Хуучирсан мэдээ: 2013.02.18-нд нийтлэгдсэн

Гурван өдөр аялахаар замд гарсан “Carnival Triumph” хөлөг онгоц далайд бүтэн долоо хонов. Хөлөгт гал гарсны улмаас хөдөлгүүр нь эвдрээд зогсохгүй, усан хангамжийн систем нь жагсаалаас гарчээ. Чухам үүнээс болж Мексикийн буланд хийсэн энэ аялал зорчигчдынх нь ой тойнд хэзээ ч мартагдашгүй “дурсамж” үлдээжээ.

“Carnival Triumph” хөлөг онгоц 1999 онд ашиглалтад орсон тул бараг цоо шинэ, туйлын аюулгүй гэгдэж байв. “Carnival Cruise Lines” компанийн энэ онгоц Их, Бага Антилийн арлын байгалийн үзэсгэлэнд тэмүүлсэн гол төлөв америк жуулчдыг богино хугацааны аялалд тээн Багамын арлуудын далбаатайгаар өөдөө сөөргөө олон явжээ. Хоёрдугаар сарын 11 хүртэл бүх юм тайван байлаа. Хөлгийн 3100 зорчигчид, багийн бүрэлдэхүүнийг оролцуулаад 1100 хүн үйлчилж явсан бөгөөд урьдын адил төрөл бүрийн ресторан, бассейн, кинотеатр бусад зугаа цэнгээний газартай 13 талбай зорчигчдийн мэдэлд байв. Уснаа хөвөгч энэ аварга том амралтын газрыг өндөр хүчин чадалтай хэд хэдэн дизель хөдөлгүүр эрчим хүчээр хангахын хамтаар хөлгийн хөдөлгүүрийг ч мөн ажиллуулж байжээ. Чухам тэдгээр хөдөлгүүрийн нэг нь доголдсоноор, долооны өдрийн өглөө Техасын Галвестон боомтоос салхинд гарахаар хөдөлсөн жуулчдын адал явдал эхэлсэн байна.   

Адал явдал эхэндээ жуулчдад баахан зугаатай санагдаж байв. Гарсан бяцхан түймэр жуулчдад өчүүхэн ч хор хохирол учруулаагүй бөгөөд утааны үл мэдэг үнэр хийх юмаа олж ядсан зорчигчдын цөсийг харин ч хөөргөсөн байх. Гэвч залгуулаад өрнөсөн үйл явдал Карибын тэнгисээр хийдэг аяллын талаар олны сэтгэлд хоногшсон төсөөлөөс огт ондоогоор эргэжээ. Онгоц эргэн тойрон усан далайд явж байсан авч цахилгаанаар ажилладаг усан шахуургууд ажилгүй болсноос юуны түрүүнд шүршүүрт орох, биеэ угаах аргагүй болов. Улмаар агааржуулагч ажиллахгүй болсон нь 30 градусын халуунд явсан зорчигчдыг бухамдуулж эхэлжээ. Яваандаа бүх хөргөгч унтарснаас хоол хүнсний зүйл муудан, эвгүй үнэр хааяагүй тархав. Ингээд 4000 гаруй хүний аманд юу хийх вэ гэдэг хамгийн хэцүү асуудал багийнханд тулгарчээ. Зохион байгуулагчид нь энэ аяллыг долоо хоног сунжирна гэж тооцоолоогүй нь мэдээж. Уг долоо хоногийн сүүлээр арай бага муудсан хүнсний төлөө хүмүүс хоорондоо зодолдож, сэргэлэн зарим нь ахиухан авч гарсан ходоодны эмээ үнийг нь хэд нугалан зарж байсан талаар зорчигчид хожим нь өгүүлжээ. Зорчигчдын өрөөнүүдийн нэлээд нь хөлгийн толгой талд, доод талын тавцанд байсан бөгөөд ойролцоох хөдөлгүүрийн хэсэгт гал гарсны дараа багийнхан юмыг яаж мэдэхэв гэж үзээд тэдгээр зорчигчдыг дээд тавцанд байрлуулсан байв. Гэвч тэнд сул өрөө байгаагүй тул нүүсэн зорчигчид тавцан дээр ил задгай унтахаас аргагүйд хүрсэн байна. Улмаар ор дэр хангалттай хүрэлцээгүйн улмаас зорчигчдын хооронд хэрүүл маргаан газар авсан нь байдлыг улам хүндрүүлжээ. Хөлөг онгоцны дайвалзааг арилгадаг систем тоггүйгээс ажиллахгүй болсон тул олон зуун зорчигч далайн өвчинд нэрвэгдэв. Гэхдээ л хамгийн том зовлон жуулчдын өмнө нь байжээ. “Carnival Triumph”-ын сүпер орчин үеийн төдийгүй экологид халгүйгээрээ гайхагдсан ус дамжуулах систем цахилгаанаар ажилладаг байжээ. Хүн шүршүүрт орохгүйгээр байгаад байж чадах боловч боловсон жорлонгүйгээр байх бэрх аж. Эхлээд зорчигчид усгүй “нойл”-д орж болоод байсан бол яваандаа жорлонгийн өтгөн шингэн хальж замаа алдахын хамт үнэр танар нь дийлдэхээ байв. Яваандаа хүмүүс хөлгийн тавцангаас гадагш, гялгар уутанд гээд аль бололцоогоороо мөр үзэх болжээ. Хожим зорчигчдын ярьснаар, хөлгийн багийнхан жорлонгуудыг аль байдгаараа чармайн цэвэрлэж байсан боловч байдлыг бүрмөсөн дээрдүүлж чадаагүй нь мэдээж.

Уурлаж бухимдсан зорчигчид өөрсдийн ар гэр болон аяллын зохион байгуулагчид руу зогсоо зайгүй утас цохиж байсан ч нэмэр болсонгүй. Нэг мэдэхэд утас нь цэнэгтэй хүн хөлөг даяар үгүй болжээ. Цахилгаан тасарсан тул цэнэглэх хөг өнгөрсөн нь мэдээж. Найдвар нь тасраагүй зорчигчид өөрсдийн хөөрхийлөлтэй байдлыг дэлхий дахинд мэдэгдэхийн тулд орны даавуу мэтийг нийлүүлэн оёж бүтээсэн самбар дээр, болж буй үйл явдлыг тайлбарласан үг үсэг бичин тавцангаар нэг дэлгэсэн нь, хөлгийг тойрон нисдэг тэргээр агаарт “жижүүрлэж” байсан телевизийнхний ачаар шуурхай мэдээний эфирт цацагдаж байв.

Үйл явдал ийм байдлаар багагүй хугацаанд өрнөсний эцэст Америкийн эрх баригчид болон хөлөг онгоцны эзэн компани арга сүвэгчилж эхлэв. Тэд юуны түрүүнд мөн л нисдэг тэргээр ус, хүнсний зүйлс болон зөөврийн цахилгаан үүсгүүр хаяж өгчээ. Цахилгаан үүсгүүртэй болсон багийнхан зорчигчдод бололцооны хэрээр халуун хоол хийж өгөхийн хамтаар хөлгийн удирдлагын системийн зарим нэг хэсгийг ажилд оруулжээ. Тэглээ гээд аврах ажиллагаа амжилтад хүрсэнгүй. Туслахаар ирсэн чирэгч онгоцны хүчин чадал багадсанаас гадна татлага нь байн байн тасарч байв. Ингэсээр хөлгийг эрэгт чирч хүргэхэд бүхэл бүтэн дөрвөн өдөр зарцуулсан байна. Гэхдээ тэдэнд далайн хүчтэй давалгаа, угтах салхи нэлээд саад болсныг хэлэх хэрэгтэй. Байдал хэдий ийм байсан ч зорчигчид болон тэднийг хүлээн эрэг дээр хэд хонож уураа барсан хүмүүст үүнийг тайлбарлаж ойлгуулах арга бараг үгүй байв. Аяллыг зохион байгуулагчид болоод эрх баригчдыг харааж загнасан тэдний хилэнт үгсийг хэвлэл мэдээллийнхэн шуурхай бөгөөд туйлын дуртай дамжуулж байсан юм.

Хөлөг 15-ны шөнө эрэгт хүрчээ. Гэхдээ замд гарсан Техасын Галвестон биш, Алабама мужийн Мобил боомтод ирсэн юм. Бүтэлгүй долоо хоногийн аялалд амьдралдаа үзээгүйгээ үзсэн хэдий ч зорчигчдын сэтгэл хөөрч, зарим нь тав арваараа хоолой нийлүүлэн Алабама мужийн магтуу дууг дуулж, зарим нь хөлгөөс буугаад газар үнсэж байсан билээ.

Газар эхийнхээ барааг харсан баяраа тэмдэглэж дуусуутаа зорчигчид аяллын зохион байгуулагчидтай тооцоо бодохоор эргэн нэгдэж байна. “Carnival Cruise Lines” компани “Carnival Triumph” хөлгийн хэдэн арван төлөвлөгөөт аяллыг цуцалжээ. Гайт аяллаас хэдэн долоо хоногийн өмнө уг хөлгийн тоног төхөөрөмжид доголдол илэрч байсныг компани хүлээн зөвшөөрсөн байна. Хохирсон зорчигчдын тасалбарын үнийг эргүүлэн төлж, тус бүр 500 доллар олгохоос гадна өөр онгоцоор нэг удаа үнэгүй аялах эрх олгох болжээ. Үүнд нь санаа амрах хүн хэд байгааг хэлэхэд хэцүү. Нүүр угаах усгүй, муудсан хүнстэй, бие засах газаргүй, халуун наранд дөрөв хонож үзэж байж л тэдний санааг амраах аргыг олох биз ээ.

Б.АМГАЛАН
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж