Холыг ойртуулж, хоёрыг уулзуулсан өргөн золголт

Хуучирсан мэдээ: 2013.02.18-нд нийтлэгдсэн

Холыг ойртуулж, хоёрыг уулзуулсан өргөн золголт

Ардын жүжигчин А.Очирбат, П.Цэрэндагва, Г.Мягмарнаран, Д.Мэндбаяр, Ж.Лхамхүү гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий, Б.Энхтуяа, жүжигчин О.Норолхоо тэргүүтэй тайз, дэлгэцийн сэтгэлд хоногшсон олон бүтээлд өнө мөнх хуучрахгүй дүр бүтээсэн “ясны” гоё жүжигчид нэгэн дор цугласан байхыг харах сүрдэм юм. Тэдний дэргэд чанга дуугарахаас ч эмээхээр. Монголын драмын урлагийн түүхэнд өөр өөрийн зам мөртэй, бүтээсэн сайхан дүрүүдтэй энэ эрхмүүд юуны учир ийн нэг дор эгнэн суув гэж үү.

УДЭТ-ын хамт олон сар шинийн баяр болгоноор ахмад уран бүтээлчид, ажилтан ажиллагсадтайгаа золголт зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ жил ч алгассангүй.

Амадуудаа тайзнаа хүндэтгэн залжээ. Арга хэмжээг найруулагч Н.Наранбаатар өөрийн боловсруулсан хөтөл­бөрийн дагуу удирдан явуулсан юм. Хөтлөгч хос зочин ахмадууддаа хандан сайныг ерөөн арга хэмжээг нээхэд захирал Д.Цэрэнсамбуу улиран одсон луу жилд байгууллага ямар амжилт, ололттой байсан талаар мэдээлсэн юм. Тэрбээр УДЭТ-ын 129 хүний бүрэлдэхүүнтэй хамт олон ахмад уран бүтээлч, азай буурлууддаа хүндэтгэл үзүүлж мэхийн ёсолж байна гээд уран бүтээл, амжилтынхаа талаар ийн ярьсан юм.

Эдүгээ театр тайзнаа 30 орчим бүтээл байнга тоглож байна. 2012 он театрын түүхэнд хамгийн их орлоготой жил байсан. Өөрөөр хэлбэл тоглолтын орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлсэн. Оны турш хийхээр 60-аад ажил төлөвлөсний дотор хамгийн өгөөжтэй, үр дүнтэй нь орон нутгаар хийсэн аялан тоглолт байсныг дурдав. Урын санг хоёр том бүтээлээр баяжуулсны нэг нь Японы алдарт “Гэнжийн туульс” зохиолоос сэдэвлэсэн “Эсрэг дурлал”, нөгөө нь У.Шекспирийн “Гамлет”. Аж ахуйн ажлынхаа талаар ч мөн сонирхуулж ярьж байлаа. Театр өнгөрсөн онд  нийт 390 гаруй сая төгрөгийн засвар, тохижилтийн ажил хийжээ. 2013 онд эднийх гурван шинэ бүтээлээр урын сангаа баяжуулна. Хүүхдийн бүтээлд ач холбогдол өгдөг уламжлалаараа “Норовын намтар”-аас сэдэвлэсэн жүжиг тавихаар болж. Мөн  жүжгийн зохиолын уралдаанд ирүүлсэн 50 гаруй бүтээлээс шалгарснаар нь шинэ жүжиг тавих юм байна. Дэлхийн сонгодгуудаас Испанийн алдарт зохиолч Сервантесийн “Дон Кихот”-ыг бүтээх нь. Мөн энэ жил уран бүтээлчид Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт аялан тоглолтоор явна. Захирал энэ мэтчилэн театрын ажил, амьдралын талаар мэдээлсний дараа ҮДБЭЧ-ын уртын дуучин Энхбаатарыг ахмадуудад зориулж уртын сайхан дуугаар мэндчилнэ үү хэмээн урьсан. Сүүлийн жилүүдэд уртын дууг өвөрмөц өнгөтэй, аядуу тавиу хоолойгоор дуулж байгаагаараа үзэгчдийн анхаарлыг татаж буй энэ дуучныг урьж ая бариулсанд ахмадууд баяртай байсан. Харин үүний дараа өргөн гэгчийн золголт боллоо. Театрын эдүгээ бүтээн туурвиж буй уран бүтээлчид, ажилтан, ажиллагсад “П” хэлбэрээр эгнэн суусан буурлуудтайгаа бүгдтэй нь хадаг барин цуван золгох нь сэтгэл хөдөлгөм мөч байсан юм. “Амар байна уу”, “Сар шинэ сайхан уу”, “Онд тарган оров уу” гэхчлэн харилцан мэнд мэдэн золгосоор байв.

ДРАМЫН ЭРЧҮҮД ДЭЭЛ, МАЛГАЙ, ГУТЛЫН ЗАГВАР ҮЗҮҮЛЭВ

Драмын жүжигчид энэхүү уулзалт, золголтдоо бараг бүгд монгол дээл хувцсаараа гангарч ирсэн байсан. Европ хувцас өмсч сонгодог болон орчуулгын зохиолын дүр ч бүтээх, хятад хувцас өмсч хятад хүн ч болчихдог, бүр япон кимонотой арлын орны иргэн ч болон хувирч чаддаг жүжигчид элдэвтэй хүмүүс. Харин золголтын энэ өдөр жүжигчид жинхэнэ язгуурын монголчууд гэдгээ илтгэн үндэсний дээл хувцсаа чамбай гэгч нь өмсч ирсэн байлаа. Тэд дээлний даавуу, торго, малгай, бүсний загварыг харин ч нэг харуулах шиг болсон доо. Уншигчдад маань сонин байх болов уу хэмээн уран бүтээлчдийн хэн нь хэрхэн хувцасласан байсан талаар товч хүргэе. Залуусын дээл хувцас хараа илүү булааж байлаа.

Лав жүжигчин Л.Дэмидбаатар цагаан саарал даавуун дээл дээр шар бүс ороож, битүү булган малгай духдуулжээ. “Хасар” Жагаа мөн цагаан саарал даавуун дээл, мөнгөн тоногтой суран бүстэй. Үндэсний хээ товойлгон сампин зангидсан гоёмсог оройтой хагас булган малгайгаар гоёжээ. Найруулагч Ч.Түвшин хүрэн үйтэн хуар дээл өмсөөд хар бүрх тавьж. Найруулагч Н.Наранбаатар чамин хар даавуун дээлтэй. Мөн л хагас булган малгайтай.

Хүүхнүүд дор бүрнээ ихэд зохисон торгон дээл өмссөн байв. Үзэгчдийн хүндэлж явдаг сайхан бүсгүйчүүд болох жүжигчин Б.Хулан, Д.Отгонжаргал нарын залуу эмэгтэй жүжигчид энэ өдөр жүжигчин хэмээх алдраа түр хойш тавиад ахмадууддаа үйлчлэн цай цүй, айраг цагаа зөөн үйлчлээд тун завгүй байлаа. Золголтын дараа хөгшчүүдийг шат руу буулгаж өгч, театраас олгосон бэлэг сэлтийг нь дөхүүлж өгч байсан юм.

Золголт өндөрлөх үед зарим уран бүтээлчтэй уулзлаа. Угийн хөдөлмөрч хүмүүс лав зүгээр суугаагүй дээ гэж бодож байсан болохоор энэ тухай яриа өдөж хөөрөлдлөө.

АРАВ ГАРУЙ ЖҮЖГИЙН ЗОХИОЛ БИЧЛЭЭ

Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав:
-Эгч нь зүгээр сууж чаддаггүй юм. Байнга л нэг юм хийчих санаатай явдаг. 10 гаруй жүжгийн зохиол бичсэнээ ном болгож хэвлүүлээд театртаа, уран бүтээлчдэдээ сая өглөө. Жүжиг болгож болохоорыг нь авч хэрэглэнэ биз. Сэтгэл, оюундаа тээж явж явдаг, санаа бодлоос минь урган гарсан зохиолууд байгаа юм. Бас хүүтэйгээ хамтарч цагаан сэтгэлтэй монгол эр хүний тухай  кино хийх мөрөөдөлтэй. Миний хүү Мандах гэж найруулагч бий.

ЦЭВЭЭНЖАВ, ИЧИНХОРЛОО НАРЫН АХМАДУУД НАМАЙГ ХҮН БОЛГОСОН

Жүжигчин О.Норолхоо:
-Би хүүхдийн дүрд олон жил тоглосон жүжигчин. Хүүхэлдэйн жүжигт ч олон дүр бүтээсэн. Энэ утгаар хүүхдийн, хүүхэлдэйн чиглэлийн жүжигчний ажил, мэргэжлийн онцлог гэсэн сэдвээр өөрийн туулж өнгөрүүлсэн замнал, туршлагад суурилж ном, зөвлөмж бичвэл зүгээр юм байна гэж бодож байна. Одоогоор санаа төдий байгаа юм чинь эгч нь юу ярих вэ. Золголт сайхан боллоо. Их баярлаж байна. Намайг хүмүүс Хүүхэлдэйн театрын жүжигчин гэж бодоод байдаг шиг байгаа юм. Би чинь Драмын театрын хүн. Эндээ ажиллаж байх хугацаандаа хүүхэлдэйн театрт жүжигт тоглодог байсан л даа. Өнөө л алдарт Цэвээнжав, Ичинхорлоо гэсэн мундаг жүжигчид намайг өлгийдөж авч хүн хийсэн түүхтэй. Хоолой нь хүүхдээрээ жүжигчинтэй байх хэрэгтэй гэсэн бодлогоор Л.Ванган багш эд нар сургуулиудаар явж хүүхэд хайгаад 500 сурагчаас таван хүүхэд шалгаруулж авчирсны нэг нь би. Одоо ардын жүжигчин П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Б.Цэрэнпагма бидний таван хүүхэд байсан даа.

ЖУЛЕТТА, КАПУЛЕТТА ХОЁР

Тэртээ 1951 онд Элдэв-Очирын нэрэмжит кино театрт Хүүхэд залуучуудын театр уран бүтээл туурвиж эхэлсэн өдрөөс эхэлж жүжгийн гол дүрүүд бүтээж эхэлсэн гавьяат жүжигчин Б.Энхтуяагийн амар мэндийг эрлээ. Тэрбээр “Би яг л гэртээ суудаг ажилтай болсон. Би чинь эдэн дундаа нэлээд ахмадад тооцогдоно. Тэтгэвэртээ гарсан ч залуугаараа байгаа нөхөд маань юм юм оролдоод сайхан л явна. Өө, тэр хараач Капулетта ирлээ” гэв. Н.Эрднээ гэж инээд алдсан эмэгтэй “За, Жулетта минь явах уу” гэж байна. Тэд 1968 онд ардын жүжигчин С.Гэндэн найруулагчийн удирдлага дор алдарт “Ромео, Жулетта хоёр”-ын Жулетта болон түүний эх Капулеттад тоглодог байжээ. Ромео нь өнөөх Түгжилд тоглодог гавьяат жүжигчин Ц.Готов. Өнөө хэр жүжгийнхээ, дүрийнхээ нэрээр биесээ дуудан хүндэлж, үерхэн дотносч явдаг мөнхийн залуу уран бүтээлч ахмадуудын золголт ийнхүү холыг ойртуулж, хоёрыг уулзуулсан сайхан арга хэмжээ боллоо. Дараа жилийн цагаан сар болтол хол байна даа.

Р.ОЮУНЖАРГАЛ

Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж