Монгол Улсын Засгийн газар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор гадаад орнуудтай орлого ба хөрөнгийн татварыг давхар ногдуулахгүй байх, татвар төхөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хоёр талын хэлэлцээрийг нийт 35 улстай байгуулж байжээ. Гэвч уул уурхайн салбар эрчимтэй хөгжихийн хэрээр томоохон төсөл хэрэгжиж, түүнийг дагаад үндэстэн дамнасан компаниуд Монголд үйл ажиллагаа эрхлэх болсноор дээрх гэрээний зарим заалтуудаас болж Монгол Улс олон тэрбум төгрөгөөр илэрхийлэгдэх татварын орлогоо алдах болжээ. Тиймээс энэ байдалд дүгнэлт хийж дээрх нэр бүхий дөрвөн улстай байгуулсан хэлэлцээрийг хүчингүй болгох шийдвэрийг гаргасан байна. Судалгаагаар ч Кувейт, Люсембургийн Вант улс, Нидерландын Вант улс болон Арабын нэгдсэн Эмират улстай байгуулсан давхар татварын гэрээ Монгол Улсын эрх ашгийг ноцтой зөрчсөн заалтуудтай болох нь тогтоогджээ. Тодорхой жишээ татвал “Айвенхоу майнз” компани “Саутсгоби сэндс” компани дахь өөрийн эзэмшлийн хувьцааг 898 сая ам.доллараар Хятадын “Чалко” компанид борлуулсан ажил гүйлгээ, үүнтэй адилтгах бусад ажил гүйлгээнээс үүсэх хувьцаа борлуулсны орлогод Монгол Улс татварын хууль тогтоомждоо өөрчлөлт оруулсан ч давхар татварын гэрээ хэлцлийн улмаас татвар авч чадахгүйд хүрч байсан аж. Өөрөөр хэлбэл, давхар татварын сул талуудыг ашиглан гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Нидерланд, Люксембург зэрэг улсуудад толгой компаниа бүртгүүлэх замаар Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж, татвараас зайлсхийх нь түгээмэл үзэгдэл болж хувирсан байна. Тиймээс УИХ-ын зүгээс энэ алдааг яаралтай засах зорилгоор дээрх хэлэлцээрийг хүчингүй болгон баталжээ. Ингэснээр “Оюутолгой” компанийг татвараас бултах боломжгүй болгосон байна. Оюутолгой орд бол алт, зэсийн нөөцөөрөө дэлхийд нэлээд дээгүүрт орох ордод тооцогдож байгаа бол Монгол Улсын хувьд хамгийн их зэсийн ордтой нөөцөд хамаарч буй. Тодруулбал, 40 сая тонн зэсийн нөөцтэй болохыг холбогдох байгууллагууд судалгаагаар тогтоосон билээ. Гэвч хөрөнгө оруулагч тал болох “Рио Тинто” компанийн хувьд “Оюутолгойн ордыг сорчилж ашиглана” гэх үгийг сүүлийн үед Засгийн газарт илгээх болсон нь Монгол Улсын зүгээс гурван жилийн өмнө байгуулсан гэрээ, Техник эдийн засгийн үндэслэлд заасан заалтуудаа эргэн харж хууль зөрчихгүй байхыг анхааруулж буй. Мөн энэхүү асуудал хийгээд 2012 онд татвараа төлөөгүй байдал, санхүүгийн тайлангаа ил болгодоггүй зэрэг хууль зөрчсөн үйлдлүүд, анхны оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ хоёр тэрбум ам.доллараар нэмэгдэж 7.1 тэрбум ам.долларт хүрсэн шалтгааныг тодруулах зэрэг зорилгоор энэ сарын сүүлээр “Оюутолгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хуралдааныг товлоод байгаа билээ. Тиймээс хууль эрх зүйн хүрээндээ бол “Оюутолгой” ХХК татвараас бултах боломжгүй болсон гэсэн үг.
“Оюутолгой” татвараас бултаж байжээ
Намрын чуулган завсарласнаар УИХ амралтад шилжив. Байнгын хороодоос одоогийн байдлаар Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, Төсвийн байнгын хороо тус бүр намрын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэсэн ажлынхаа тайланг тавьсан бол бусад зургаан байнгын хороо ирэх өдрүүдэд мэдээлэл хийх чиг барьж байна. Тиймээс бид энэ удаад УИХ-ын Төсвийн байнгын хороогоор хэлэлцэн, УИХ-аас баталсан Монгол Улсын Засгийн газраас Арабын Нэгдсэн Эмират улс, Нидерландын Вант улс, Люксембургийн Вант улс, Кувейт улстай тус тус байгуулсан “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээрийг соёрхон баталсан тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн талаар танилцуулахаар бэлтгэлээ.
Г.ДАРЬ