
Холливудын хүндтэй эрхмүүдийн нэг жүжигчин Брюс Уиллис нас хэвийсэн хойно төрсөн бага охин Мейбелдээ ухаангүй хайртай гэнэ. Энэ тухайгаа Брюс Уиллис бахархалтайгаар олонд зарлах дуртай бөгөөд сүүлийн үед түүний амнаас хэнз охиноо магтаж, өхөөрдсөн үгс салахаа больжээ. Жүжигчин Брюс Уиллис өчигдөр Английн “ITV"s Daybreak” телевизийн “One Show”-д ярилцлага өгсөн бөгөөд ярилцлагынхаа туршид бага охиноо магтаж, хэр их хайртайгаа дахин, дахин нотлон ярьсан байна. Түүнчлэн Брюс Уиллис арван сартай Мейбел охин нь хэрхэн өдөржин түүнийг баясгаж, инээлгэдгийг үзүүлэх гээд телевизийн ярилцлагын үеэр амандаа балгасан усаа шууд асгаж үзүүлжээ. Хэдийгээр Брюсийн энэхүү үйлдэл зарим хүмүүст бүдүүлэг мэт санагдах болох ч тэрээр зөвхөн бага охин нь хэрхэн шүлсээ гойжуулан ярьдгийг үзүүлэх гэсэн аж. Харин үүний дараа Брюс Уиллис “Миний бодлоор бяцхан охин Мейбелээ инээлгэх гэж оролдох нь кинонд жүжиглэхээс хавьгүй хэцүү. Би бүр түүүнийг инээлгэхийн тулд өдөржин янз бүрийн хачин, тэнэг үйлдэл хийж, элдвээр аягладаг гээч.” хэмээн ярьсан байна. Цааш нь тэрээр “Би том охидоо шилжилтийн насны дунд үедээ байхад тэдний төлөө юу хийж, ямар зөвлөгөө өгөхөө үнэхээр мэдэхгүй байсан. Гэхдээ одоо тэд маань хэдийнэ алдартай бүсгүйчүүд болжээ. Бас би тэднийг үнэхээр гайхалтай хүмүүс болж өссөнд үнэхээр баяртай байгаа. Харин миний бага охин Мейбелийн хувьд тэр үнэхээр алиа шүү. Би Румер, Скаут, Талулу нарыгаа өсгөж байхдаа бага охин Мейбелээсээ мэдэрсэн шиг тийм сонин, үгээр хэлшгүй мэдрэмжийг мэдэрч байсангүй. Мейбел маань төрсөн цагаасаа эхлэн намайг бага багаар хөгжилтэй, наргианч болгож өөрчилсөөр байгаа. Энэ үнэхээр сонин шүү” хэмээн ярьсан байна. Тэрээр экс эхнэр Деми Муртай амьдарч байхдаа гурван охинтой болсон бөгөөд өдгөө Румер 24, Скаут 21, Талулу 19 настай.
Өдгөө 57 настай Брюс Уиллис саяхан нээлтээ хийсэн “A Good Day To Die Hard” шинэ киногоо сурталчлах ажлаар Английн нийслэл Лондон хотноо ирээд байгаа нь энэ аж. “A Good Day To Die Hard” кино Валентины баярын өмнөх өдөр дэлхийн нээлтээ хийгээд байгаа юм байна.
Б.АНХТУЯА