Сэтгүүлч Д.Мягмарсүрэн нэгэн суутан “Хувьсгалыг УХААНТНУУД санаачлан, ЗОРИГТНУУД гүйцэтгэж, харин үр өгөөжийг нь БЭРТЭГЧИНГҮҮД хүртдэг” гэсэн нь юутай үнэн! гэж саяхан бичсэн байдаг.
1917 онд Орос оронд ажилчин тариачдыг дэмжигч большвекууд төр барих болж Хятадын хувьсгал дотоодын самуунаар үргэлжилж байв. 1911оны эрх чөлөөний төлөө тэмцэгч УХААНТНУУД, ЗОРИГТНУУД бараг бүгд учир битүүлгээр нас барсан тухайд “..засагт хантан (Содномравдан)-г хорлон алаад залуу бөгөөд баатар сүрт Түшээт хан (Дашням)-ыг бас тэр мэтээр хорлосон… лам Цэрэнчимэд (Дотоод явдлын яамны сайд) басхүү тэр хулгайчдын гарт цаг бусаар үхэв. Бас …Дайчин ван (Гадаад явдлын яамны сайд Ханддорж) бас ухваргүй банди нар, эрлийз нар архиар согтоож алсныг хэн ч үл мэдэх газаргүй. … Түшээт ван (Сангийн сайд Чагдаржав), Бинт ван (Гончигсүрэн) Далай ван (Цэргийн яамны сайд Гомбосүрэн), жич сахалт лам, эдгээр цөм хорлогдсон. Манай Богд Чингис хааны язгуур үндэсний үр, маш ариун тунгалаг оюунт Сайн ноён (Намнансүрэн)-г хорлосон нь даанч өнгөргүй” гэж тухайн үедээ бичиж байв.
1918 оны зунаас Монголын угсаатан ноёдын дунд Монголын автономитийг устгахыг дэмжигсэд- БЭРТЭГЧИНГҮҮД толгойгоо өндийлгөж эхлэв, ялангуяа тэрхүү санаа бодол Ерөнхий сайд Г.Намнансүрэнг нас барсаны дараагаар хүчтэй болсон тухай А.А.Орлов мөн мэдээлж байсан аж. Октябрийн хувьсгалаас айх ихэс дээдэс, Монгол дахь засаглалын хямралыг овжноор ашиглахыг хичээсэн Чен И 1919 оны зунаас эрх баригчидаас автономит засгаа өөрсдөө гуйн устгах бичиг гаргаж өгөхийг шаардах болжээ. Автономит засгаа өөрсдөө гуйн устгах бичиг боловсруулахад Чен И, Бадамдорж, Б.Цэрэндорж нарын голчлон 50 гаруй зүйл бүхий гэрээ бичгийг анхлан зохиожээ.
“Автономит засгийн газрыг устган Дундад засгийн газраа нэгтгэх захируулахыг эрж мэдүүлэх бичиг” гэгчийг Гадаад хэргийн сайд хичээнгүй гүн Цэрэндоржоос илтгэсэн тухайд дээд хурлын олон ван, гүнгүүдээс их л зөвшөөрмөөр байсан нь… Гагцхуү энэ хэргийг доорд хурлаас нэлээд эсэргүүцэж их төлөвийн байдлыг дараа боловсрон зөвлөлдөж мэдүүлэхээс бус энэ удаа ашиг хорыг шүүмжилж гүйцэх үгүй хэмээн хэлэлцэж тархсан ажгуу.
Дээрхи мэдүүлэх бичигт Ерөнхий сайд лам Бадамдоржийн холбоотнууд болох Сангийн яамны сайд лам Лувсанбалдан, да лам Пунцагдорж, чин ван лам Дашдэндэв болон Гадаадын хэргийг яамны сайд Б.Цэрэндорж, Цэргийн хэргийг яамны сайд чин ван Жамьяндорж, , Шүүх таслах хэргийг яамны сайд Сэцэн хан Навааннэрэн болон тэдгээрийг дагасан Сэцэн ханы голдуу ноёд болон эфү ван, бэйсүүд буюу гарын үсэг зуржээ. Бичигт Богд хаан мутрын тамгаа дарсангүй. Да Жунтангаас БЭРТЭГЧИНГҮҮД ын хэргэм, цалин пүнлүүг нэмжээ. ”… ерөнхий сайд чин ван Бадамдоржийг чин вангийн хэргэм давхар пүнлүү шагнаж жил бүр авбаас зохих дөрвөн мянган лан, Сэцэн хан Навааннэрэнд ханы давхар пүнлүү жил бүр авбаас зохих таван мянган лан, Дархан чин ван Пунцагцэрэн, дайчин жонон ван Цогбадрах, Далай Чойнхор, чин ван Цэдэнсоном, чин зоригт чин ван лам Дашдэндэв нарт чин вангийн давхар пүнлүү жил бүр авбаас зохих дөрвөөд мянган лан шагнах…”.
Богд хааны зарлигаар Бээжинд очсон Жалханз хутагт Дамдинбазар 1919 оны 10 дугаар сарын 26-нд ДИУ-ын ерөнхийлөгчтэй нүүр тулан уулзаж, "…хутагтын санаа автономит эрхээ хэвээр хадгалж болмуй" гэсэн үг зөвшөөрлийг авсан ч түүнийг нутаг буцаж амжаагүй байхад Хүрээнд үйл явдал нэн түргэнээр өрнөжээ. Энэ завсар ДИУ-ын явган цэргийг хөнгөн зэвсэгтэйгээр, автомашинаар тээвэрлэн Монголд оруулсанаас Монголын нийслэлд 4000 орчим хүнтэй хятад цэргийн холимог бригад бий болж, Улиастай, Ховд, Хиагт зэрэг чухал боомт газруудад хятад цэрэг нэмэн ирсээр арав шахам мянган цэрэг ирсэн мэдээ буй. Даварсан Сю генерал монголын цэргийг тарааж, зэр зэвсгийг хураав.
Дахиад л Монголыг дахин мандуулах зорилго бүхий УХААНТНУУД, ЗОРИГТНУУД гарч ирж…эсэргүүцлийн бүлгүүдийн дотроос Хүрээний бүлэг хэрхэн үүссэн тухай Д.Догсом, М.Дугаржав нар дэлгэрэнгүй өгүүлсэн бол Консулын бүлгийн талаар Х.Чойбалсан нарын зохиолд, Ноёдын бүлгийн талаар Н.Магсаржав бичиж үлдээжээ. Хатанбаатар Магсаржав нь Жалханз хутагт Дамдинбазар, Дилов хутагт Жамсранжав, Дуйнхорын да лам Пунцагдорж, Манлайбаатар Дамдинсүрэн, гүн Гомбоидшин зэрэг хүмүүстэй журмын холбоо байгуулж, жич нууц зэвсэг бэлтгэж буй хэмээсэн байдаг.
1920 оны зунаас буюу Богдын зарлигаар Халхын 4 аймгийн ноёд Хүрээнд хуралдан засгийн эрхийг эргүүлэн авахаар ярилцсаны дараагаар бэйс Лувсанжамц, Дарь эх лам Чойжинжанцан, Сэцэн ван Гүрсоронзонгомбосүрэн, Эрдэнэ ван Намсрай, бэйс Иш-Очир нарын хүмүүс нэмэгдсэнээр Богдын ойр хүрээллийнхэн ба С.Магсаржав нарын хэсэг нэгдэн улс төрийн нэгэн том бүлэглэл болсон гэж үзүүштэй. Энэхүү бүлэглэлд:
А.Ноёдын гэх:
Шадар сайд, Сэцэн ван Гүрсоронзонгомбосүрэн( Түшээт ханы)
Шадар сайд, Жонон ван Цогбадрах( автономитыг устгах гарын үсэг зурсан)
Эрдэнэ шанзудба жүн ван лам Дашжав
Бэйл лам Лувсанбалдан( автономитыг устгахад гарын үсэг зурсан)
Эрдэнэ ван Намсрай
Гүнгийн зэрэг да лам Гомбосүрэн
Гүн Цэдэнбалжир
Түшмэл Маньбазар
Гүн Лувсанжанцан
Дилав хутагт Жамсранжав
Баатар ван Магсаржав [Хатанбаатар]
Бэйс удирдагч Буян-Очир
Жанжин бэйс Сономдорж
Сайн ноён хан аймгийн төлөөлөгч гүн Ламжав
Баатар ван Наваан-Юндэн
Түүний ах Ойдов
Түшээ гүн Магсаржав
Гүн Жамъян
Гүн Гомбо-Идшин
Б.Өвөрмонголын болон монголын тэмцэгчид
Манлай ван Дамдинсүрэн
Гун Бавуудорж
Гүн Жигмид [Жигмэддорж]
Гүн түшмэл Базаррагчаа
Гүн түшмэл Тогтох
Гүн түшмэл Иш-Очир
Түрэмгий баатар гүн Баяр
Тэргүүн зэрэг тайж Цэвээн
В.Цэргийнхэн
Тэргүүн зэрэг зайсан Дугаржав [Магсаржавын]
Шадар цэргийн захирал тэргүүн зэрэг Дэндэв [Өлзийбаярын]
Орчуулах түшмэл зайсан Гүрсэд
Түшээт хан аймгийн хороо цэргийн захирал түшмэл Даш
Сэцэн хан аймгийн хороо цэргийн захирал занги Тогтох
Хужирбулангийн цэргийн захирал мэйрэн Галсан
С.Лам, бичээч түшмэд
Засагт хан аймгийн төлөөлөгч засаг лам Далхжав
Их шавийн зайсан лам Сүрэн
Бичээч Ээндэн
Бичээч Дамдинсүрэн
Түшээ ван Лхамсүрэнгийн хошууны мэйрэн Дорж
Цорж лам Лосол 1
Сургагч бичээч Бодоо 2
Зайсан Чойбалсан 3
Залан Догсом 4
Түрээсний түшмэл Данзан 5
Цэргийн сургагч түшмэл Баатар [Сүхбаатар ] 6
Гэлэн Шагдаржав [Чагдаржав] 7
Пунцаг
Их шавь зайсан Алтангэрэл
Их шавь хэнгэрэгч Цэнд
Д.Буриадууд
Хужирбулангийн цэргийн хэлмэрч буриад Юмтаров
Гадаад яамны орчуулах түшмэл буриад Балсанов
Банк сангийн хэлмэрч буриад Аюуш [Балыков]
Консулын хэлмэрч Хандаков (5.1-3) нар орж байсан гэсэн судалгааг доктор С.Ичинноров хийсэн байдаг. Дээрхи шинэ мэдээллээс харахад
-тухайн цаг үед дээдэс, ноёдын “а.УХААНТНУУД-бүлэг” эрх чөлөөний хөдөлгөөний гол бодлогыг гартаа байлгаж түшмэдийн “с.ЗОРИГТНУУД-бүлгээр” дамжуулан оросын хувьсгалчидтай харилцаж байсан байж болох нь харагддаг. Жишээ нь: Улаан оросын эрх баригчтай монголын феодал, ноёд харилцах нь тохиромжгүй нь тодорхой. Иймд дээрхи хүмүүсээс ардын төлөөлөгч Данзан, Чойбалсан, Бодоо, Шагдар, Сүхбаатар, Лосол, Догсом нарын долоон хүн хувьсгалын хэргээр Орос улсад тусламж эрэхээр одсон нь эрх баригчид Оросын шинэ Засгийн газар ард гаралтайг нь дэмжихийг тооцсон хэрэг. 1921оны хувьсгалын УХААНТНУУД, ЗОРИГТНУУД бараг бүгд алуулсан даа.
Сүүлийн үед Д.Сүхбаатар жанжныг тусгайлан авч үзэж олон ургальч үзлээр бичих болжээ. Жишээ нь: “Сүхбаатар Чойбалсан нар тууштай эх орончид мөн боловч. … Монголд улаан хувьсгал хийж коммунизм байгуулж, хаант засгийг халж, хөрөнгөтнийг устгаж, “Дорно дахинд хувьсгалын түймэр тавьж”, суртлыг дэлгэрүүлэх гэсэн хорон муухай санаа агуулж байгаагүй. Тэр бол Богд хааны хайртай шавь нь байсан. Орж ирсэн орос улаан цэргүүд дээрэм тонуул хийгээд байхаар нь тэднийг хөөсөн хэрэгт орж хамаг албан тушаалаасаа хусагдсан. Магадгүй түүнийг хорлосон ч байж болох…. Хорин хэдхэн настай энэ залуу эх орон ард түмэндээ мөнхийн гавъяа байгуулсан. Би түүнийг ихэд хүндэтгэдэг” гэж Баабар бичсэн бол “Сүхбаатар, Данзан, Бодоо гэсэн гурван нөхрөөр би юу өгүүлэх гэв ээ? …Сүхбаатар руу чиглүүлсэн их тахин шүтлэгийг задалж, нөгөө хоёр руугаа чиглүүлээсэй гэсэндээ бичиж байна. … Данзан, Бодоо нар Монголын тусгаар тогтнолыг сэргээсэн, Монголын хувьсгалын жолоодогчид, харин Сүхбаатар бол тэдний сүүдэрт цэрэг командалж явсан цэргийн нэг дарга” гэж нөгөө нэг судлаач үзжээ.
Гэтэл мэрэгжлийн түүхч Н.Хишигт өнгөрсөн онд шинэ баяжуулсан мэдээллээр бичсэн номондоо хувьсгалын хамгийн хүнд дайн, байлдааны үед Д.Сүхбаатар улс төрд голлож байсныг түүхэн баримтуудаар харуулсан байна лээ. Энэ мэтчилэн түүхээ үнэхээр шинэчлэе гэж байгаа бол 1921 оны хувьсгалыг хийсэн хүмүүсийг дахин “бүхэлд” нь авч үзэх шаардлага байна. Аль 1920 оод оны түүхийг ялангуяа Жанжин Д.Сүхбаатарын тухай ингэж бичиж байгаатай 1990 оны ардчилсан хөдөлгөөний анхны зохицуулагч Дарь.Сүхбаатарыг найз нөхөд нь өнөөдөр чухам юу гэж бичиж байгааг харьцуулж харах нь сонирхолтой юм.
Анхны АРДЧИЛСАН цуглааны тухай дурдатгалуудаас:
М.С.Горбачевын “Өөрчлөн байгуулалт, шинэ сэтгэлгээ” 1980 оны дундуур эхэлснээр. нийгмийн амьдралын бүх хүрээг шинэтгэх үзэл санааны хүрээнд “ил тод байдал”, “аж ахуйн тооцоонд бүрэн шилжих- техник технологийн шинэчлэл”, “хүний эрх чөлөөг эрхэмлэх гэхдээ хуулийг хатуу сахин биелүүлэх”, олон улсын харилцаанд “цөмийн дайн хүн төрөлхтөнийг устгах хэмжээнд хүрлээ, хязгаарлая” гэсэн зорилт санаачлагыг өрнүүлж байлаа. Хятадад Дэн Сяо пины эдийн засгийн шинэчлэл үргэлжилж байв. Монгол улсад ЗХУКН-ын санаачлагаар “удирдагч-дарангуйлагч” Ю.Цэдэнбал өөрчлөгдөж, нийгмийн сэтгэхүйн хувьд өөрчлөлт явагдаж, үндэсний үзэл сэргэн Чингис хааныг ярьж эхэлж байсан ч өөрчлөлт шинэчлэл удаан байлаа.
НАХЯ хүчтэй хэвээр байж бүгдийг хянаж шинэчлэлд ихээхэн саад болсоор байсан нь тухайн үеийн сэхээтнүүдын дурдатгалаас харагддаг. Жишээ нь өөрчлөлт шинэчлэлийг их яривал НАХЯ дуудаж уулздаг байжээ. НАХЯ бүгдийг хянаж байсан нь ардчилсан холбоо байгуулагдсан өдрөө Д.Энхбаатарын санаачлан ардчилсан холбооны анхны 15 тэргүүлэгчээс дөрөв нь (С.Амарсанаагийнхаар гурван хүний нэг), Дарь.Сүхбаатарынхаар “найм” нь “мэдээлэгч” байсныг өөрсдөөр нь хүлээлгэсэн байдаг.
Партизан С.Амарсанаагийн дурдатгалд: “…Ц.Элбэгдорж цуглааныг нээж Монголын Ардчилсан Холбоо байгуулагдсаныг мэдэгдлээ. Дараа нь би улс төрийн 13 шаардлага бүхий өргөн барих бичгээ уншиж, МоАХ эдгээр улс төрийн шаардлагаараа Монгол оронд Ардчилсан хувьсгал эхлүүлж байгааг тунхаглан зарлав. Дараа нь Азбаяр, Энхээ, Энхтүвшин, Базаррагчаа, Равдан нар тохирсон ёсоороо бэлдсэн үгээ хэлэв. …С.Зориг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, С.Амарсанаа, Б.Энхтүвшин, Б.Нинж, Ц.Энхтүвшин, Б.Билигт, С.Эрдэнэ, Дарь.Сүхбаатар, Д.Дорлигжав, Б.Галсандорж, Б.Жаргалсайхан… гээд олон анхдагчид ардчиллыг дэмжигч мянга мянган хүмүүсийг тэмцэлд уриалж чадсан” гээд Д.Энхбаатар, В.Энхболд, Баасан лам, Г.Бошигт нарыг тэр хэсэгтээ дурдаагүй байдаг.
С.Амарсанаа анхны цуглаанд Ч.Энхээгийн гүйцэтгэсэн үүргийг тодруулаагүй ч Дарь.Сүхбаатарын ардчилсан холбоо байгуулах талаар хэрхэн санаачлагатай ажилласныг дурдахдаа: 1989 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Дарь.Сүхбаатар хүчлэн байж Элбэгдорж, Амарсанаа хоёрыг уулзуулж 10 нд цуглаан хийх болон шинэ байгууллагаа Монголын Ардчилсан Залуучуудын холбоо гэж нэрлэхээ хүртэл шийдсэнийг дурджээ. Мөн Дарь. Сүхбаатар санаачлан тэргүүлэгчидээр тангараг өргүүлж байсан, “Шинэ толь” сонины нэрийг өгсөн гэжээ. Цуглаанд нүдэн барагцаагаар бол З00 гаруй хүн цуглаанд оролцохоор иржээ.” гэжээ
Ардчилалын анхны цуглааны зөвшөөрлийг биечлэн авч зохион байгуулалцаж байсан Ч.Энхээ номондоо: “Дарь.Сүхбаатарыг энэхүү цуглааныг зохион байгуулах хүртэл ардчилсан холбоог байгуулахад үйлст биечлэн тэмцэгч, МоАХ-ны “сонгогдсон анхны удирдагч” байсан гэжээ. Гэхдээ анхны цуглааны дараагаас Зориг, Бошигт, Нинж, Энхтүвшин нар онол, мэдлэгээрээ тодорч, ялангуяа Зориг аажимдаа тэргүүлэх үүрэгтэй болж түүнийг Элбэгдорж, Бат үүл нар хүрээлж байв” гэжээ. Мөн анх байгууллага байгуулахдаа Дарь.Сүхбаатарын зүтгэснээр Базаррагчаа, Элбэгдорж, Ч.Энхээ нар Намсрай даргатай биечлэн уулзаж ам зөвшөөрөл авснаар хэрэг явдал шулуудсан, Цуглааны дараа олон хүн холбоог дэмжих болж, Нарантуяа, Цэгмид, Нямсүрэн, Жумдаан зэрэг уран бүтээлчид гол зорилгоо биелүүлсэн гэж үзээд улс төрөөс хөндийрсөн, өөрөө Каспаровын мэдэгдэлтэй холбоотой СОТ-ын ажил хаягсадыг дэмжсэнээс болж Зоригийн шийдвэрээр холбооноосоо хөөгдсөн зэрэг нарийн ширийн баримтуудыг бичжээ.
Ажил үүргийн дагуу цуглааныг сонирхсон хурандаа Ж.Хүрэлжанцан “… цүглаан дээр С.Амарсанаа -МоАХ байгуулагдсан тухай, Дарь.Сүхбаатар-Өөрчлөн байгуулалтын тухай, Д.Энхбаатар -Хүний эрхийн тухай, Базаррагчаа -Хэвлэлийн эрх чөлөөний тухай, Азбаяр-Ажилчин ангийн тухай, Ч.Энхээ- Хүнд суртлын тухай тус тус үг хэлж цуглаан даруухан, цөөхөн оролцогчтой болж өнгөрсөн гээд харин маргааш нь гол зохион байгуулагчид болох С.Зориг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Б.Энхтүвшин, Ц.Энхтүвшин, Б.Нинж, Баасан лам, Б.Билигт, Г.Бошигт, Б.Галсандорж, Дарь.Сүхбаатар, Д.Энхбаатар, В.Энхболд, Ч.Энхээ нар “тогтоогдсон” (бодвол НАХЯ-ны мэдээлэл байх) гэсэн ч С.Амарсанаа, Д.Дорлигжав, Б.Жаргалсайхан нарыг оруулаагүй байдаг.
Партизан Тодын Оюунчимэг “…1989 оны арванхоёрдугаар сарын 9-ны өдөр МХЗЭ Дугуй зааланд хэсэг уран бүтээлчид хуралдан Монголын Ардчилсан холбоо гэж нэрлэхээр тогтож, анхны Ерөнхий зохицуулах зөвлөлийн 15 гишүүнийг сонгов.” гээд анхны цуглааны нээлтэн дээр зогсож байсан тэргүүлэгч нараас Дарь, Сүхбаатарыг нэрлээгүй байдаг. Нийт 200 аад хүн оролцсон санагддаг” гэжээ.
МоАХ дараагийн дарга агсан С. Билэгсайхан …ардчилалын үйлсэд С.Зоригийн үүргийг голлож бичсэн нь тэрбээр эхний цуглааныг мэдэлгүй өнгөрөөсөнд байсан буй заа.
Гадаадынхан хүртэл ардчилалын түүх бичиж, бас ч шүүмжлүүлж байна.
Түүхч Россаби “Монголын элит гэр бvлд 1962 онд тєрсєн, сvvлд “ардчиллын алтан шаазгай” гэгдэж ардчилсан хєдєлгєєний ганц удирдагч гэдэг нь нийтээр зєвшєєрєгдсєн С.Зориг олон талаараа энэ бvлгийн хэв шинжтэй хvн байв. Сурвалжлагч Ц.Элбэгдорж, С.Амарсанаа, судлаач Бат-vvл нар ардчилсан хєдєлгєєн байгуулагдсаныг тунхаглахад олон тvмэн хєєрєн догдолж байв. Г.Бошигт (сvvлд улс тєрийн хєдєлгєєний алдарт тэргvvн болсон), Д.Дорлигжав, Д.Энхбаатар нар удалгvй бас нэрд гарсан билээ.” Гэхдээ тэрбээр бас л ард гаралтай Дарь.Сүхбаатарыг дурдсангүй.
Тэрбээр цааш нь ” Зах зээлийн фундаменталист vзэлтнvvдийн тухайд Ганболд, Энхсайхан, Элбэгдорж, Р.Амаржаргал нар байв. Гэтэл нєгєє бvлэг болох ардчилсан шинэчлэгчдийн голлох дээд удирдагчид нь ихэвчлэн хуучин элитvvдийн хvvхдvvд байсан бєгєєд гол тєлєв тун єндєр боловсролтой космополитанчууд байв. Зориг, Оюун, Хулан, Минжин, Эрдэнэбилэг нарын эцэг эх, ойрын тєрєл тєрєгсєд нь коммунизмын vед улс тєр, гадаад харилцаа, боловсролын салбарт нєлєє бvхий хvмvvс байлаа.” гэсэн байдаг.
Энэхүү номыг шүүмжлэх шалтгаан Баабарт нилээдгүй байсан бололтой. Россаби ардчилсан хувьсгалын анхдагчидыг “елит” хэмээн (УИХ гишүүн асан Хулангийн нөлөө орсон болов уу) өвөрмөцөөр гаргаж тавьсан нь Баабарын түүнийг шүүмжлэх нэг шалтгаан болсон байдаг. “Россаби…хэрэв сэхээтнийг элит гэж шинээр нэрлэж байгаа бол ерээд оны Монголд сэхээтний маш том арми байсан… . Цуглаан зохион байгуулагчдын дунд Зориг, Цогтсайхан, Энхтєвшин гээд дундач сэхээтэн гаралтай нь ч, Сосорбарам, Элбэгдорж гээд ард малчин гаралтай нь ч байсан” гэх мэтээр нилээд шүүмжлэхдээ мөн л Дарь.Сүхбаатарыг дурдахаа мартжээ.
Ер нь өнөөдөр анхны гол цуглаан хүртэлх дурсамжаа өөрсдөө ингэж янз бүрээр бичиж байгаа юм чинь хойч үед янз бүрийн түүхчид энэ талаар бичихдээ яах нь ойлгомжтой. Баабар түүхийг өөр өнцгөөс өөрийн дураар бичих дуртай бөгөөд Д.Сүхбаатарыг “мөрийтэй тоглогч”, Бодоог “бандилагч” гэсэнтэй нь адилаар хэн нэг түүхч шар сонины баримтаар өөрийг нь ирээдүйд юу ч гэж бичиж магадгүйг Россабигаас олж харсан байх аа. Цуглаанаас хойшхи ардчилалын түүх улам ээдрээтэй болдог бөгөөд хүн бүрийн байр суурь цаг үеээр өөрчлөгдөж ирсэн байдаг.
Товчхондоо манай шинэхэн хувьсгалын УХААНТНУУД нь Горбачев, В.Радченко, Ц.Намсрай, Санжаасүрэн-Зориг, Даваадорж-Ганболд, Эрдэнэ-Бат үүл, Солидарность-Баабар,Гончигдорж, Д.Нинж, Г.Бошигт, П.Нэргүй нар. ЗОРИГТНУУД нь Дарь.Сүхбаатар, Ц.Элбэгдорж, С.Амарсанаа, Ч.Энхээ, С.Цогтсайхан, Д.Энхбаатар зэрэг соёл урлагийн партизанууд бололтой. БЭРТЭГЧИНГҮҮД нь улс төрөөр ашиг хонжоо олох гэсэн эх орноо ч (1919 онд болсон шиг) худалдаж ч магадгүй нэг бүлэг байна. Дараагийнх нь өөрийн мэдлэг, чадвараар дэвшихгүйгээ мэдрээд тодорхой улс төрчийг сонгуулийн үеэр дэмжиж, албан тушаалын дэнчин тависан хүмүүс юм. Дээр нь улс төрчидын ах дүүс, хамаатан садан, амраг бүсгүйчүүд буюу яг өнөөдөр хэвлэлээр бичигдээд байгаа шиг хүмүүс орох ажээ. Эд бүгд дийлэнхдээ ардчилалын үнэт зүйлсийг ерөөс ойлгоогүй, мэдлэг, чадвар багаасаа болж улс төржиж, шударгаар ажилсагдаа гадуурхдаг нь жам ёсны хэрэг. Эдгээр нөхөд төрийн албанд орсноор шударга ёс алдагдаж, авилгал гаардаг нь тодорхой болжээ. Уг нь иргэдээ яаж улс төржсөнөөр нь биш хөгжил, шинэтгэлийн төлөө юу хийсэн, юу хийж чадах вэ гэдгээр нь үнэлэх ёстой. Ийм нам л хүчтэй-ирээдүйтэй байна.
Эцэст нь түүхээ үнэн, сургамжтай байлгана гэвэл судлах хүрээгээ өргөжүүлэх ялангуяа 1921 оны “ноёдын бүлэг”, 1990 оны “ухаантнуудаа” ч мартахгүй бичнэ гэсэн хэрэг бололтой. Хувьсгалын хүндийг нь үүрсэн “зоригтнуудаа” ч гадуурхах хэрэггүй л болов уу? Төрийн албыг хэрхэн боловсронгуй болнох вэ гэдэг асуудал дараагийн сонгуулын гол түлхүүр стратеги гэдгийг ч ойлгох нь илүүдэхгүй буй за.
2013-02-16