Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес өнгөрсөн арванхоёрдугаар сард Кубын Гавана хотод хорт хавдрын шинэ эс авах хагалгаанд орсноосоо хойш өнөөг хүртэл олны өмнө гараагүй байгаа билээ. Тэгвэл өчигдөр Венесуэлийн Засгийн газраас Уго Чавесийн хагалгааны дараа бие нь сайжирч, охидтойгоо сонин уншин инээлдэж буй зургийг нийтэлсэн байна. Венесэулийн Засгийн газраас Ерөнхийлөгч Уго Чавесийн хагалгааны дараахи зурагнуудыг нийтэлсэн нь түүний биеийн байдлын талаар янз бүрийн ташаа мэдээлэл цацагдаж, ард иргэд ихээр үймэх болсонтой холбоотой аж. Засгийн газраас Ерөнхийлөгч Уго Чавесийн эдгээр зургуудыг өнгөрсөн пүрэв гаригийн шөнө авсан хэмээн мэдээлсэн бөгөөд энэ нь түүнийг хагалгаанд орсноос хойшхи хоёр сарын хугацаанд олонд дэлгэж буй анхны зураг юм байна.
Өдгөө 58 настай Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес өнгөрсөн 2011 оны дунд үед хорт хавдар өвчинтэй гэдэг нь оношлогдсноос хойшхи 18 сарын хугацаанд дөрвөн удаа хагалгаанд ороод байгаа билээ. Венесуэлийн төрийн эрхийг 14 жилийн турш барьсан Уго Чаьес өнгөрсөн оны аравдугаар сард улиран сонгогдсноор дахин зургаан жил ерөнхийлөгчөөр ажиллах болоод байгаа юм. Гэсэн хэдий ч тэрээр биеийн байдлаас шалтгаалан өнөөг хүртэл ерөнхийлөгчийн тангаргаа өргөөгүй байгаагаар барахгүй сүүлийн хагалгаанд орохоосоо өмнө дэд Ерөнхийлөгч Николас Мадурог залгамжлагчаараа нэрлээд байгаа юм.
Б.АНХТУЯА