Өрөө төлсөн эсэхийг нь нягтлах хэрэгтэй байна

Хуучирсан мэдээ: 2013.02.18-нд нийтлэгдсэн

Өрөө төлсөн эсэхийг нь нягтлах хэрэгтэй байна

Монголчуудын амьдрал дэгжиж дээшлэх үү, уруудаж доройтох уу гэдгийг тодорхойлох хамгийн том хүчин зүйл нь бензин шатахууны үнэ.

Нефтийн үйлдвэргүй, хэрэгцээт шатахууныхаа 90 гаруй хувийг ганцхан хойд хөршөөс авдаг хараат учраас ах нарын аяыг харж амьдардаг. Гэтэл хамгийн сонирхолтой нь манайд хар алтны нөөц бага биш. Одоо тогтоогдсон нөөцөөр дор хаяж хагас зуун жил хэрэгцээгээ хангах боломжтой гэнэ. Араб, Америк, Орос, Хятадын хаана ч хүрэхгүй ч огт юу ч үгүй улсын хувьд үйлдвэр байгуулаад нефтиэ нэрээд байхад хэрэгцээнийхээ тодорхой хувийг өлхөн даачихаар гэдэг юм. Бүр тодорхой хэлбэл манай улс 1,6 тэрбум тонн газрын тосны нөөцтэй. Энэ нь газрын тос олборлогч 100 гаруй орноос 33 дугаарт жагсахад хангалттай үзүүлэлт.

Одоогоор манай улсад 11 компани газрын тосны хайгуул хийж байгаагаас Тамсагийн сав газарт 119,2 сая тонн түүхий тосны нөөцтэйг  тогтоосон гэдэг. Тэр ч бүү хэл хоёр гурван жилийн өмнө манайх газрын тос олборлогч орон гэдгээ дэлхий нийтэд зарлаж байсан. Гэвч энэ олборлолтыг монголчууд биш гадныхан тэр дундаа хятадууд л хийж байна. Байгаа нефтиэ боловсруулаад бензинээ өөрсдөө үйлдвэрлэе гэдэг саналыг үндэсний компаниуд нэг биш удаа гаргадаг. Харамсалтай нь тийм боломжийг төр засаг нь олгодоггүй юм. “Хэт”, “Сүмбэр ойл” компаниуд л гэхэд дэлхийн дэвшилтэт технологи ашиглан 100 тонн түүхий нефть боловсруулахад 90 хувийг нь шатахуун болох боломжтой хэмээсэн судалгаа гаргаад үйлдвэр байгуулах зөвшөөрөл хүссэн ч хад мөргөсөн. Үүнээс өмнө Налайхад байгуулахаар шав тавьсан газрын тосны үйлдвэрийг цэвэр усны нөөцөд харшилна хэмээгээд ажлыг нь зогсоож орхисон. Дорноговийн Сайншандад  Цагаан элсний болон Их, бага тариачийн газрын тосны ай савыг түшиглэн шатахуун үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл боловсруулсан ч дэмжээгүй. Мөн  Тамсагийн Тосон уулын XIX талбайн 180 сая тонн газрын тосны нөөцийг түшиглэн, жилд 120 мянган тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар ярьсан зэргээр энэ салбарт үндэсний компаниуд ажиллах сонирхол бас чадвар чадамж аль аль нь бий. Гэвч үе үеийн төр засаг газрын тосны үйлдвэр байгуулах тухай саналыг өнгөн дээрээ дэмжиж, ажлыг нь урагшлуулахын төлөө чармайж буй царай үзүүлэвч цаанаа яаж буцааж бултуулах аргаа хайж суудаг гэхэд хилсдэхгүй. Тэд үндэсний компаниудын биш гадны, тэр дундаа Хятадын компанийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаж, тэдний хэлсний дагуу хөдөлж, гарын аясаар нь ганхаж суудаг. Тухайлбал, Дорнодын Матад суманд үйл ажиллагаа явуулж буй “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн хятад эздийн нөлөө энэ салбарт тун их гэдэг юм.

Энэ компани 2005 онд бүртгэгдэж үйл ажиллагаагаа эхэлсэн гэдэг ч үүсэл гарал нь 1996 онд байгуулагдсан “Соко Тамсаг Монгол инк” компаниас эхтэй юм билээ. Монгол Улстай бүтээгдэхүүн хуваах гэрээний эрхийг “Өмч шилжүүлэх гэрээ”-гээр 2005 оны дөрөвдүгээр сард толгой компани болох Англи улсын групп СОКО Интернэшнл ХК-иас БНХАУ-ын “Дачин Ойл Фийлд” ХХК-д шилжүүлсэн байдаг. Улмаар тус компани Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2009 оны тушаалаар олгосон 56 тоот Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн  дагуу Дорнод аймгийн Тамсагийн сав газар /Тосон уул-XIX, Тамсаг-XXI, Буйр-XXII талбай/-т газрын тосны олборлолт явуулдаг.

“Петро Чайна Дачин Тамсаг”-тай холбоотой байгаль орчин сүйтгэсэн, ард иргэдийг нь дорд үзсэн, Монголын хуулийг уландаа гишгэсэн гэхчилэн сайнаасаа саар мэдээлэл их. Гэвч ийм мэдээлэл бүрийг их дээрээс их хүчтэй гар тас дарж байдаг гэдэг юм. Ганцхан жишээ дуулгая. Одоогоос жил гаруйн өмнө “Петро Чайна Дачин Тамсаг” компанид Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газраас шалтгалт хийжээ. Тэд тус компанийн 2007-2010 оны татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан байна. Шалгалтаар ноцтой зөрчил олон илэрч, хэдэн тэрбумаар тоологдох төгрөгийн торгууль ногдуулсан гэдэг. Гэтэл энэ тухай элдэв мэдээлэл гадагш гаргахгүй байх үүргийг тухайн үеийн төр засгийн томчуудаас татварын байцаагч нарт очиж байсан сураг бий. Чухам хэн гэдгийг хэлж чадахгүй ч тэрбумаар яригдах хэмжээний татвар төлөлгүй луу унжсан хэргийг салхи оруулахгүй даруулж дөнгөнө гэдэг эрх мэдэл өндөртэй нэгний л хийж чадах ажил.

Шалгалтаар илэрсэн зөрчлийг татварын байцаагчийн тавьсан актад бичсэнээр

1.”Петро Чайна Дачин Тамсаг” ХХК нь 2009 онд 379,652,843.5 мянган төгрөг, 2010 онд 82,273,383.3 мянган төгрөгийн нийт 461,926,226.8 мянган төгрөгийн ажил үйлчилгээ БНХАУ-ын аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлсэн үнэ дээр нэмэгдсэн өртгийн албан татвар нэмж авч төсөвлөөгүй,

2.2007 онд 171,803.1 мянган төгрөг, 2008 онд 241,679.7 мянган төгрөг, 2009 онд 447,487.5 мянган төгрөг, 2010 онд459,936.7 мянган төгрөгийн нийт 1,320,907.0 мянган төгрөгийн ажил үйлчилгээ Монгол Улсад гүйцэтгэсний төлөө БНХАУ-ын ажилтан ажиллагсдад олгосон цалин, хөдөлмөрийн хөлс, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогоос хүн амын орлогын албан татвар суутган авч төсөвт төлөөгүй,

3.2007 онд 170,887,019.8 мянган төгрөг, 2008 онд 240,003,714.0 мянган төгрөг, 2009 онд 379,652,843.5 мянган төгрөг, 2010 онд 82,273,383.3 мянган төгрөгийн нийт 872,816,960.6 мянган төгрөгийн ажил үйлчилгээ БНХАУ-ын компаниудаар Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгүүлсний орлогыг шилжүүлэхдээ албан татвар суутган авч төсөвт төлөөгүй нь Монгол Улсын Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн заалтуудыг зөрчжээ. Үүнийг нь шалгаж тогтоосон татварын улсын байцаагч нар тус компанид илэрсэн 1,336,064,094.5 мянган төгрөгийн зөрчилд 220,888,105.5 мянган төгрөгийн нөхөн татвар, 56,005,890.5 мянган төгрөгийн торгууль, 73,839,258.7 мянган төгрөгийн алданги нийт 350,733,254.7 мянган төгрөгийн төлбөр оноожээ.

Гэвч 2011 онд тавьсан энэ төлбөрийг барагдуулсан эсэхийг мэдэхгүй. Тухайн үедээ шалгалтаар илэрсэн зөрчил хийгээд торгууль энэ тэрийн тухай нам дарах даалгавар л ирж байсан гэдэг. Тиймээс өдгөө энэ өрөө төлсөн эсэхийг нягталж, барагдуулаагүй бол нэхэж авах хэрэгтэй юм. Газрын тосны салбарт давуу эрхтэй ажиллаж буй гадны компани ийм байдлаар Монголын хуулийг зөрчиж байхад ямарч арга хэмжээ авдаггүй. Тэгсэн хэрнээ энэ салбарт үндэсний компаниудад боломж олгох дургүй байдгийн учир юунд нуугдаж буй бол.

Н.ГЭРЭЛ

Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж