Дэлхийг хуйлруулж буй Flash mob

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Дэлхийг хуйлруулж буй Flash mob

Дэлхийг хуйлруулж буй “Flash Mob” урлагийн шинэ төрөл үү? Ингэхэд Флаш Моб гэж юу вэ? Олон тооны хүмүүс олон нийтийн газар гэнэт цуглан ямар нэг үйлдэл бөөндөө хийгээд, дараа нь анх эхэлсэн шигээ гэнэт тарж явдаг үзэгдэл буюу “тоглолтыг” флаш моб гэдэг. Энэ нь хувь хүмүүс өөрсдөө зохион байгуулсан үйл ажиллагаа байдаг ба ТВ болон бусад кампанит ажил гэх мэт албан ёсны үйл ажиллагааг ихэнх тохиолдолд флаш моб гэж үздэггүй.

Анхны флаш моб. 2003 оны тавдугаар сард “Harper’s Magazine” сэтгүүлийн эрхлэгч Bill Wasik Нью-Йоркын Манхаттанд зохион байгуулсан гэдэг. Гэвч үйл ажиллагаа явуулах гэж байсан дэлгүүрт хэн нэгэн нь хэл дуулгасан тул төдийлөн амжилттай болж чадаагүй гэж үздэг. Харин хоёр дахь үйл ажиллагаагаа 2003 оны долоодугаар сард “Macy’s” их дэлгүүрт амжилттай зохион байгуулсан. 100 гаруй хүн цуглан “хайрын хивс” авах гэж байна гэж тайлбарлан цуглацгаан, дараа нь 15 секунд алга ташсан гэдэг. Түүний дараа олон арван хүн жуулчин болж жүжиглэн “SoHo” их дэлгүүр лүү довтолсон. 2004 оны долоодугаар сарын найманд “flash mob”  гэдэг үг “Oxford”-ын англи хэлний толинд шинээр нэмэгдэж орсон бөгөөд тэнд уг үгийг “ер бусын утга учиргүй үзүүлбэр” гэж тайлбарласан.

2006 оны дөрөвдүгээр сард Лондон хотын метроны буудал дээр 4000 хүн оролцсон чимээгүй диско зохион байгуулагдсан. 2008 оны гуравдугаар сарын 22-нд дэлхийн өдөн дэрний байлдааны өдрийг идэвхтэнүүд дэлхий даяар тэмдэглэсэн. Энэ өдөр дэлхийн янз бүрийн орны 25 том хотод “флаш мобууд” дараалан зохион байгуулагдсан.

Мянга сонсохоор нэг үз гэдэг шүү дээ. “You Tube”-д тавьсан флаш моб бичлэгүүдийн заримаас сонирхуулбал:
Юуны өмнө Монголоос эхэлье:
2010 оны тавдугаар сарын 14-нд You Tube-д бичлэгийг нь оруулсан флаш мобыг Монгол залуучууд Өргөө кино театрын өмнө зохион байгуулсан байна. /Магадгүй Өргөө кино театрын юм уу Мобикомын “Be” брендийн промо үйл ажиллагаатай холбоотой байж магад/ Sixpence none the richer хамтлагийн “Kiss Me” дууны аянд хорь гаруй залуу хос энд тэндээс гарч ирэн бүжиглэж, юу ч анзаараагүй байсан эргэн тойрны хүмүүст өвөрмөц сюрприз барьж байна. Эрч хүч жаахан багатай, хиймэлдүү гэдэг нь бага зэрэг мэдрэгдэж байна. Гэхдээ Монгол дахь анхны флаш мобуудын нэг гэхэд дажгүй.
http://www.youtube.com/watch?v=_HSiNqjavwo

Цахим өртөө ТББ-аас зохион байгуулсан дуулдаг флаш моб. Оролцсон залуучууд халуун элгэн нутаг дуулж байна. Гэхдээ үүнийг флаш моб гэхэд хэцүү юм. Гэнэтийн байдал нь байхгүй, түүнчлэн санамсргүй хар зөнгөөрөө болж байгаа үйл явдал шиг харагдахгүй, хэдэн хүмүүс нийлээд дуу дуулж байгаа юм шиг л харагдаж байна.
http://www.youtube.com/watch?v=fvZ7Z-7Dklw&feature=related

Michael Jackson Thriller вокзал дээр.
Майкл Жаксоны дуунд дуртай, бүжиглэх дуртай залуус зохион байгуулсан байна. Өөрсдөө үүнийгээ флаш моб гэж нэрлээгүй ч энэ үйл ажиллагаа нь флаш мобын бүхий л сонгодог шинжүүдийг агуулсан байна. Эхлэхдээ юу ч таамаглаж, хүлээгээгүй байсан хүмүүсийн дунд гэнэтхэн гарч ирнэ. Гайхалтай бүжиглэж хэдэн минутын үзүүлбэр хийснээ дараа нь юу ч болоогүй юм шиг тарж байна. Янзтай. Ер нь монголд зохион байгуулагдсан флаш мобууд дундаас одоогийн байдлаар энэ моб хамгийн шилдэг нь бололтой.
http://www.youtube.com/watch?v=W4Jm9EnxTlQ

Дэлхийн хамгийн гайхалтай, шинэлэг, сэтгэл хөдөлгөсөн, олон хүн оролцсон, өвөрмөц флаш мобуудаас заримыг нь сонирхуулъя.

Бельгийн Антверп хотын вокзал дээр 2009 оны гуравдугаар сарын 23-ны өглөөний найман цагт зохион байгуулагдсан флаш моб хамгийн шилдэг флаш мобуудын нэгэнд зүй ёсоор тооцогдоно. “Sound of Music” дууны аянд хийсэн энэ флаш мобыг сүүлд нь дэлхийн олон орны флаш крюгийн оролцогчид дуурайж хийсэн байдаг. Дөрөвхөн минутанд багтах энэ флаш моб биеэрээ тэнд байсан хүмүүст болон энэ бичлэгийг үзсэн дэлхийн сая сая хүмүүст инээмсэглэл бэлэглэсээр байна.

http://www.youtube.com/watch?v=7EYAUazLI9k&feature=related

T-Mobile Dance. Энэ моб флашыг Их Британийн Ливерпуль хотод Т-Mobile гар утасны оператор сурталчилгааны чанартайгаар зохион байгуулсан. Энэ бол флаш мобын гайхалтай өвөрмөц жишээ бөгөөд үүнийг тэнд үзсэн ердийн зорчигчид хэзээ ч амьдралдаа мартахааргүй дурсамжтай үлдсэн нь лавтай.
http://www.youtube.com/watch?v=VQ3d3KigPQM&feature=related

Лондон хотын Пикадилли циркийн гадаа 2009 оны дөрвөн сарын 20-нд болсон дан бүсгүйчүүдийн флаш моб. 100 бүсгүй Beyonce-ын “Single Ladies” дууны аянд бүжиглэж байна.
http://www.youtube.com/watch?v=de8oaegzb_0&feature=related

T-Mobile Sing Along /Дагаж дуулаарай/ үйл ажиллагаа. Энэ үйл ажиллагааны дундуур дуучин Pink өөрөө ирж оролцсон нь тэнд байсан хүмүүст бүр их сюрприз болсон.
http://www.youtube.com/watch?v=orukqxeWmM0&feature=related

Say Cheese!  Австралийн далайн эрэг дээрх наран шарлагын газар болсон гайхалтай флаш моб.
http://www.youtube.com/watch?v=Ao4DkbGbxl0&playnext_from=TL&videos=4Ws0JIXvMRo

No Pants Subway Ride! Хошин шогийн мэдрэмжтэй гайхалтай флаш моб 2010 оны нэгдүгээр сард АНУ-д зохион байгуулагдсан. Өвлийн хүйтэнд олон мянган Нью-Йоркчууд өмд өмсөлгүй, зөвхөн дотуур өмдтэйгөө метрогоор зорчиж байна.  
http://www.youtube.com/watch?v=UxI46nl9pkc

I love lunch. Өөр нэг гайхалтай мюзикл моб. Флаш мобыг бүжгээс гадна дуутай хослуулсан жишээ.
http://www.youtube.com/watch?v=xRKfZ0mGLaY&feature=related

Supermarket Flashmob. Флаш мобын өөр нэг үзүүлбэр. 2007 оны зургаан сард Их Британийн Манчестер хотод болсон энэ флаш мобт тавь орчим хүн оролцсон бөгөөд “хөшсөн” мэт болж супермаркетад байсан хэрэглэгчдийг гайхшруулжээ.
http://www.youtube.com/watch?v=X4GMXavfKPY

Ninja Flashmob. Калифорни мужийн их сургуулийн талбай дээр оюутнууд зохион байгуулжээ.  http://www.youtube.com/watch?v=0iYmRyuhn9k&feature=related

Японы флаш моб: 100 гаруй хүн оролцсон.
http://www.youtube.com/watch?v=cPYiS5ebGgk

Солонгосын флаш моб. Өмнөд Солонгос олон флаш моб зохиогдсоны нэг нь “2PM” хамтлагийн фэнүүдийн хийсэн флаш моб.
http://www.youtube.com/watch?v=CuJUjW0RaHM

Эцэст нь хүүхдүүдийн оролцсон нэгэн хөөрхөн флаш мобыг танилцуулаад энэхүү товч танилцуулгаа өндөрлөе. “H&M Kids Fashion” дэлгүүрээс 2010 оны гурван сарын 28-нд Сан Франциско хотод зохион байгуулсан флаш моб. 55 хүүхэд оролцож хип-хоп бүжгийн тулаан хийжээ.
http://www.youtube.com/watch?v=FqTEkVR2ZeU

Флаш моб нь урлагийн орчин үеийн төрөл үү, тийм бол яг ямар төрөл вэ гэдэг өвөрмөц асуудал урлаг судлаачдын дунд өрнөөд байна. Судлаачдыг энэ асуудалд хариулт олж байх хооронд флаш моб дэлхий даяар соёлын нэгэн өвөрмөц хэлбэр болон тархаж улам бүр хүчтэй газар авсаар байна.

Т.Ариунсанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж