Оскар Писториусийг санаатай аллагад сэжиглэв

Хуучирсан мэдээ: 2013.02.17-нд нийтлэгдсэн

Оскар Писториусийг санаатай аллагад сэжиглэв

Яллагч нарын талаас гүйлтийн тамирчин Оскар Писториусийг өөрийн найз бүсгүйг санаатай хөнөөснийг хүлээн зөвшөөрүүлэхээр шаардаж байна гэж Өмнөд Африкийн прокурор Жерри Нел мэдэгдлээ. Бүсгүйг хөнөөсөн хэргээр яллагдах Писториусийг батлан даалтад гаргах эсэхийг шийдэж байгаа шүүхийн танхимд энэ тухай Нел хэлсэн байв. Гэвч шүүгч шүүх хуралдааныг хоёрдугаар сарын 19 хүртэл хойшлуулсан гэж Sky News дамжуулжээ.

Оскар Писториус. Фото: Jahannes Eisele / AFP
Хэрэв аллагыг санаатай гэж шүүх үзвэл Писториуст барьцаагаар суллагдах боломж бараг гарахгүй. Өмнөд Африкийн хуулийн дагуу тамирчны өмгөөлөгч нарт онцгой нөхцөлийг гаргаж байж Писториусыг барьцаагаар суллуулах ёстой болох нь. Писториус шүүхийн танхимд байхдаа уйлж байсан ба түүний өмгөөлөгч нь тамирчныг сэтгэл зүйн маш хүнд дарамтад байгаа хэмээн мэдэгджээ.

Писториусийн найз бүсгүй, 30 настай Рева Стенкамп хоёрдугаар сарын 14-ний шөнө хөнөөгдсөн юм. Писториусыг өөрийн найз бүсгүйг гар буугаар буудаж хөнөөсөн хэмээн сэжиглэж байгаа. Тамирчин угаалгын өрөөний хаалгыг нэвт буудаж, бүсгүйн толгой, цээж, гар, сүүжинд нь оносон байсан юм. Энэ хэргийн талаар эхлээд Стенкамп хайрт залуудаа гэнэтийн бэлэг бэлтгэсэн байсныг мэдээгүй Писториус түүнийг дээрэмчин гэж андуурч буудсан хэмээн мэдээлж байв. Өмнөд Африкийн Beeld хэвлэлд өгүүлснээр Стенкампын аллагаас хоёр цагийн өмнө тамирчин залуу найз бүсгүйтэйгээ муудалцаж, шуугиан дэгдээсний улмаас хөршүүд нь цагдаа дуудсан байжээ. Өдгөө 26 настай Писториусийн хоёр хөл өвдөгнөөс доогуур тайралттай бөгөөд паралимпийн тэмцээнд протезтайгаар оролцон, зургаан удаа алтан медаль хүртсэн юм. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж