгч, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч С.Дэжид, С.Мэндсайхан нар МАН-аас гарч АН-д элссэнээр ИТХ дахь хүчний харьцаа 17:16:1 болсон юм.

 Мөн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхи С.Сүхбаатарыг Засаг даргаар батламжлахыг эсэргүүцсэн бичиг Засгийн газарт илгээсэн төдийгүй, ИТХ-ыг дахин хуралдуулахыг хүссэн шаардлагыг ИТХ-ыг тэргүүлэгчдэд хүргүүлсэн юм байна. Энэ шаардлагын дагуу ИТХ-ын тэргүүлэгчид 2-р сарын 8-ны өдөр хуралдсан ч ИТХ-ын хуралдааныг товлон зарласангүй. Харин 2-р сарын 14 хүртэл Засаг дарга батламжлагдаж чадаагүй тохиолдолд ИТХ-ын хуралдааныг товлон зарлахаар тохиролцон бичиг үйлдэж 11 тэргүүлэгчийн 10-нь /Нэг нь зурна, гэхдээ маргааш болъё гэсэн/  гарын үсэг зурж битүүмжлэн лацдаж ИТХ-ын ажлын албанд хадгалуулж энэ тухай ямар ч мэдээлэл гадагш гаргахгүйгээр тохирчээ.

Ингээд 14-ний өдөр ИТХ-ын тэргүүлэгчид зарласан ёсоор хуралдсан ч МАН-ын гишүүн зарим тэргүүлэгч бичгээр үйлдсэн тохиролцооноос буцаж хуралдаанд оролцсонгүй. Гэлээ ч тэргүүлэгчдийн олонхи ирж ирц хүчин төгөлдөр болсон тул хуралдааныг товлон зарласан юм. Аймгийн ИТХ-ын хуралдааныг ийнхүү 15-ны шөнө хийж Засаг даргад дахин нэр дэвшүүлэв.

МАН-ын суудал дахь олонхи төлөөлөгч бичгээр үйлдсэн тохиролцооноос буцаж хуралдаанд оролцоогүй ч ирц хангалттай гэж үзсэн тул хуралдааныг үргэлжлүүлж АН-ын дарга Сандагийн Од-Эрдэнийг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэн батламжлуулахаар Монгол улсын Ерөнхий сайдад өргөн барьсан байна. 

МАН-ын суудал дахь дөрвөн төлөөлөгчийн  сонгуулийн хууль зөрчөөгүй тухай Дундговь аймгийн шүүхийн тогтоолыг нийслэлийн шүүхээс түдгэлзүүлсэн тухай баримтыг энэ үеэр дэлгэсэн нь ИТХ дахь хүчний харьцаанд маргаан үүсгэсэн байна. Харин аймгийн МАН ИТХ-ын хуралдааны  дээрх шийдвэрийг хууль бус гэж үзэн мэдэгдэл хийв.

Одоо Монгол улсын Ерөнхий сайдын шийдвэр яаж гарахаас шалтгаалан үйл явдал өрнөх юм.

С.ПҮРЭВСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж