Хаврын чуулганаас дэгийн хуулийг нэхэхийн учир

Хуучирсан мэдээ: 2013.02.18-нд нийтлэгдсэн

Хаврын чуулганаас дэгийн хуулийг нэхэхийн учир

Хаврын чуулганаас дэгийн хуулийг нэхэхийн учир

Төр гэдэг өндөр босготой. Мөн ард түмэн төрөө дээдэлдэг шигээ түшээддээ ч тэгж ханддаг. Тиймдээ ч тэдний хэлж байгаа үг, хийж буй үйлдлийг нь үргэлж харж, дүгнэж байдаг. Гэвч төрөө дээдэлдэг ард түмэнд парламентын үйл ажиллагаа, түүнд хандаж буй гишүүдийн хандлага дэндүү бохир харагдаад байна.

Төрийн эрх барих хамгийн дээд байгууллага болох УИХ-ын чуулганы үйл ажиллагаанд гишүүд дэндүү хариуцлагагүй, бас хүндлэлгүй хандаж буй. Хуралдаа суухгүй, суусан ч хэлэлцэж буй асуудалд ач холбогдол өгөхгүй.

Сонин уншаад толгой өргөхгүй, эсвэл утсаар ярьж, интернэтээр аялна. Нөгөө хэсэг нь хөөрөг зөрүүлж, хууч хөөрнө. Ийнхүү сууж ажил тасалдаг хэсэг байхад, сураггүй алга болдог нөхдөд бас бий. Арав хүрэхгүй шахам гишүүнтэй чуулганы хуралдаанаар ард түмний хувь заяаг шийдэх хууль баталж байсан тохиолдол ч бий. Сүүлд гарсан бас нэгэн “мода” нь эрх баригчид эхлээд ирцээ бүрдүүл гэдэг хачин жигтэй шаардлага тавьж, төрийн ажлыг гацаах явдал. Мөн санал хураах хангалттай ирц бүрдээгүй байсан ч бусдын кнопыг давхар дарж, өөрийн оруулсан саналыг дэмжүүлдэг нь ч олон. Чуулганы хуралдаанд бусдын кнопыг дардаг бол, Байнгын хороонд утсаар саналыг нь авч байсан тохиолдол ч гарсан.

Энэ бол урьд өмнөх парламентуудаас өвлөж ирсэн буруу жишиг. Харин энэ завхралаа одоо цэгцэлье гэж УИХ дахь намын бүлгүүд санаачлан хуулийн төсөл өргөн барьсан билээ. Эрх баригчид парламент дахь намын бүлгүүд ирцээ бүрдүүлэхийг шаардаж, харин сөрөг хүчин бусдын өмнөөс санал өгөхийг халахаар санаачилсан төслүүдээ уралдах шахам УИХ-ын даргад өргөн барьсан.

М.Зоригт, Д.Эрдэнэбат нарын Ардчилсан намынхан УИХ дахь намын бүлгүүд чуулганы хуралдаанд гишүүдийнхээ ирцийг 50+1 буюу тавиас дээш хувиар бүрдүүлж чадахгүй бол хариуцлага хүлээж байх төслийг санаачилсан. Гэхдээ ийнхүү ирцээ бүрдүүлэхгүй байх тохиолдол найман удаа давтагдвал тухайн бүлгийг татан буулгаж, гишүүд нь “сул гишүүн” болох юм. УИХ-ын намрын чуулган хуралдаж эхэлснээс хойш зарласан 23 өдрийн хуралдаанд АН-ын бүлгийн гишүүд хоёр, МАН-ынх найм, “Шударга ёс” эвслийнхэн тав, ИЗНН-ын гишүүд 11, бие даагчид 14 удаа 50 хувьдаа хүрээгүй ирцтэй оролцсон байна. Тиймээс төрийн ажлыг гацаахгүйн тулд М.Зоригт нар бүлэгтэй нь хариуцлага тооцож, гишүүдэд ташуур өгөх нь. Намын бүлэг гэдэг УИХ дахь бүтцийн байгууллага. Бүлгээр дамжуулж гишүүд олон эрхийг эдэлдэг. Наад зах нь аливаа асуудлаас завсарлага авах эрх ганцхан бүлэгт л бий.

Харин Л.Энх-Амгалан, С.Бямбацогт нарын гишүүд бусдын кнопоор санал өгүүлэхгүйн тулд, хурууны хээг ашиглах саналыг гаргаж, хуулийн төсөл болгон өргөн барьсан. Өөрөөр хэлбэл, гишүүдийн саналыг авах технологидоо хурууны хээг нь таниулна гэсэн үг. Жирийн нэгэн байгууллага өдөр бүхэн өөрийн ажилчдаа хурууных нь хээгээр бүртгэж болоод байхад, төрийн эрх барих дээд байгууллагад энэ бол том хүндрэл биш. МАН-ын бүлгээс өргөн барьсан бас нэгэн төсөл нь Байнгын хорооны бүрэлдэхүүнтэй холбоотой. УИХ-ын гишүүдийн үндсэн үүрэг нь хууль хэлэлцэж, батлах. Мөн баталж буй хуулиудын гол хэлэлцүүлэг Байнгын хороонд өрнөдөг. Ямар ч хуульд хамаарах Байнгын хороо нь эхлээд ажлын хэсэг томилж, түүнээсээ хуулийн төслийн усыг нь шахаж, чамбайруулдаг. Гэвч өнөөгийн нөхцөлд байнгын хороодод харьяалагдах гишүүдийн тоо цөөрсөн, зарим үед зургаан хүн сууж байгаад дөрвийнх нь дэмжлэгээр парламентын босгоор давж байсан хууль бишгүйдээ л болчихоод байна. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгээс Байнгын хорооны бүрэлдэхүүнд санаа тавьж, гишүүдийнх нь тоог нэмэх төсөл өргөн бариад байгаа юм. Нөгөөтэйгүүр эрх баригч намын гишүүд дор хаяж гурван Байнгын хороонд харьяалагдаж байгаа бол МАН-ынхан ганц ганцханд багтаж байгаатай ч энэ хуулийн төсөл холбоотой юм. Тиймээс Байнгын хорооны бүрэлдэхүүний хуваарилалтыг дахин хийж, УИХ-ын гишүүдийн олонхи, цөөнхийг харьцааг адилхан тааруулахаар төсөлд тусгасан билээ.

УИХ-ын дэгтэй холбоотойгоор МАН, АН-аас өргөн барьсан дээрх төслүүдийн аль аль нь л чухал. УИХ-ын үйл ажиллагааг хариуцлагатай, хэвийн үргэлжлүүлж, төрийн шийдвэр цагтаа гарч байх гарцыг эрэлхийлсэн төслүүд.

Тиймдээ ч эхэндээ идэвхитэй ярьж, юу юугүй л батлах нь уу гэлтэй байсан асуудал, “Чингис” бонд, Оюутолгойн хэлэлцээр, Тавантолгойн гэрээ, МИАТ-ийн хувьчлал, татварын дарга нарын идэж уусан хэргийн сүрд дарагдаад сураг нь алдрав аа. Уг нь УИХ-ын дарга З.Энхболд “Дэгтэй холбоотой асуудлаа цагаан сарын өмнө батална” хэмээн индэр дээрээс их л чангаар зарласан. Харамсалтай нь намрын чуулган батлах нь байтугай, хэлэлцэх эсэхийг нь ч шийдэлгүй завсарлаж, хэдэн гишүүд нь тарж одлоо. УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч өөрсдийнхөө өргөн барьсан төслийг хаврын чуулганы эхэнд батлуулна хэмээсэн ч харамсалтай нь хэлэлцэх асуудлын дараалалд багтаж чадаагүй байна билээ. УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулган гаргасан жагсаалтаа барьж ажиллана гэдгээ хэвлэлд өгсөн саяхны ярилцлагадаа дурдсан. Тэгэхээр УИХ хэзээ дэгэндээ орох нь тодорхойгүй болж байх шиг.

Б.ЭНХЖАРГАЛ
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж