Лу.Болд: Гортигны гадна үлддэг байж болохгүй

Хуучирсан мэдээ: 2013.02.18-нд нийтлэгдсэн

Лу.Болд: Гортигны гадна үлддэг байж болохгүй

ЛУ.БОЛД:  НЭГ ХЭСЭГ НЬ ТЭНГЭР РҮҮ, НИЙТ АРД ТҮМЭН НЬ ГОРТИГНЫ ГАДНА ҮЛДДЭГ БАЙЖ БОЛОХГҮЙ

МОНГОЛЫН ТҮҮХЭНД БОЛООГҮЙ ТОМ ХУРАЛ БОЛНО

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Лу.Болдтой ярилцлаа.

-УИХ-ын намрын чуулган завсарлалаа. Чуулганаар хэлэлцсэн асуудлуудын үр дүнгийн талаар яриагаа эхэлье?

-Өнгөрсөн чуулганаар Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн ирээдүйг харсан томоохон шийдвэрүүд гарсан. Дэлхийн зах зээл дээр хөрөнгө босгохоос өгсүүлээд бүтээн байгуулалтын том чиглэлүүдийг багтаасан. Манай салбартай холбоотой Олон улсын сангийн тухай хууль байгаа. Энэ хууль батлагдаж Монгол Улсын идэвхтэй гадаад харилцааг хөгжүүлэхэд чухал механизм бий болсонд баяртай байна. Өөр олон чухал, тухайлбал шүүх эрх мэдлийг шинэчлэх, ажлын байр бий болгох  шийдвэрүүдийг намрын чуулганаар гаргалаа. 

-Та хаврын чуулган эхлэх хүртэл ямар ажил амжуулахаар төлөвлөв?

-Энэ хугацаанд хийх ажил нэлээд байгаа. Гол нь гадаад харилцааны хүрээнд болох гэж байгаа том үйл явдлууд байна. Монгол Улс ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг эдүгээ даргалж байгаа. Даргалж байгаа орны хувьд нийгэмлэгийн сайд нарын долдугаар бага хурлыг дөрөвдүгээр сарын 29-нд зохион байгуулна. Хуралдааны бэлтгэл гэдэг өөрөө маш их ажил юм байна. Таван орны төрийн тэргүүн, 40, 50-иад орны гадаад харилцааны сайд, нийтдээ 120 гаруй орны 1200 орчим төлөөлөгч ирнэ. Тэгээд Засгийн газар, парламент, иргэний нийгэм, эмэгтэйчүүд, залуучууд, оюутан гээд бүх түвшний хүрээлэлд болно. Монголын түүхэнд болоогүй том хурал. Үүний бэлтгэл дээр бид нэлээд анхаарал хандуулж ажиллах ёстой. Дээр нь гадаад харилцааны салбараа хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр олон хууль тогтоолын төсөл дээр ажиллаж байгаа. Ер нь бол салбартаа тавьж байгаа шинэ зорилтууд бий. Үйл ажиллагаатай холбоотой гэх юм бол иргэдийнхээ эрх ашгийг төлөөлөх, үйлчилгээг сайжруулах чиглэлээр их үүрэг хүлээж байна. Түүнчлэн олон улсын түвшинд энэ талаар нэлээд ажил хийх бололцоо бий. Мөн төрийн гадаад бодлогын уялдаа, зохицуулалтыг хангах тал дээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн хүрээнд шат дараатай ажлуудыг хийнэ. Холбогдох дүрэм журамд өөрчлөлт оруулах, яам, агентлаг, гадаад харилцаа эрхэлсэн ажилтнуудын сургалтыг үргэлжлүүлнэ. Аймаг хотын гадаад харилцааг уялдуулан зохицуулах талаар сургалтууд явуулна. Түүнчлэн дипломат төлөөлөгчдийн газруудын байршлыг сайжруулах, үр ашиг, үйл ажиллагааг нь нэмэгдүүлэх, олон улсын байгууллагуудын хүрээнд Монгол Улсын байр суурийг бэхжүүлэхэд  төлөвлөсөн ажлууд нэлээд байна.

-Давост хийсэн айлчлалынхаа тухайд. Хэр үр дүнтэй явж ирсэн бэ?

-Засгийн газрын хуралдаанаар Давосын чуулга уулзалтад оролцсон дүнг хэлэлцлээ. Гишүүд нааштай дүгнэлээ. Чуулга уулзалтад Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид оролцсон. Энэ чуулга уулзалтад анх удаагаа бүх түвшиний  арга хэмжээнүүдэд нь оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлж, удирдлагуудтай нь уулзсан. Хамгийн гол нь ирээдүйд хандсан томоохон шийдвэрүүд гарсан. Яам, Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт хоорондоо санамж бичиг байгууллаа. Энэ жил есдүгээр сард Монголд хандсан Давосын стратегийн бага хурал болно. Бид бэлтгэл ажлаа сайн базаахаар эрчимтэй ажиллаж эхэлсэн. Чуулга уулзалтын албан ёсны төлөөлөгчид гуравдугаар сард ирнэ. Тэдэнтэй том арга хэмжээний бэлтгэлийг хангана. Давосын чуулга уулзалт бол зөвхөн бүс нутаг, дэлхий дахины хоёр түвшинд л хуралддаг. Өнгөрсөн жил анх удаагаа ОХУ-д зориулсан хурал хийсэн юм. Энэ жилийнхийг Монголд хийе гэж тохирсон. Ингэснээр  бүх сонгууль дуусч, улс орны ирээдүйд чиглэсэн том ажлууд шийдэгдэж байгаа цаг үед дэлхийн нөлөө бүхий хүмүүс, компани, эрдэмтдэд нэгдмэл ойлголт өгөх юм. Гол нь тэд Монголыг дэмжээд, хамтраад, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих ийм чухал арга хэмжээ болно. Энэ бол Давосын энэ удаагийн чуулга уулзалтын гол үр дүн гэж бодож байгаа. Мэдээж хэрэг бусад олон үр бүтээлтэй уулзалт, төрөлжсөн бага хурал, арга хэмжээнүүд, Монголыг сурталчилсан, тайлан танилцуулсан гээд олон арга хэм­жээ явагдсан. Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр олон нэвтрүүлэг, ярилцлага сур­талчилгаа явагдсан. Гэхдээ гол үр дүн нь эргээд барьцтай юм.

ӨРСӨЛДӨГЧ БАЙГАА ЦАГТ АЛИВАА ХУУЛЬ ХЭН НЭГНИЙГ ДЭМЖИХ НӨХЦӨЛ БАЙХГҮЙ

-Намрын чуулганаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталсан. Ер нь  энэ хуулийг одоогийн төрийн тэргүүнийг дэмжсэн хууль болчихлоо гэх юм. Та энэ тал дээр ямар бодолтой байна?

-Өрсөлдөгч байгаа цагт аливаа хууль хэн нэгнийг дэмжих нөхцөл байхгүй л дээ. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчиллээ. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн талаар ямар нэгэн эсэргүүцэл хөдөлгөөн гарахгүй байгаа биз. Өөрөөр хэлбэл, хүмүүс сонгуулийн дүнд итгэж байна. Нэг хэсэг нь сэтгэл хангалуун, нөгөө хэсэг нь сэтгэл дундуур байгаа ч аль аль нь хүлээн зөвшөөрч байгаа юм. Тэгэхээр ард түмний дүн энэ байна.

-Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатгаад Сонгинохайрхан дүүргийн маргаантай сонгуулийг явуулах болов уу. Ер нь Сонгинохайрханчууд хэзээ төрд төлөөлөлтэй болох бол?

-Ерөнхийдөө сонгуулийн тухай хууль бол дэвшил болсон. Гэхдээ энэ сонгуулийн хуулийг анх өргөн барьсан хүн нь би. Тэр хуульд ийм маргаантай тойрог, гишүүнгүй тойрог үлдэхээргүй байхаар санал болгосон. Гэтэл Их Хурал хэлэлцэх явцдаа ийм болгочихсон юм. Үүнийг анхнаасаа цогцоор нь бодоод боловсруулчихсан. Ажлын хэсэг үнэхээр дэлхийн олон орны туршлага судлаад Монголд зохицсон хэрэгтэй, бодитой системийг хийсэн. Тэгсэн түүнд өөрчлөлтүүд орж, энэ нь дутагдалтай нь харагдаж байгаа юм. Болохгүй байна. Гэхдээ цаашдаа үүнийг засах хэрэгтэй. УИХ дээр ерөөсөө бүх сонгуулийн хуулийг нэгтгэсэн сонгуулийн хууль гаргахаар бэлтгэж байгаа. Цаашдаа тэр нь өөрчилдөггүй, өөрчлөх юм бол Үндсэн хуулийн харьцангуй хувийн саналаар өөрчилдөг хууль байх хэрэгтэй. Монгол Улсын сонгуулийн тогтолцоо тогтвортой, бүх шатны сонгуулиа ойлгомжтой системд оруулчихмаар байгаа юм. Ямар ч байсан Сонгинохайрханчууд төлөөлөлгүй байж болохгүй. Тэгэхээр СЕХ хуулийн хүрээнд  хуулийн хугацаанд нь зохион байгуулах байх гэж бодож байна.

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ САЙН, МУУ БАЙХЫГ НЬ МОНГОЛЫН ТӨР ЗАСАГ ӨӨРӨӨ ХАРИУЦАЖ ШИЙДНЭ

-Шинэ парламент байгуулагдаад нэлээд хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хийсэн ажлыг нь дүгнэж хэлээч?

-Хүчтэй сөрөг хүчинтэй, эрчимтэй ажиллаж, шинэчлэл хийх эрмэлзэл дүүрэн Засгийн газартай олонхи цөөнхийн бүх механизмууд жигдэрлээ. Парламент эхнийхээ том том хууль, хуулийн төсөл шийдвэрүүдийг хэлэлцлээ. Энэ парламентыг эрийн цээнд хүрсэн гэж хэлж болно. Дараагийн чуулганаар  ард түмэнд амласан, үүрэг хүлээсэн том том шийдвэрүүдээ хэлэлцэж батлах ёстой. Тухайлбал, газрын харилцааны асуудлууд, эх орны баялгийг ард түмэнд хүртээх, үр ашгийг нь иргэддээ хуваарилах болон баялгаас олж байгаа орлогыг ирээдүйдээ чиглүүлэх гэх мэт. Түүнчлэн баялгийн сангаа байгуулах асуудал гээд үнэхээр улс орон, ард түмний амьдралд урт удаан хугацааны туршид нөлөөлөх том том шийдвэрүүд гаргах чуулган болно. Тэгэхээр энэ чуулганд парламент бэлэн байж, тэр хэмжээний ачаа аваад явах ийм л хэмжээнд хүрсэн байх гэж бодож байна.

-Ард түмэнд баялаг хүртээнэ гэж ярихаар Оюутолгойн тухай асуумаар санагдлаа. Оюутолгойн гэрээг УИХ-ын зарим гишүүд муу гэрээ болсон, дахин шинэчлэх хэрэгтэй хэмээн байр сууриа илэрхийлж байгаа. Таны хувьд ямар бодолтой байгаа вэ?

-Оюутолгойн гэрээг албан ёсоор анх удаа чуулганаар хэлэлцлээ. Ямар ч байсан Монголчууд бид ямар ойлголттой байгаагаа нэгтгэж авлаа. Үүнийг хүн бүр өөрийн өнцгөөс л харна. Зарим нь маш муу гэж байгаа бол нөгөө хэсэг нь сайн гэхчлэн хүлээж авч байна. Гэвч сайн муу гэж дүгнэх нь аливаа нэг гэрээнд бололцоогүй. Энэ гэрээ цаашдаа ард түмэнд үр ашиг нь яаж бууж байна гэдгээс л харагдах байх. Миний хувьд энэ гэрээг байгуулах үйл явцад шууд оролцоогүй. Тэгэхээр гэрээ сайн муу байхыг нь Монголын төр, засаг өөрөө хариуцаж шийднэ.

СӨРӨГ ХҮЧНИЙ ШҮҮМЖЛЭЛ БОЛ ТЭДНИЙ ҮҮРЭГ

-Улс төрийн зарим намууд Засгийн газрыг хүч түрэмгийллээ, ардчиллын зарчмаас ухарсан, үнэт зүйлээ алдсан гэхчлэн шүүмжилж байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Бид өмнө нь дандаа цөөнх байсан л даа. Ялгаагүй,  ингэж шүүмжилдэг байсан. Энэ бол угаасаа цөөнхийн хийдэг ажил. Ингэж сануулж байх ёстой, ингэж шахаж, даврахаас нь сэргийлж байх ёстой. Бодит байдалд тийм байдал үүсгэхгүй байх үүднээс үнэхээр ардчиллынхаа дархлааг хамгаалж байх ёстой. Энэ бол сөрөг хүчний түүхэн болоод үндсэн үүрэг.

-МАН бүлгээ байгуулж чадахгүй нэлээд удсан шүү дээ. Үүнийгээ олонхийн түрэмгийлэл гэж тайлбарлаж байгаа?

-Эсрэгээрээ л дээ. Сонгууль боллоо, нэг нам олонх боллоо. Нөгөө нам нь цөөнх боллоо. Тэгэхээр олонхийнхоо ажилд оролцох ёстой биз дээ. Гэтэл цөөнхийн дарангуйлал тогтоогоод Монгол Улсын төр, Их Хурлын бүх ажлыг гацаах тийм механизм руу явсан. Хэрвээ эвсэл ирж Ардчилсан намыг дэмжээгүй бол өнөөдөр Их Хурлын чуулган юу болох байсныг нь мэдэхгүй юм. Өөрөөр хэлбэл, сонгуульд ялагдсан хорслоо ард түмнээс авах гэж байна. Та нар биднийг сонгоогүй гэсэн сэтгэхүйгээр төрийн хэрэгт хандаж байна гэсэн үг. Ерөөсөө парламент гэдэг цөөнх ч бай олонхи ч бай, сонгогдсон бол сонгуулийнхаа үр дүнгээр орж ирээд олонхи бол ажлаа хий, цөөнх бол түүнийг шүүмжил, ингээд л мэтгэлцэх хэрэгтэй. Ийм л эрх өгсөн. Түүнээс биш хурлыг гацаа, төрийг гацаа, ард түмний төлөө гарах гэж байгаа шийдвэрүүдийг зогсоо, бүх юмыг барьцаал, ялагдсан ч гэсэн хүчээр тэдэнд албан тушаал өг гэсэн үг биш л дээ. Ийм л үзэл бодолтой хүмүүс дотор нь байсан юм биш байгаа,  тэднээрээ хөтлүүлээд, дагааад намаа, төрийнхөө тогтолцоог ийм эрсдэлд оруулсан юм биш байгаа гэж боддог.

Ухамрсартай хүмүүс бол хангалттай байгаа. Ухамсартай төрийн зүтгэлтнүүд олонхи цөөнх аль нь ч бай ард түмэндээ ажлаа тайлагнаад, зорилтоо дэвшүүлээд явах ёстой. Энэ бол зүгээр л төрийн тогтвортой байдал.

-Сүүлийн үед МАН, МАХН-тай нэгдэх хүсэлтэйгээ илэрхийлэх боллоо. Улс төрийн энэ үйл явцыг хөндлөнгийн байр сууринаас хэрхэн харж байгаа вэ?

-Түүнийг сонин хэвлэлийн хүрээнд л мэдэж байна. Эвсэл бол сонгуульд оролцсон хүрээллээр л ярина.

МИАТ-ТЭЙ “БОДЬ” ГРУПП ХОЛБООТОЙ БАЙХ ЯМАР Ч ҮНДЭС БАЙХГҮЙ

-Та УИХ-д ямар хуулийн төсөл санаачилж өргөн барьсан бэ. Баянмонгол, Эрдэнэс Монгол гэсэн хуулийн төсөл хаврын чуулганы хэлэлцэх асуудалд багтсан байсан. Энэ хуулийн төслийнхөө тухай дэлгэрэнгүй ярьж өгөөч?

-Миний хувьд хоёр төсөл дээр ажиллаж байгаа. Газар өмчлүүлэх тухай хууль, хоёр дахь нь Баянмонгол буюу өнөөдөр байгуулчихаад байгаа “Эрдэнэс Монгол”. Өмнө нь миний өргөн барьсан төслийн дагуу Хүний хөгжил сангийн хууль гэж гаргасан. Ямар ч байсан компаниа байгуулаад иргэддээ хувьцаа өглөө. Одоо харин хүмүүс гайхаж байна. Би хувьцаатай юм уу, үгүй юм уу. Миний хувьцаа үнэлгээтэй юм уу, үгүй юм уу. Хувьцаатай үнэлгээтэй гэж бодоход би энэ компанид оролцох юмуу. Надад эрх үүрэг юу байна гэх мэт. Энэ бүгд тодорхой байх ёстой юмаа. Тэгэхээр уг хуулийн төслөө шинэчлэн боловсруулаад, дараагийн чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан байгаа. Хууль гарснаараа хөгжлийн бас нэг томоохон суурь тавигдана. Хөгжил гэхээр энэ тэнд барилга барихыг яриад байгаа юм биш. Харин монгол хүн бүхэн хөгжих, хүн бүрийн суурь, дэд бүтцийг бий болгох асуудал юм. Иргэн хүнд дэд бүтэц гэхээр өмч хэрэгтэй, боловсрол, амьдралын таатай орчин хэрэгтэй. Энэ бүгдийн бүх хүрээг шийдвэрлэхэд нэг том алхам болно гэж бодож байгаа.

-Ер нь бол ард түмний ахуй амьдралд чухал үүрэгтэй л хуулийн төсөл гэж ойлгож байна. Та илүү ойлгомжтой, энгийнээр тайлбарлаж өгөөч?

-Сонгуулиар их тайлбарласан л даа. Манай Хан-Уул дүүргийнхэн их сайн мэддэг юм. Бусад тойрог сайн мэдэхгүй. Алсаас юу байгаа бол гэж гайхаад байдаг. Ерөөсөө л маш товчхоноор ярихад манай улсад асар их баялаг байна. Дэлхийн 10 баян орны нэг. Гэтэл бидэнд хоёр зам байна. Нэг болохоор бусад орон шиг баялгийг нь нэг хэсэг хүн, эсвэл  гадныхан эзэмшдэг. Ингээд бусад нь тэднээс хааяа нэг хишиг хүртээх замаар явдаг. Хүртэхгүй бол тэгээд байдгаараа байдаг. Эсвэл их баялаг байгаа юм чинь монголын ард түмэн  өөрсдөө тэгш бололцоогоор хангагдаж, баялагаа өмчилж эзэмшээд үүнийхээ үр өгөөжийг хүртэж байя. Ингэснээр ард түмэн нь өмчлөгч болсон үндэсний том уул уурхайн баялгийг эдийн засгийн эргэлтэд оролцуулсан компани корпарацийг үүсгээд явна. Миний хувьд энэ замыг сонгоод байгаа юм. Хэрэв бид тэрбум хүнтэй байсан бол бололцоогүй. Зуун сая хүнтэй байсан бол бас бололцоогүй. Монголчууд бид гурван сая хүрэхгүй учраас болж байна. Яагаад гэвэл баялаг нь их. Ерөөсөө нэг хоёр орд гэхэд л триллион ам.доллараар яригдаж байгаа. Энэ үнэлгээг ард түмэндээ хуваана гэсэн үг. Тэгэхээр энэ их хөрөнгийг ард түмэндээ хаяглаад, өмчлүүлээд, тэдний хараа хяналт дор цаашдаа эргэлтэд оруулаад, улс орноо зөв гольдролоор нь хөгжүүлэх боломж байна. Үүнийг л бид хэрэгжүүлэх ёстой. Эхний шатандаа гадна дотны компаниудтай хамтран ажиллах, дэмжлэг авах хэрэгтэй. Цаашдаа манай баялгийн сан дэлхийд өрсөлдөх хэмжээний томоохон болно л доо. Тэгэх юм бол хэн ч энэ компанийг хулхидах гэж зүрхлэхгүй, хэний ч дор энэ компани орохгүй. Хэн ч хаанаас нь харсан чин шудрагаар хэрэгжиж байх юм бол баялгийг ашиглаад, ялгаа нь хоёр тийшээ явж болохгүй. Нэг хэсэг нь тэнгэр рүү авираад яваад өгдөг, иргэд нь болохоор гортигны гадна үлддэг. Ийм байдлыг л халъя гээд байгаа юм.  Үүнийг манай нам дэмжиж байгаа учраас сонгуулийн мөрийн хөтөлбөрт Баянмонгол төслийг хэрэгжүүлнэ гэж орсон. Тухайн сонгуульд бид цөөнх болж, бүрэн хэрэгжүүлж чадаагүй. Одоо бол хэрэгжүүлэх бүрэн бололцоотой гэж үзэж байна.

-Бодь группийг МИАТ-тэй холбоотой гэж хэвлэлүүд бичих болсон. Та энэ асуултад тайлбар өгөөч?

-МИАТ-тэй “Бодь” групп холбоотой байх ямар ч үндэс байхгүй. Би “Бодь” группэд 2004 он хүртэл ажиллаж байсан. Үүсгэн байгуулагч нь гэдгээр над руу наах гээд байх шиг байна. Тийм учраас ямар нэгэн оролцоо, ойлголт, хамаарал байхгүй гэдгийг албан ёсоор хэлье.

О.МӨРӨН
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж