![](https://news.mn/wp-content/archive1/show/photo/2013/2/cc71788eaf949506/f8f3e7b619387d63original.jpg)
Энэ л үдэш дуучин Г.Тэнүүн амьд хөгжмийн хамтлагийнхаа хамт “Учралын блюс”, “Анхны хайрын од”, “I just call”, “Everything”, “Мөнхийн ус”, “Хамт байвал болох уу”, “Харанга” хамтлагийн дуучин Лхагвасүрэнгийн “Хайртай”, “Никитон”-ы Бачкагийн “Би чамд хайртай” болон “Make it mine”, “Nothing gonna”, “Casablanca”, “How deep is your love”, “Je’taime”, “Mambo”, “Sex bomb”, “Can’t take my eyes”, “I feel good” дуунууд ар араасаа эгшиглэн залуусын хоёр цаг гаруй тайзнаас холдох ч хором өгөлгүй доргиосон юм. Амьд хөгжимтэй Тэнүүнийн гайхалтай дуулалтыг магтсан үзэгчид түүнийг тайзнаас буулгах дургүй, дурамжхан үлдсэн шүү. Мөн энэхүү тоглолтын гэнэтийн бэлэг нь 999 сарнайг төлөөлүүлэн урласан зүрхэн хэлбэртэй сарнайн баглаан дуудлага худалдаа байсан юм. “TV Cocкtail” хамтлагийн Цоомоо, Өөскө нар уг дуудлага худалдааг зарлан явуулж нэг төгрөгөөс эхэлсэн цэцгийн баглаа нэг сая төгрөгийн үнэ хүрч бүсгүйн гарч очсон. Тэр баглааг хайртай бүсгүйдээ худалдан авсан залуу сая төгрөгтөө бус сая сая сарнайн бэлэгдэл болгон хайраа илчилж байгаагаа энэ үдшийн тайзнаа дамжуулаад авсан сэргэлэн нэгэн байсан юм.
Дуучин Г.Тэнүүнтэй тоглолтынх нь өмнө уулзсан юм.
-Тун удахгүй романтик үдэш эхлэх гэж байна. Сэтгэл хэр догдолж байна?
-Сэтгэл доглолж байна шүү. Бэлтгэл сайн хангагдсан. Амьд хөгжимтэй тоглолт гэдэг утгаараа бүх юм шууд харилцаагаар явах болохоор халуун дулаан байх болов уу гэж бодож байна.
-Энэ орой эгшиглэх дуунуудынхаа сонголтын талаар сонирхуулаач?
-Дэлхийн болон Монголын шилдэг хайрын дуунууд байгаа. Хайрын өдөр тохиож байгаа учраас дууныхаа сонголтыг дан хайрын сэдэвтэй дуугаар хийлээ. Монголын болон дэлхийн алдартай дуучдын уран бүтээлийг өөрийнхөөрөө хөрвүүлэн дуулахаар зэхээд байна. Энэ оны эхний ажлаа “Romantic night” тоглолтоороо хийх гэж байна. Тийм учраас энэ оны уран бүтээлүүд маань цаашдаа улам чанаржаад, том тоглолт руугаа орохоор төлөвлөөд байгаа.
-Ямар уран бүтээлчидтэй хамтран ковер тоглолтоо хүргэх гэж байгаа вэ?
-Хамтран ажиллаж байгаа уран бүтээлчид бол маш чухал байлаа. Улсын филармонийн төгөлдөр хуурч Анар, “Нисванис” хамтлагийн бөмбөрчин Анар, басс гитарчин Мөөгий, Одко, ДБЭТ-ын үлээвэр хөгжимчин Даагий, Мөнхбат, Улсын филармонийн удирдаач Саруул-Од, СУИС төгссөн мэргэжлийн дуулаачид вокалист хийнэ. "Камертон 2" шоуны ялагчид, дуучин Т.Бат-Оргил, жааз дуучин Солонго гээд олон уран бүтэлчид нэгдсэн. Энэ тоглолт маань маш олон хүний хүч хөдөлмөрөөр бүтэж байгаа учраас бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. Мөн дууг нь дуулж байгаа Монголын алдартай дуучдад Б.Сарантуяа, “Никитон”-ы Батчулуун, "Титэм"-ийн Тайванбат, “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, “Камертон” хамтлаг гээд бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. Би дотроо тэднийг Монголын урлагийн оргилууд гэж боддог. Энэ хүмүүстээ ийм сайхан дуу зохиож өгсөнд баярлалаа гэж дамжуулъя.
-Өнгөрсөн онд “Picnic” нэртэй анхны цомгоо өлгийдөн авсан. Тэр цомгийн дуунууд энэ үдэш эгшиглэнэ гэж бодож байна?
-Хайр дурлалтай холбоотой гурван дуугаа дуулна. Хосууддаа зориулаад хайрын тухай дуунуудаа амьд хөгжимтэй дуулахаар бэлтгэчихсэн байна. Нэгийг нь Бат-Оргил ахтайгаа дуулна. Тэрээр тэр бүр тайзнаа тоглоод байдаггүй дууг сюрприз болгон дуулах гэж байна.
-Дэлхийн шилдэг дуучдын уран бүтээлээс энэ удаагийн тоглолтод өөрийн тань чансааг илтгэнэ дээ хэмээн онцолж байгаа дуу ямар дуу байгаа бол?
-Ерөнхийдөө гадаад дууны сонголтоо өвөрмөц байлгахаар хийсэн. Миний хувьд өөрийн хоолойны онцлог, давуу талуудаа судалж үзээд ерөнхийдөө иймэрхүү дуунууд дуулж болох юм гээд Eric Clapton, Billie Joe Armstrong, Stevie Wonder, Elton John гээд өөрийнхөө хоолойтой төстэй. Хамгийн гоё дуу бол Elton John-ы нэг хайрын дууг дуучин Солонготой хамтран дуулах гэж байна.
-Дуунуудынхаа хөгжмийн найруулгыг хэр өөрчилсөн бэ?
-Цөөхөн хэдэн дууны найруулгыг өөрчилж, блюс жааз болгож байгаа. Бусдаар ихэнх нь оргинал эх хувилбараараа амьд хөгжимтэй эгшиглэнэ.
-Дуучин Тэнүүн Валентины баярыг өмнө нь хэрхэн угтдаг байсан бэ?
-Валентин хэдийгээр бидэнд хамаагүй баяр ч гэсэн хүүхэд байхаас эхлэн хүн бүр тэмдэглээд эхэлчихсэн болохоор урсгалд нь ороод тэмдэглэх болсон. Өнгөрсөн жил яг энэ танхимд найз охинтойгоо “A Sound” хамтлагийн тоглолтыг үзэж байсан. Тухайн үед дараа жил би өөрийнхөө ковер тоглолтыг хийнэ дээ гэж бодож байсан. Одоо тэр мөч ирчихсэн хүлээгээд зогсож байна.
-Магадгүй Валентинаар найз охиндоо барьж буй хамгийн том бэлэг романтик үдэш тоглолт бол уу гэж бодож байна. Дуучин Тэнүүний үзэгчиддээ хүргэх дараагийн бэлэг юу байх бол?
-Цоо шинэ дуу, цомог, тоглолт гээд олон зүйл байгаа.
![](https://news.mn/wp-content/archive1/show/photo/2013/2/2f1ba585b1b31a96/b953d9a2da1f9f81original.jpg)
-Юуны өмнө бүгдэнд нь сар шинийн мэнд хүргэе. Энхзолын тоглолтод дуучин Тэнүүнтэй хамтран “Мөнхийн ус” дууг дуулсан. Тэнүүн маань түүнээс урамшин энэ тоглолтыг бие даан өөрөө хийхээр намайг хамтран дуулаач ээ гэж санал болгосон. Тэнүүнийг би их дэмждэг юм.
-“Мөнхийн ус” дуу өнөөдрийг хүртэл залуусын аманд аялагдсаар байгаа нь яах аргагүй Тэнүүнтэй холбоотой болов уу?
-Тийм ээ, анх бид хоёр энэ дууг хамтран дуулах болсон нь учиртай л даа. Тэрээр “Франц үнсэлт” киноны sound track болгон “Мөнхийн ус” дууг дуулсан. Дараа нь бид хоёр хамтдаа телевизийн нэвтрүлгээр дуулж байсан. Тэгээд ер нь хоршоод дуулвал зүгээр юм байна гээд энэ тоглолтод бяцхан ч гэсэн чимэг болгон оролцож байгаа.
-Олон жилийн дараа энэ дуугаа залуустаа зориулан тайзнаа дуулахад ямар мэдрэмж төрж байсан бэ?
-Тайзан дээр гарах бол юутай ч харьцуулахын аргагүй гоё мэдрэмж. Заримдаа, хүн зүүдэлдэг нисдэг ч юм уу түүн шиг гоё мэдрэмж байдаг. Олон жилийн дараа тайзан дээр гарах сайхан байна.
-Таны гайхалтай хит уран бүтээлийг дуучин Тэнүүн дахин олны хүртээл болгон дуулсан. Та түүнийг хэрхэн үнэлж, дүгнэдэг вэ?
-Тэнүүн бол чадалтай уран бүтээлч. Би бол дуучин биш шүү дээ. Зүгээр л миний дуулсан дуунууд маань хүмүүст хүрсэн болохоос би өөрөө мундаг, чадалтай хоолойтой дуучин биш. Харин Тэнүүн бол жинхэнэ дуучин. Их авьяастай, чадалтай. Нэг хэсэг манай эстрадын гэж хэлдэг поп, рокын ертөнц жаахан зогсонги болсон шүү дээ. Тэр үе ашгүй өнгөрч шинэ залуу үе хүчтэй түрж гарч ирлээ. Түүний нэг яруу төлөөлөгч бол манай Тэнүүн байгаа. Дүүгээ дотроо их дэмжиж явдаг.
-Өнөөдөр дуучин Тэнүүний анхны ковер тогллтын үдэш. Түүнд хандаад чин сэтгэлийн урмын үгээ хэлээч
-Тэнүүн ээ “чи шүү” л гэж хэлмээр байна.
-Тэнүүний цаашдын уран бүтээлийн чиг хандлагыг ямар байгаасай гэж хүсч, хүлээдэг вэ?
-Энэ эрчээ алдахгүй, цадахгүй, бялуурахгүй, хөгшрөхгүй, үргэлж эрч хүчтэй, ийм залуу, өлөн шинэ юм хайж яваарай. Ер нь уран бүтээлч хүн цадаж, булаарахаараа л биш болдог. Үргэлж ийм, сэргэлэн цовоо, чадалтай, эрч хүчтэй яваарай гэж дүүгээ ерөөмөөр байна.
-Та дээр дуучин Тэнүүн бид хоёр хамтран “Мөнхийн ус” дуугаа дуулахад урам ороод тоглолтын ажилдаа орсон гэж хэлсэн шүү дээ. Та тайзнаас авсан тэр сайхан мэдрэмжээрээ хэр хөглөгдсөн бол?
-Яахав би өөрөө оролдоод юм бичсэн байгаа. Түүнийгээ хараахан студийн бичлэг болгож амжаагүй арав гаруй шинэ дуу байгаа. Энэ жил цомгоо гаргах санаа байна.
-Өнөөдөр Валентины өдөр. Та энэ баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ?
-Уг нь Валентины өдөр гэр бүлийнхнийгээ баярлуулъя гэж бодож байсан. Гэхдээ дүүгийнхээ тоглолтыг дэмжихээр одоо энд зогсож байна. Тоглолтоо дуусгаад гэр бүлийнхнийгээ баярлуулна аа. Бүх монголчууддаа хандаад та бүхэн сайхан баярлаарай гэж хэлье. Учир нь энэ баяр бол зөвхөн хосуудын баяр биш, хайрын баяр. Монголчууд бүгдээрээ нэг нэгнийгээ хайрлаасай гэж би ерөөмөөр байна.
Г.ДАША
![](https://news.mn/wp-content/archive1/show/photo/2013/2/3360a8dcd0e57ae0/672db6f189645d58original.jpg)
![](https://news.mn/wp-content/archive1/show/photo/2013/2/b6d9aabfaacbf4f4/e5071eee04559facoriginal.jpg)
![](https://news.mn/wp-content/archive1/show/photo/2013/2/f6e99c5eb64e6022/4812acab1e107fc4original.jpg)
![](https://news.mn/wp-content/archive1/show/photo/2013/2/f0d1da43a2979a6f/b029b2e21675090original.jpg)
![](https://news.mn/wp-content/archive1/show/photo/2013/2/9695fbd6e033dd11/12143e020ddf626coriginal.jpg)
![](https://news.mn/wp-content/archive1/show/photo/2013/2/37c2a1879e0cf539/be37ac9f5d48db71original.jpg)
![](https://news.mn/wp-content/archive1/show/photo/2013/2/490a1e60fa7f04e2/014129f9f4e35c96original.jpg)
![](https://news.mn/wp-content/archive1/show/photo/2013/2/c7c309dc63db9fbe/3bb54e5d83b24009original.jpg)
![](https://news.mn/wp-content/archive1/show/photo/2013/2/50ed3817396254fe/39baf78e9f35422aoriginal.jpg)
![](https://news.mn/wp-content/archive1/show/photo/2013/2/e3007b22ea34f0a7/9a02abe2dd8f4551original.jpg)