Хьюстон хотод болсон Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны бүх оддын 62 дахь тоглолт баруун эргийнхний ялалтаар өндөрлөлөө. Баруун эргээс хамгийн үр бүтээлтэй тоглолтыг Крис Пол үзүүлж 20 оноо, 15 дамжуулалт өгсөнөөр энэ жилийн бүх оддын үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан юм. Хэдийгээр баруун эргээс Кевин Дюрант 30 оноо авсан ч дамжуулалт, самбараас бөмбөг авалтанд тун тааруу үзүүлэлт үзүүлсэн билээ. Харин Блейк Гриффин 19 оноо аван удаалжээ. 15 дахь удаагаа бүх оддын тоглолтонд оролцож, өнөө цагийн шилдэг сагсан бөмбөгчин гэж хүндлэгддэг Коби Брайнт 9 оноо, найман самбараас бөмбөг авалтыг үзүүлсэн байна. Зүүн эргийн багаас Кармело Энтони 26 оноо авсан бол Дуэйн Вейд 21 оноо, Леброн Жеймс 19 оноо авч багтаа дэмжлэг үзүүлсэн ч баруун эргийнхнийг барсангүй. Энэ жил зүүн эргийн бүх оддын багт анх удаа багтсан Кайри Ирвинг 15 оноо авсан бол Пол Жорж 17 оноо авч үр дүнтэй тоглолт үзүүлжээ. Харин ялалт байгуулсан баруун эргийн багт анх удаа багтсан зохион байгуулагч хотын Рокетс багийн Жеймс Харден 17 оноо авсан байна.”Бүх оддын үнэ цэнэтэй тоглогч болсондоо баяртай байна. Бүх оддын тоглолтод оролцоно гэдэг асар их нэр хүндийн хэрэг байдаг. Харин энэ тэмцээний үнэ цэнэтэй тоглогч болно гэдэг бүр их нэр хүндийн хэрэг. Хөгжөөн дэмжигчиддээ баярлалаа” гэж Крис Пол ярьжээ. Ийнхүү 1951 оноос хойш 62 удаа тулсан оддын тулаанд баруун эргийн 26 ялалт байгуулж хоорондын харьцааг бага зэрэг ойртууллаа. 1951 оноос эхэлсэн энэхүү тулаанд зүүн эргийнхэн 36 удаа хожсоноор илүүрхэдэг билээ. Харин сүүлийн гурван жил дараалан баруун эргийнхэн зүүнийхэнийг хожоод байна.
Баруун эргийнхэн ялалт байгууллаа
Б.БОЛОРСҮХ