Засгийн газрын хуралдаан өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2013.02.16-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хуралдаан өндөрлөлөө

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэж, дараах шийдвэрүүд гаргалаа.
 

Нийслэлийн дулаан хангамжтай холбоотой шийдвэр гаргалаа

 
Улаанбаатар хотын дулаан хангамж 2013-2014 оны өвлийн их ачааллын үед нийт хэрэглээг даах боломжгүй, өөрөөр хэлбэл дулаан хангамж доголдохоор байгаа юм. Иймд ирэх өвлийн оргил ачааллаас өмнө нийслэлийн дулаан хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангахын тулд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “УС-15” халаалтын зуухыг шинэчлэн 300 МВт хүчин чадалтай дулааны станц барихаар шийдвэрлэлээ.

Уг станцыг гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулан гүйцэтгэлээр санхүүжүүлж, "түлхүүр гардуулах" нөхцөлөөр барих юм. Дулааны станцын эхний зуухыг энэ оны 12 дугаар сараас өмнө холбогдох шугамын хамт ашиглалтад оруулах үүргийг Түлш, эрчим хүчний сайд М.Сономпилд өнөөдрийн хуралдаанаас өглөө.

 Монгол судлалыг төрөөс дэмжинэ

 
“Монгол судлалын төв нь Өвөрмонгол" гэсэн ойлголтыг өөрчилж “Дэлхийн монгол судлалын төв нь Монгол Улс” гэж батлан харуулах шаардлага бидэнд бий. Монгол судлалын олон салбар ухааныг тэгш хөгжүүлэх нь шинжлэх ухааны ач холбогдолтой төдийгүй Монгол Улсын гадаад нэр хүнд, тусгаар тогтнолын баталгаатай шууд холбоотой.

Ийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн 14 дүгээр зарлигаараа Монгол судлалыг дэмжих сан байгуулахыг Засгийн газарт чиглэл болгосон байдаг. Сангийн хөрөнгөөр эх түүх, үндэсний соёлын өв сангаа өргөн хүрээнд судлах, залуу судлаачдыг урамшуулан залгамж үе бэлтгэн чадавхижуулах, монгол судлалын үр өгөөжийг нэмэгдүүлэн дэлхий дахинд сурталчилдаг байхаар заасан юм. Дээрх чиглэлийн хүрээнд “Монгол судлалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр’’-ийг Засгийн газар өнгөрсөн онд баталж, энэ чиглэлд тодорхой бодлого гаргасан юм. Хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд хэд хэдэн өөрчлөлт оруулах шаардлага бий болжээ. Өнөөдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

 Хуулийн төсөл батлагдсанаар монгол судлалаар мэргэшсэн дотоод, гадаадын судлаачдын хамтын ажиллагаа сайжирч, Монгол судлалын мэдээлэл, сурталчилгааны цар хүрээ өргөжих эрх зүйн орчин бүрдэнэ. Мөн Монгол судлалыг эдийн засаг, санхүүгийн хувьд төрөөс бодитой, тогтвортой дэмжих зохицуулалт бий болох юм. Монгол судлалыг дэмжих санд төсвийн хөрөнгөөс 2013-2016 онд 8,7 тэрбум төгрөгийг үе шаттайгаар төсөвлөн зарцуулах тооцоо гарчээ.
 

Шатахууны үнэ барихад чиглэсэн хөтөлбөр үр дүнгээ өгч эхэллээ гэж дүгнэв

 
"Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр"-ийн хэрэгжилт, гарсан үр дүнгийн талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
 
Нийгэм, эдийн засагт хүчтэй нөлөөлдөг стратегийн бүтээгдэхүүн болох газрын тосны импортын хараат байдал манай улсад инфляци хөөрөгдөх суурь хүчин зүйл болсоор ирсэн. Иймд Монголбанк, Уул уурхайн яам хамтран санхүүжилтийн өртөг, ханшийн эрсдлийг гадаад зах зээлийн нөхцөлтэй уялдуулан зохицуулж, жижиглэнгийн газрын тосны бүтээгдэхүүний үнийн огцом хэлбэлзлийг тогтворжуулахаар “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийг өнгөрөгч оны 10 дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас хэрэгжүүлэгч 11 компанид 3.8 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай 93.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.

 Сүүлийн гурван сарын гадаад үнийн цочир өсөлт дотоодод шатахууны хомсдол үүсгээгүй, үнэ нь ард иргэдэд дарамт багатай туссан нь хөтөлбөрийн чухал үр дүн гэж Уул уурхайн яамнаас танилцууллаа. Дэд хөтөлбөр хэрэгжсэнээр сүүлийн хоёр сарын хугацаанд улсын хэмжээнд шатахууны нөөц хоёр дахин, тэр дундаа АИ-92 бензиний нөөц 3.1 дахин нэмэгдсэн байна. Өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад олон эерэг үр дүн, статистик үзүүлэлт гарчээ. 2011 оны 5 дугаар сард газрын тосны бүтээгдэхүүний нөөц шавхагдан дизель түлш литр тутамда 310 төгрөгөөр өсч байсан, өнгөрсөн оны эхэн үед нэг хоногт газрын тосны бүтээгдэхүүний үнийг 250 төгрөгөөр нэмж дотоодын зах зээлд доргилт өгч байсан зэргээр сүүлийн жилүүдэд тулгарсаар ирсэн эрсдэл энэ жил дорвитой буурчээ. Өөр нэгэн том үр дүн бол гадаад зах зээл дээрх үнэ өсөхөд дотоодын жижиглэнгийн худалдааны үнэд биш, харин бөөний худалдааны үнэд шингээдэг механизмд шилжиж эхэлсэн явдал. Хөтөлбөр хэрэгжиж эхлэх үеийнхтэй харьцуулбал дизель түлшний импортын хилийн үнэ 26 хувиар, дотоодын зах зээлд бөөний үнэ 28 хувиар өссөн байхад жижиглэнгийн үнэ 6 хувьщиар л нэмэгджээ.
 
Манай улс шатахууныг 100 хувь импортоор авдгийн 91 хувийг нь зөвхөн ОХУ-аас нийлүүлдэг. 269 орныг хамруулан хийсэн олон улсын судалгаанаас үзэхэд, шатахууны импорт нь дотоодын нийт бүтээгдэхүүний 5-аас дээш хувь эзлэхэд л макро эдийн засагт эрсдэл дагуулж болзошгүй байдаг аж. Гэтэл манай улсын шатахуун дотоодын нийт бүтээгдэхүүний 13 хувийг эзэлдэг тул ийнхүү тухайлсан дэд хөтөлбөр хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүсгэсэн юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр зээлийн хүүгийн зардал, валютын ханшийн өсөлтөөс компаниудад үзүүлж байгаа санхүүгийн дарамтыг бууруулж, гадаад үнийн өсөлтөөс бусад тохиолдолд дотоодын жижиглэнгийн үнэ өсөхгүй байх нөхцөл бүрдүүлсэн хэмээн Засгийн газрын гишүүд дүгнэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж