Индонезийн хойд хэсгийн нутгуудаар хүчтэй аадар бороо үргэлжлэн орсны улмаас үер болон хөрсний нуралтын гамшиг нүүрлэжээ. “Associated Press” агентлагийн мэдээлснээр одоогийн байдлаар Индонезийн Манадо хотод хөрсний нуралт болон үерийн улмаас 15 хүн амь үрэгдэж, олон мянган айл өрх усанд автаад байгаа аж. Хохирогчдын дунд 8-10 насны гурван хүүхэд байсан бөгөөд тэдний цогцосыг үерийн уснаас гаргаж авчээ. Үерийн гамшигт Индонезийн Хойд Сулавеси мужийн Манадо хот хамгийн их өртөж, мянга гаруй айлын сууц усанд автаж, их хэмжээний хөрсний нуралт үүссэн байна. Индонезийн аврах албаныхан гамшгийн бүсээс 8100 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, хөрсний нурангийн улмаас шавар, чулуунд боогдсон авто замуудыг трактор, бульддозер ашиглан цэвэрлэж байгаа аж. Түүнчлэн үргэлжлэн орсон аадар борооны улмаас хойд хэсгийн нутгийн ихэнхи гол, мөрнүүд эргээ халин үерлэснээс ойролцоо суурьшсан айл, өрхийн сууцыг усанд урсган авч оджээ. Оршин суугчдын мэдээлснээр гамшигт өртөөд буй газруудад үерийн усны хэмжээ нэг метр хүрч үерлээд байгаа юм байна.
Индонезид жил бүр улирлын чанартай борооны улмаас үер болон хөрсний нуралтын гамшиг нүүрлэдэг аж. Түүнчлэн дэлхийд хүн амын тоогоороо дөрөвт жагсдаг Индонез улсын олон сая иргэд уулархаг газар болон голын ай саваар суурьшсан байдгаас үер, хөрсний нуралтын улмаас жил бүр олон мянган хүн амиа алддаг байна.
Б.АНХТУЯА