&#34Хурд&#34-ын түрэмгийлэл-3

Хуучирсан мэдээ: 2013.02.18-нд нийтлэгдсэн

&#34Хурд&#34-ын түрэмгийлэл-3

Дулааны бүдүүн бүдүүн шугам, хоолойнуудын дундах зай талбайд тетрис шиг өрж босгосон орон сууцны хороолол Улаанбаатарын урд хэсгийг эзэлсээр.

Төв цэнгэлдэх хүрээлэн, Туул гол, Дунд голын эрэг дагуух дулааны шугам, хар замын хажууд булан булангаа дэрлэн боссон энэ хорооллууд “Хурд групп”-ийнх. Газар мундсан мэт дулааны шугам хоолойг зайчлан, зам дагуулан босгосон “Рапид харш”, “Аппартмент кей эйч” зэрэг орон сууцны хорооллуудаас  Монгол Улсын ямар нэг хуулийг зөрчөөгүй гэсэн баталгаа байхгүй нь харагддаг. Мөн Улаанбаатар төмөр замын Депогийн хашаанд тулган барьж буй “Нарны хороолол” нь ч адил. Мэргэжлийн хяналтын газар, Газрын албаныхан хийгээд бусад хяналтын байгууллагууд өвөл, зунгүй нүдэн дээр нь босч байгаа энэ хорооллын барилгын ажлыг зогсоож хүчрэхгүй байгаа. “Бид дийлэхгүй” гэж үнэнээ хэлсэн тухай өмнө нь манай сонин мэдээлсэн. Тиймээс Депогийн удирдлагууд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг шиг хаана, хэнд хандахаа мэдэхгүй аргаа баран суугаа юм.

“Хурд групп”-ын барьсан, барьж буй орон сууцны хорооллуудын газар нь бүгд “но”-той.  Хар ухаанаар бодоход дулааны шугам, хоолойн зай завсарт орон сууцны барилга босох нь сайн юманд лав хүргэхгүй байх. Энэ шугам хоолойнуудын хаана нь хүүхэд тоглож, хөгшид хаана нь нарлаж суух юм бол доо.

Хууль номоороо бол дулааны шугам хоолойн район бүхий газар нь нийтийн эзэмшилд хамаарах учиртай. Нийслэлийн ИТХ-ын 2009 оны 119 тоот тогтоолд “Нийтийн эзэмшил гэдэг нь инженерийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон цэвэр, бохир ус, дулаан дамжуулах шугам сүлжээ, ус, дулаан дамжуулах төвийн барилга, тоног төхөөрөмж, авто зам, замын байгууламж, зам гүүр, ус зайлуулах суваг, үерийн хамгаалалтын барилга байгууламж, ногоон байгууламж… зэрэг орно” гэж тусгажээ.

Үүнээс үзэхэд “Хурд”-ын хорооллуудыг тойрон мушгирсан бүдүүн бүдүүн шугам хоолойнууд нийтийн эзэмшилд орох юм байна. Тэгвэл тэр хавийн газар ч бас нийтийн эзэмшил гэсэн үг болж таарна. Ер нь нийтийн эзэмшлийн газарт ямар газрыг хамааруулдаг, хил хязгаарыг нь яаж тогтоосныг хүмүүс тэр бүр мэдэхгүйг далимдуулан “Хурд групп” хорооллуудаа босгосоор байгаа юм биш үү. Хуулийн зохицуулалт дутмаг, хүмүүсийн мэдээлэлгүйг далимдуулан барилга барихыг бизнес гэдэггүй байх. Манай улсад нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, газрын тухай асуудлыг тогтоол, журмаар зохицуулснаас бус тусгайлсан хууль байдаггүй. Хууль байхгүйг далимдуулан нийтийн эзэмшлийн газрыг аль нэг мөнгөтэй компани, эрх мэдэлтнүүд өмчлөөд авчихдаг. Тэгээд өөрсдөө УИХ-д ороод суучихна. Ингээд өөртөө хамгаалалт босгоод авна. Нийтийн эзэмшлийн тухай хууль байдаггүй нь хууль бусаар хөрөнгөжсөн гишүүд бохир бизнесээ хамгаалах гэж уг хуулийг батлуулдаггүй гэж учир  мэдэх хүмүүс хэлдэг нь магадгүй үнэний ортой биз ээ.  Дашрамд дурьдахад, одоогийн УИХ-д хэрэгтэй, хэрэггүй хууль санаачилж суугаа гишүүд цөөнгүй бий. Тэд Нийтийн эзэмшлийн тухай шаггүй сайн хууль боловсруулаад батлуулчихвал мөн ч хэрэгтэйсэн.

“Хурд групп”-ийн хотын урд хэсгийг түрэмгийлэн эзэлж босгоод буй хорооллууд иргэдийн хэрэгцээнд нийцэж байгаа эсэх нь бас л эргэлзээтэй. Хамгийн өндөр үнэтэй хэрнээ хамгийн чанаргүйн жишээгээр тэдний барилгууд байнга л тодорсон байдаг. “Рапид харш”-ийн оршин суугчид “Цонхоор нь салхи сэнгэнээд, агааржуулагч нь ажиллахгүй өмхий үнэртдэг” гэж гомдоллох юм билээ.

Тус группийн вэб сайт руу ороод үзээрэй. Гаднаа хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоолтой, ногоон байгууламжтай үлгэрийн юм шиг сайхан зураг төсөл харуулж, захиалга авч байгаа.  Гэтэл ашиглалтад орсон хойно нь харвал юун хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, мод бут… Бодит байдал дээр зай завсар гаргалгүй чигжиж барьсан байрнуудын цонх нь нар үзэхгүй, утаа май дунд сүүмэлзэн байх вий.

Улаанбаатрын хаана ямар “сул” газар байгааг шарсан мах анддаггүй шар зурхайч шиг мэдэж, өөрийн болгодог “Хурд”-ын түрэмгийллийн хурдыг гүйцэж, хууль бус үйлдлийг нь зогсоож чадах албан тушаалтан Монголд байна уу.

Ц.ЭРДЭНЭЦЭЦЭГ

Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж