Өнөөгийн нийгэмд ядарсан, задарсан янз бүрийн амьдралтай хүмүүс байдаг ч дийлэнхи хувийг дундаж давхаргынхан эзэлдэг. Баячуудад бусдаас гуйх юу ч байхгүй. Харин ядуус нь улсаас тараах элдэв янзын халамж, тэтгэмжийн мөнгөөр довоо борлуулна. Тэдний дунд нийгмийн дунд давхаргынхан хөдөлмөрлөөд л байна. Хөдөлмөрлөөд л байна. Гэвч тэднийг дэмжих ямар ч бодлого байдаггүй. Тоотой ганц нэгхэн төсөл, хөтөлбөр, зээл нь хүрэх хүндээ хүрдэггүй гэхчлэн тооцоод байвал дуусна гэж үгүй. Харин энэ бүх саадыг сөрж, амьдралын төлөө тэмүүлж яваа олон сайхан гэр бүл бидний дунд байдаг. Тэдний төлөөлөл болсон Д.Батболдын гэр бүлийг “Бусдаас гуйхгүй амьдрал” бүлангийн анхны зочноор онцолж, гэрт нь зочилсон юм. Д.Батболдын гэргийг Б.Бат-Ариунаа гэдэг. Тэднийх Б.Ажухулан, Б.Ану-Үжин гэдэг хоёр охинтой юм билээ. Д.Батболдын гэр бүл өрхийн үйлдвэрлэлээ эсгий улавчаар эхлүүлж байсан бол одоо тэмээний ноосон майк, хүүхдийн бойтог, нурууны бүслүүр зэргийг ч хийдэг болж. Энэ бүхнээс гадна эхнэр нь бариа засал хийж багагүй орлого олдог бол өрхийн тэргүүн нь гэрийнхээ ойролцоо автозогсоол ажиллуулдаг аж. Тэд ийн зүтгэсний үр дүнд хоёр охиноо төлбөртэй сургуульд сургаж, сайхан амьдарч буйгаа хуучилсан юм. Ингээд тэдний яриаг сонордуулъя.
-Өөрсдийгөө танилцуулахгүй юү?
-Б.Б: Төв аймгийн Зуунмодод 1968 онд төрсөн. Аав, ах дүүсийн маань дунд олон багш хүн байдаг. Багш хүрээллийн дунд өссөн. Би 1986 оноос хойш тус аймгийн тавдугаар цэцэрлэгт багшилж байгаад, дараа нь 4.5 жил дунд сургуульд дуу хөгжмийн багшаар ажилласан. Түүний дараа нийслэлийн 40 дүгээр сургууль, 37 дугаар цэцэрлэгт ажиллаж байсан.
Д.Б: Төмөр замд 40 гаруй жил амьдарч байна. Бизнест их эрт хөл тавьсан. Төмөр замын анхны тохиролцооны дэлгүүрийг ажиллуулж байлаа.
-Анх бизнесийн гараагаа хэрхэн эхэлж байсан тухайгаа хуучлахгүй юү?
Д.Б: Тусдаа гарсны дараахан эхнэр маань ажлаасаа гарсан. Би өөрөө ажилгүй байсан. Ажилгүй хүмүүс яаж ч хангалуун сайхан амьдрах билээ. Тэгээд хоёулаа хүүхдээ өсгөхийн тулд ямар нэг байдлаар юм хийе явуулъя гэж ярилцаад, ноорог цаас гарган олон зүйл жагсаан бичсэн. Тэр нь юу байсан бэ гэхээр юу хийж болохыг жагсаасан. Бидний бичсэн жагсаалтад нэхмэл эдлэл, гутал, тавчик гээд олон төрлийн зүйл байсан. Тэгээд хоёулаа тооны машин барьж сууж байгаад бүгдийг нь тооцож үзсэний эцэст тавчик худалдаалахаар болсон. Эсгий тавчик худалдан аваад гадагшаа гарган зарсан. Гэтэл нэг өдөр эхнэр маань нэгийг задлаад үзээд боломжийн бол өөрсдөө хийе гэсэн санал гаргасан юм. Би ч түүнийг нь дэмжсэн. Харин задлаад үзтэл бидний төсөөлж байснаас ч амархан байсан. Тэгээд л өөрсдөө хийхээр шийдсэн. Энэ цагаас хойш бидний амьжиргаанд илт нөлөөлсөн. Хийж бүтээснийхээ үр өгөөжийг мэдрээд эхлэхээр хүн өөрөө урамшдаг юм билээ. Гар хөдөлбөл ам тостоно гэдгийг өөрсдийн биеэр мэдэрч байгаадаа баяртай байна.
-Бага охин чинь жаахан юм байна. Харин том охин чинь та хоёрт тусална биз. Ер нь хүүхдүүдээ мөнгөний асуудалд хэрхэн сургадаг вэ?
Б.Б: Тэгэлгүй яах вэ. Том охин маань хичээлийнхээ хажуугаар аав ээждээ тусална. Хоёр хүүхдээ хүнээс авахаасаа илүү өгөхийг илүүд үзэж бай гэж сургадаг. Мөн хүүхдүүддээ мөнгөний тухай ярихаасаа илүү хөдөлмөрийн үр шимийн тухай мэдрүүлэхийг зорьдог. Хөдөлмөрлөж чадаж байгаа хүн мөнгийг хэдий хэмжээгээр нь олж чадна шүү дээ. Хүнд гар сунгаснаараа хэзээ ч бурууддаггүй. Мөн хүүхдүүддээ мөнгөний тухай ярихаасаа илүү хөдөлмөрийн үр шимийн тухай мэдрүүлэхийг зорьдог. Хөдөлмөрлөж чадаж байгаа хүн мөнгийг хэдий хэмжээгээр нь олж чадна шүү дээ.
-Та хоёр сардаа хэчнээн эсгий тавчик оёж, худалддаг вэ. Түүнээсээ хэдий хэмжээний ашиг хүртэх үү?
-Д.Б: 400 гаруйг оёдог. Тэгээд 1.4 сая төгрөг болдог. Түүний цэвэр ашгийг тооцож үзэхэд 600 гаруй мянган төгрөг болдог. Энэ зөвхөн тавчикнаас олдог нь.
-Сард ийм олноор нь оёдог юм бол түүнийгээ хаагуур яаж борлуулдаг вэ?
-Б.Б: Бид Монголдоо зардаггүй. Бүгдийг нь хойд хөрш рүү гаргадаг. Орост байдаг эгч маань тосч аваад борлуулчихдаг юм. Оросууд дуртай авдаг юм билээ.
-Хил гаалиар гаргахад хүндрэл гарах уу?
Д.Б: Тийм ээ. Бидэнд тулгардаг хамгийн том асуудал бол энэ. Хойд урд хоёр хөрш маань хоёулаа импортлогч биш, үйлдвэрлэгч улс байхыг эрмэлздэг. Бодлого нь ч тиймэрхүү. Тиймээс эсгий тавчикыг хил гаалиар гаргана гэдэг хэцүү. Бид эндээс галт тэрэгний үйлчлэгч, явуулын хүн, наймаачид гээд гуйхгүй хүн гэж үгүй. Тав гурван төгрөг өгөөд гуйж гуйж явуулна. Тэд ч хөөрхий өмсч яваа хувцасныхаа дотуур нууж, элдвийн арга сүвэгчлэн гаргадаг юм шиг байгаа юм. Ер нь хэцүү дээ хэцүү. Дотооддоо заръя гэхээр хийдэг хүн нь олон атлаа зах зээл хумигдмал.
-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл гэж байдаг. Та хоёр 2007 оноос хойш өрхийн үйлдвэрлэл эрхлэхдээ энэ төсөлд хамрагдаж, зээл авч байв уу?
Б.Б: Яг үнэнийг хэлэхэд тэрийг ямар хүнд яаж хүрдгийг ойлгодоггүй юм. Банкнаас бизнесийн зээл хүсч байсан. Банк гэж бөөн хүнд суртлын газар. Хулгайч дээрэмчинд мөнгөө алдах гэж байгаа юм шиг элдэв янзын барьцаа хөрөнгө шаардана. Цахилгаан бараа лизингээр авахад хүртэл гурван өөр цахилгаан бараа барьцаанд бичиж үлдээ гэж байх жишээтэй. Түүгээр зогсохгүй баахан бичиг баримт бүрдүүл гэж явуулж явуулчихаад эцэст нь танд зээл олгож болохгүй нь ээ гэх жишээний.
-Хөрөнгө мөнгөний эх үүсвэрээ хэрхэн шийдвэрлэдэг юм. Эсвэл огт зээлгүйгээр зохицуулчихдаг юм уу?
Д.Б: Алтан давхарга хэмээх хадгаламж зээлийн хоршоотой хамтран ажиллдаг. Хадгаламж зээлийн хоршооны зээлийн хүү банкныхаас ганц хоёр хувиар өндөр ч эргээд зээлдэгчидтэйгээ бизнес нь яаж байна гэж байнга уялдаа холбоотой байдгаараа онцлог.
-Энэ олон тавчикыг хоёулахнаа оёно гэдэг амаргүй ажил байх. Хүн цалинжуулж ажиллууж үзсэн үү?
Б.Б: Тэгэлгүй яах вэ. Өнгөрсөн жил гүйлгээний оргил үеэр дөрвөн хүн цалинжуулж ажиллуулсан. Дотоодын зах зээл гэх зүйл байхгүй, гадагшаа гаргахад хүндрэлтэй учраас олон хүн ажиллуулахаар өөрсдөө алдагдалд орчих гээд байдаг юм билээ. Гэхдээ одоо хоёр хүн ажиллуулж байгаа. Бид хоёр ядарсан, ядуу хэмээх нэрээр өөрсдийгөө хаацайлчихаад зүгээр суугаад байгаа хүмүүсээс илүү, хийе бүтээе гэсэн хүмүүсийг дэмждэг. Мөн оюутнуудыг цалинжуулж хажуудаа ажиллуулдаг. Яагаад гэвэл оюутнууд сурахын хажуугаар ажиллаад үзчихвэл, ажлын байран дээр гараад ажлаас шантардаггүй, хатуужилтай болдог. Төрийн бодлого маань ч халамжид чиглэсэн гэхээсээ илүү чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж чадаж байгаа хүмүүс рүү чиглээсэй гэж хүсдэг.
-Жижиг бизнес эрхлэгчдэд зах зээлийг нь нээлттэй болгож өгөх нь хамгийн том дэмжлэг гэсэн санааг хэлж байна гэж ойлгож болох нь ээ?
Д.Б: Тийм ээ. Гадаад, дотоод зах зээл нь нээлттэй болчихвол хүн бүр дор бүрдээ чаддаг чаддагаа сэтгэлээсээ хийнэ.
-Ингэхийн тулд таныхаар ямар гарц хайх нь зөв юм шиг харагддаг вэ?
-Д.Б: Монголчууд уул уурхайг дуусч дундаршгүй мэт санаад бүгд уул уурхай руугаа хошуураад байх юм. Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдээ одооноос дэмжвэл ашигт малтмалаа дуусах цагт энэ салбар руугаа орох боломж байгааг огтхон ч олж харахгүй байна. Хожим нь монголчуудын ганц тулгуур нь мал аж ахуй, түүний түүхий эд байх болно гэж найдаж байна. Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар Тавантолгойн асуудлыг нэлээд хурцаар ярьж байсан. Тэртээ тэргүй монголчууд өөрсдөө хайгуул, олборлолт, боловсруулалт гээд бүхнийг цогцоор нь хийж эцсийн бүтээгдэхүүн гаргаж чадахгүй л юм байж. Эртний сайхан харилцаатайн хувьд хуваагаад эзэмшдэгээрээ эзэмшье. Харин манай ноос ноолууран бүтээгдэхүүний зах зээлийг нээж өг гэхэд буруудахааргүй мэт санагдсан. Үүнийг гүйцэлдүүлчихвэл ашигт малтмалаа дуусч, дундрахын цагт айх аюулгүй дараагийн гарцаа олсон байхаар санагдаад байгаа юм.
-Танай гэр бүлийн амьдрал цэвэр хувийн бизнесээрээ хөгжин цэцэглэж байгаа юм байна. Одоо эргээд харвал ямар байна
-Б.Б: Анх төрчихөөд хөх сүү муутай охиноо нэмэлт тэжээлээр хооллодог байсан. Тухайн үед хүүхдийн тэжээл худалдан авах 5000 төгрөг өгсөн хүнд 50 мянгыг өгсөн юм шиг л баярладаг байсан. Гэтэл бид өнөөдөр хэн нэгэнд эргүүлээд тав арван мянган төгрөг сэтгэлээсээ өгчих чадалтай болсон байна шүү дээ. Мөн хөдөлмөрлөсний үр дүнд өнөөдөр идье гэвэл ханатлаа идэх хоолтой, өмсье гэвэл хэний ч өмнө нүүр улайхааргүй хувцас хэрэглэлтэй. Хоёр хүүхдээ хоёуланг нь төлбөртэй сургуульд сургаж байна. Энэ бол бидний хувьд жижиг гэж чамлахааргүй том амжилт. Таван хошуу малын минь буян бидэнд хишгээ хайрлаж байгаад баярлаж явдаг юм. Мөн цалингаас цалингийн хооронд ажиллаж байгаа хүмүүс мөнгөөр тасарлаа гэж ярьдаг. Харин байнга юм хийж байгаа хүн өөрөө л хөдөлмөрлөж чадвал хэзээ ч мөнгөөр тасардаггүй. Ерөөсөө хийж л байвал мөнгө, ажил, материалаар юугаар нь ч тасрахгүй гэсэн үг. Хөдөлмөрлөсний эцэст том охин Б.Ажухулангаа Улаанбаатар их сургуульд сургаад одоо энэ жил төгсөх гэж байна.Бага охин Б.Ану-Үжингээ Гэгээрэл дунд сургуульд жилийн 1.2 сая төгрөгийн төлбөртэй сургуульд сургаж байна. Хөдөлмөр хүнд юм бүхний бий болгодог.
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин