
Энэ үеэр МоАХ-ны Улс төрийн илтгэлд ард түмны амжиргааны түвшин туйлын дор байгааг цохон тэмдэглээд, цаашид социалист хуваарилалтын зарчим ноцтой гажуудсаны улмаас бий болсон нийгмийн баялагийн шударга бус хуваарилалтын тогтолцоог үндсээр нь халж өөрчилснөөр цалин хөлсийг эрс нэмж болох тухай дурьдсан байна. МоАХ-ны Анхдугаар Их хуралд 16 аймаг, 3 хотын МоАХ-ны салбар зөвлөлийг төлөөлсөн 611 төлөөлөгч болон 200 гаруй зочин оролцож, дуу хоолойгоо хүргэж байжээ. Мөн энэ үеэр жуулчны дүрээр гадаадын 30 орчим сурвалжлагч хүрэлцэн ирж, тус Их хурлыг сурвалжилсан юм. МоАХ-ны гишүүд, дэмжигчдийн хүчтэй шаардлагаар Их хурлын ажиллагааг радио, телевизээр орон даяар дамжуулжээ. Энэ үеэр ордны гадна цугласан МоАХ-ны олон мянган дэмжигчид тус шаардлагаа эрх баригчдад хүргэх гэж төв замын хөдөлгөөнийг хэсэг хугацаанд хааж байсан байна. Тиймээс энэ өдрөөс эхлэн Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр МоАХ-ны үйл ажиллагааны талаар илт худал хуурмаг мэдээлэл цацах нь багасч албан ёсоор сурвалжлан нэвтрүүлдэг болжээ. Анхдугаар Их хурлаар МоАХ нь албан ёсоор хуурьчлан баталгаажуулсан, улс төрийн хүчин гэдгээ илтгэн харуулсан юм.