Баргил хоолойт Пүүжээгийн шар дэвтэр

Хуучирсан мэдээ: 2013.02.18-нд нийтлэгдсэн

Баргил хоолойт Пүүжээгийн шар дэвтэр

Энэ удаагийн дугаараасаа эхлэн ДБЭТ-ын 50 жилийн ойд зориулж дуурийн урлагийн эрхэм хүндтэй, авьяаслаг эрхмүүдийн тухай хүргэх гэж байна. Хамгийн түрүүн баргил хоолойт Пүүжээ  хэмээн олноо хүндлэгдэж ирсэн Ц.Пүрэвдорж агсны дуурийн урлагт зүтгэсэн амьдралын түүх, дурсамжаа мөнхөлсөн шар дэвтрийн тухай сонирхуулах гэж байна.

Монголын “Зууны манлай” дуурийн дуучин, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Пүрэвдорж агсан бол дуурийн урлагт өөрийн амьдралаа зориулж, авьяас билгээ олон улсад түгээж явсан хүн билээ. Тэрбээр хойч үр удамдаа тайзнаа амилуулсан дүр, оролцсон тоглолт бүрийн тэмдэглэлийг энэхүү шар дэвтэртээ он, сар, өдрөөр нь дараалуулан тэмдэглэн үлдээжээ. Шар дэвтрийн хавтсыг нээвэл анх дуулсан дүрүүд, аль театрын тайзан дээр, хэдийд гэх зэргээр нямбайлан хүснэгтэд бичжээ. Ц.Пүрэвдорж  агсны анхны бүтээсэн дүр нь П.И. Чайковскийн “Е.Онегин” дуурийн Гремин. Тэрбээр энэхүү дүрээ 1963 оны гуравдугаар сарын 18-нд Улаанбаатар хотод бүтээсэн байна. Мөн “Учиртай гурван толгой” дуурийн Балганы дүрийг 1949 оны арванхоёрдугаар сарын 18-нд бүтээжээ. Ц.Пүрэвдорж агсан шар дэвтрийнхээ хуудас бүрийг дугаарласан байсан. Арванхоёрдугаар хуудсанд “Хөгжимт Драмын театр”-т тоглосон дүрүүд хэмээн гарчиглаж 1947- 1963 оны хооронд бүтээсэн дүрүүдийнхээ тухай тэмдэглэсэн байна. Тэрбээр дээрх хугацаанд “Учиртай гурван толгой” дуурийн Ард өвгөн, Балганы дүрийг тайзнаа амилуулжээ. Одоогоос 60 гаруй жилийн тэртээ ДБЭТ-ын тайзнаа ямар дуурь тоглогдож, хэн удирдаж, хэн гоцлон тоглож байсны гэрч болон үлджээ, энэхүү шар дэвтэр.  Баргил хоолойт Пүүжээ  хөдөө орон нутаг, дуурийн орон Орост дуу хоолойгоо хүргэсээр ирснийг шар дэвтэр гэрчилнэ. 1964 оны хоёрдугаар сарын 19-нд ардын жүжигчин С.Гончигсумлаа агсны 50 насны хүндэтгэлийн баярт оролцсон байна. Үүний дараа 1965-1966 онд болсон “Монгол кино-30 жил” тоглолт, 1966-1967 онд “Д.Нацагдоржийн 60 нас”-ны хүндэтгэлийн ойн концерт, мөн “Үнэн” сонины  10000 дахь дугаарын баярын тоглолтод оролцжээ. Мөн “Миний ажилласан уран бүтээл” гэсэн  хүснэгтэд “Солонгос түмний ялалт” дуунд 1953 онд ая хийж урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Доёддорж дуулсан хэмээн тэмдэглэжээ. Мөн 31 дүгээр хүснэгтэд “Ардын арми-75” тоглолтыг 1996 онд найруулан тавьсан гэжээ.  Шар дэвтрийг эргүүлэх тусам бидний үеийнхний мэддэггүй олон сонирхолтой зүйлсийг бичжээ. Ц.Пүрэвдорж агсныг дуурийн дуучин гэдгээр нь мэддэг байсан ч энэхүү шар дэвтрийн ачаар түүнийг дууны ая зохиож, тоглолт найруулан тавьж байсныг мэдэв. Уг хүснэгтийн 15 дугаарт Хөвсгөл аймагт Хөдөлмөрийн гавьяаны одон авахтай холбогдуулан 1980 онд тоглолт найруулсан гэжээ. Мөн 23 дугаарт Шарайн голын гурван хаан теле киноны Цэдшимэрийн дүрд 1994 онд тоглов, мөн  25 дугаарт “Учиртай гурван толгой” дуурийн дөрвөн дүрийн уралдааны нэг, хоёрдугаар болзлыг 1990-1994 онд хангав хэмээн тэмдэглэн үлдээсэн байх юм. Ийнхүү Ц.Пүрэвдорж агсны уран бүтээлийн түүх, дурсамжийг шар дэвтэр нь хэний ч оролцоогүй хэлээд өгөх биз ээ.

Б.МАРАЛ
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж