Энэ талаар бид “МАН-ыг шинэчлэх эв нэгдлийн хороо”-ны гишүүн Д.Загджаваас тодруулахад тэрээр “Намын дарга Ө.Энхтүвшинтэй өнөөдөр уулзаж уриалгынхаа хариуг авсан. Намын даргын зүгээс “Хоёр намын эв нэгдлийг хангахад татгалзах шалтгаан алга. Гол нь дан ганц МАН-аас хамаарах асуудал биш учраас МАХН-ын удирдлага, мөн гишүүдтэй ярилцаж уриалгаа хүргүүлэх ёстой. МАХН-ын зүгээс хүлээн зөвшөөрвөл МАН-ын төвшинд татгалзах шалтгаан байхгүй” гэж хариу өгсөн. Ер нь ч Ө.Энхтүвшин дарга хоёр намаа эв зүйтэй байлгах зорилгоор нэлээд ажлыг хийж байгаа. Тийм учраас “МАН-ыг шинэчлэх эв нэгдлийн хорооны гишүүд бид өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харьяа Хорих 401 дүгээр ангид очиж, Н.Энхбаяр даргад уриалгаа хүргүүлсэн. Уриалгад эв нэгдлээ хангая. Салсан хоёр намын эв нэгдлийн хурлыг хийе. Үүний өмнө хоёр намаас хамтарсан ажлын хэсэг байгуулъя” гэсэн байгаа. Тодорхой хугацааны дараа бидэнд хариуг өгөх болов уу” гэлээ.
Д.Загджав: Н.Энхбаяр даргад уриалгаа өнөөдөр хүргүүллээ
МАН-ын гишүүд болох УИХ-ын гишүүн асан Д.Загджав, Р.Раш, Бага хурлын гишүүн Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, н.Батсайхан нар сар шинийн өмнөхөн “МАН-ыг шинэчлэх эв нэгдлийн хороо”-г байгуулснаа зарласан билээ. Эдгээр гишүүд МАН-ыг шинэчлэх хүрээнд МАХН-тай нэгдэх ёстой гэсэн саналыг мөн дэвшүүлж намынхаа удирдлагад уриалга хүргүүлсэн. Харин өнөөдөр уриалгынхаа хариуг авчээ.
Г.ДАРЬ