Писториус найз бүсгүйгээ хөнөөгөөгүй гэв

Хуучирсан мэдээ: 2013.02.16-нд нийтлэгдсэн

Писториус найз бүсгүйгээ хөнөөгөөгүй гэв

Өмнөд Африкийн нэрт тамирчин, Олимп болон Паралимпийн наадмын гүйлтийн аварга Оскар Писториусыг найз бүсгүй Рийва Стинкэмпийг буудан хөнөөсөн хэрэгт буруутган шүүсэн шүүх хурал өчигдөр Претория хотод болж өнгөрлөө. Претория хотын прокуророос Оскар Писториусыг найз бүсгүй Рийва Стинкэмпийг санаатайгаар буудан хөнөөсөн хэмээн ял тулгажээ. Харин 26 настай “илдэн дээр гүйгч” гэгддэг Оскар Писториус өөрт нь тулгаж буй хэргийг эрс үгүйсгэж, шүүх хурал дээр нулимс дуслуулан байж, хайртай бүсгүйгээ хөнөөгөөгүй гэж мэдэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор шүүхээс Оскар Писториусын хэргийг эцэслэн шийдвэрлэх шүүх хурлыг ирэх мягмар гариг хүртэл түр хойшлуулж, дахин цагдаагийн мөрдлөгө хийхээр болсон байна. 45 минут үргэлжилсэн анхан шатны шүүх хуралд Оскар Писториусын аав Хенке, ах Карл, дүү охин Эйми болон хохирогчийн ар гэрийнхнээс гадна олон тооны сэтгүүлчид хүрэлцэн иржээ. Претория хотын шүүхээс нэрт тамирчин Оскар Писториусыг найз бүсгүй Рийва Стинкэмпийн амийг санаатайгаар хөнөөсөн гэж нотолбол тэрээр бүх насаараа хорих ял сонсох аж.

Өмнөд Африкийн модель Рийва Стинкэмп уржигдар найз залуу Оскар Писториусын Претория дахь гэрийн угаалгын өрөөний үүднээс толгой, цээж, бөөр, гарандаа тус, тус буудуулж нас барсан байдалтай олдсон юм. Цагдаа нарын мэдээлснээр хохирогчийг үүрийн 04-05:00 цагийн хооронд 9 мм-ийн гар буугаар дөрвөн удаа буудан хөнөөсөн байжээ. Рийва Стинкэмпийг оршуулах ёслол Оскар Писториусыг шүүх хуралтай давхцан ирэх мягмар гаригт төрөлх Порт-Элизабет хотноо болох юм байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж