“Өнөөдөр” сонин энэ оны “Алдартан”-уудыг тодрууллаа

Хуучирсан мэдээ: 2013.02.18-нд нийтлэгдсэн

“Өнөөдөр” сонин энэ оны “Алдартан”-уудыг тодрууллаа


Өдөр тутмын хэвлэл “Өнөөдөр” сонин 2002 оноос эхлэн гаргасан амжилт, хийсэн ажил, гавьяагаараа Монголчуудаа манлайлсан эрхэмүүдээ тодруулан шагнадаг уламжлалтай  билээ. Энэхүү уламжлалын дагуу өнөөдөр Улаанбаатар зочид буудалд Луу жилийн “Алдартан”-уудаа  тодруулан, шагнал гардууллаа.

Энхүү шалгаруулалтыг нийгмийн салбар бүрийг төлөөлж чадах төрөл бүрийн ажил мэргэжилтэй 100 хүнийг “Өнөөдөр” сонины зүгээс  нэр дэвшүүлж  олны санал асуулгаар тодруулдаг.

Энэхүү шалгаруулалтыг олимпийн наадмын хос медальтан Н.Түвшинбаяр тэргүүлэн Луу жилийн  цомын эзэн болсон.  Аман хүзүүнд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  шалгарлаа.  Удаах байруудад МУ-ын гавьяат жүжигчин Э.Амартүвшин,  нийслэлийн Засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл,  МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, МУ-ын гавьяат тамирчин С.Батцэцэг, Мэргэжлийн сумогийн 70 дахь их аварга Д.Бямбадорж, “Лондон-2012” олимпийн наадмын мөнгөн медальт Н.Төгсцогт,  ШӨХТГ-ын дарга О.Магнай,  УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар тодорлоо.

Эдгээр алдартнуудаас гадна олны санал асуулгаар эгэл жирийн иргэд мөн тодорсон байна. Тодруулбал, шатаж буй машинаас хүний амь аварсан иргэн Д.Баттүвшин,  Монголын өв соёл болох үлэг гүрвэлийн улс дамнуулсан хулгайг илчилсэн залуу эрдэмтэн М.Болорцэцэг, томуугийн эсрэг вакцин, үргүйдлийг анагаах эмчилгээ нээж дэлхийн анагаах ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан Д.Анхлан, Б.Баасансүрэн, дэлхийн бөмбөрцгийн зулай дээр монгол хүний нэрийг дахин гаргасан туйл судлаач Л.Дүгэржав, хүний наймааны эсрэг тэмцэгч Ч.Ганжавхлан, мөн ой тогтоолтын академийн захирал Х.Хатанбаатар, цээж бодолтын олимп, дэлхийн аварга Т.Мягмарсүрэн зэрэг Монгол эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулсан эгэл жирийн алдартнууд багтжээ.

Цомын эзэн Н.Түвшинбаяр өнөөдөр өөрийн биеэр ирж шагналаа гардаж чадаагүй ч түүний аав, ээж нь хүүгийнхээ өмнөөс шагналыг гардан авч сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн юм. Шагналаа гардсан алдартнууд сэтгэл дүүрэн, цаашид улам ихийг хийж бүтээхээ амлаж байлаа. Тухайлбал УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг үнэн юм байна. Миний зүтгэлийг шударгаар үнэлсэн ард иргэддээ баярлалаа. Цаашид улам л хичээх болно” гэж хэллээ.

Энэ жилийн алдартнуудаар спорт болон улс төрийн зүтгэлтнүүд түлхүү тодорсон болохыг “Өнөөдөр” сонины удирдлагууд тодотгож байлаа.

М.НАРАН





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж