1.Эрүүгийн шүүн таслах ажиллагааны талаар
Анхан шатны шүүхүүд 2012 онд 10672 хүнд холбогдох 7065 эрүүгийн хэрэг хүлээн авч, 851 хүнд холбогдох 472 эрүүгийн хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж, 20 хүнд холбогдох 12 хэргийг харъяаллын дагуу шилжүүлж, шүүгдэгч, хохирогч эвлэрснээр 522 хүнд, цагаатгах тогтоолоор 219 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 8324 хүнд холбогдох 6161 хэргийг таслан шийдвэрлэжээ.
Өнгөрсөн оноос шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 4,8 хувиар, ял шийтгүүлэгчид 1,4 хувиар өссөн байна.
Таслан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг Дорнод, Дорноговь, Булган, Увс, Дархан-Уул, Сүхбаатар, Баянхонгор, Хэнтий, Ховд аймагт 1,7 – 31,6 хувиар буурч, Орхон, Хөвсгөл, Өвөрхангай, Нийслэл, Говьсүмбэр, Өмнөговь, Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Архангай, Завхан аймагт 3,7 – 57,7 хувиар нэмэгджээ. Харин Говь-Алтай, Дундговь аймгуудад өмнөх оны мөн үетэй адил байна.
Ял шийтгүүлэгчид Баян-Өлгий, Дорнод, Хөвсгөл, Сүхбаатар, Баянхонгор, Дорноговь, Увс, Орхон, Хэнтий, Ховд, Дархан-Уул аймагт 0,8 – 28,4 хувиар буурч, Булган, Архангай, Өмнөговь, Өвөрхангай, Нийслэл, Говь-Алтай, Сэлэнгэ, Төв, Дундговь, Завхан аймагт 1,8 – 95,2 хувиар өсчээ. Мөн Говь-Сүмбэр аймагт өмнөх оны мөн үетэй адил байна.
Анхаарал татаж байгаа эрүүгийн хэргийг авч үзвэл хүнийг санаатай алах 259 гэмт хэрэгт 262, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах 287 гэмт хэрэгт 288, бусдын эд хөрөнгийг хулгайлах 1281 гэмт хэрэгт 2191, танхайрах 819 гэмт хэрэгт 1172, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх 223 гэмт хэрэгт 464, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 966 гэмт хэрэгт 966, албан тушаалын 16 гэмт хэрэгт 36, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх 37 гэмт хэрэгт 77 хүн тус тус ял шийтгүүлжээ.
Эдгээр төрлийн гэмт хэрэг таслан шийдвэрлэсэн нийт хэргийн 63,1 хувь, ял шийтгүүлэгчдийн 65,5 хувийг эзэлж байгаа бол бусдын эд хөрөнгийг хулгайлах, танхайрах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн нийлбэр нь нийт хэргийн 49,8, ял шийтгүүлэгчдийн 52,0 хувийг эзэлж байна.
Өнгөрсөн оныхоос бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 0,1, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг 1,0, танхайрах гэмт хэрэг 5,1, албан тушаалын гэмт хэрэг 27,3 хувиар буурсан бол, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг 0,5, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг 5,7, хүнийг санаатай алах гэмт хэрэг 7,0, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 11,7 хувиар тус тус өсчээ.
Ял шийтгүүлэгчдийн дотор насанд хүрээгүй хүн 570, эмэгтэйчүүд 726, гадаадын харьяат 39, урьд ял шийтгүүлсэн 1544, гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн 1498, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн 1717, ажил сургуульгүй хүмүүс 5471 байна. Шүүх ял шийтгүүлсэн насанд хүрээгүй 570 хүний 382-ынх нь хорих ялыг хуульд заасны дагуу хойшлуулж, 132 хүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авчээ.
Гэмт хэргийн улмаас нийтдээ 21 тэрбум 982 сая төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 654 хүний амь хохирч, 2963 хүний биед (хүнд, хүндэвтэр, хөнгөн) гэмтэл учирчээ.
Хорих ялыг биечлэн эдлүүлсэн ба баривчлах ялаар шийтгүүлсэн хүн 3665 байгаа нь нийт ял шийтгүүлэгчдийн 44 хувийг эзэлж байна.
Шүүх эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг 478 хүнд хэрэглэж 193,8 сая төгрөг гаргуулсны дээр тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрх хасах ялыг 677 хүнд нэмэгдэл ялын чанартайгаар оногдуулжээ.
Шүүх хорих ял биечлэн эдлүүлсэн 2691 хүний 69,3 хувийг жирийн, 29,5 хувийг чанга, 1,0 хувийг онцгой, 0,2 хувийг гяндангийн дэглэмд ял эдлүүлэхээр тогтоосон байна.
Аймаг, нийслэлийн шүүхүүд давж заалдах журмаар эрүүгийн 2275 хэрэг хүлээн авснаас 2168 хэргийг хянан шийдвэрлэжээ. 52 хэргийн хувьд эрх бүхий этгээд гаргасан гомдол, эсэргүүцлээсээ татгалзан буцаан авсан аж.
Хяналтын шатны журмаар эрүүгийн 1049 хэрэг хүлээн авснаас 859 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсний 370 нь прокурорын дүгнэлтээр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлтийг шийдвэрлэсэн хэрэг байна. Үүний 355 нь цагаатгалын хэрэг. Нийт 859 хэргийг хянаж, хариу өгчээ.
Хоёр. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар
Анхан шатны шүүхүүд 39690 нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авч, 8131 нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах, буцаах, харьяаллын дагуу зохих байгууллагад шилжүүлэх зэрэг ажиллагааг хийж, бүгд 27792 хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оноос 2576 хэргээр буюу 8,5 хувиар буурсан байна.
Хянан шийдвэрлэсэн нийт 27792 хэргийн 10852 буюу 39,0 хувийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар, 16388 буюу 59,0 хувийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар 552 хэрэг буюу 2,0 хувийг хэрэгсэхгүй болгосон байна.
Хянан шийдвэрлэсэн иргэний хэрэг Дорнод, Нийслэл, Баянхонгор аймагт 0,1-5,0 хувиар нэмэгджээ. Харин Дорноговь, Говьсүмбэр, Төв, Дундговь, Баян-Өлгий, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Архангай, Өвөрхангай, Увс, Говь-Алтай, Орхон, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Ховд аймагт 0,2-34,3 хувиар буурсан байна.
Нийт хэрэгт иргэний эрх зүйн маргаан 42,4, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн маргаан 33,3, гэр бүлийн эрх зүйн маргаан 14,0, хөдөлмөрийн эрх зүйн маргаан 2,7 хувийг тус тус эзэлжээ.
Аймаг, нийслэлийн шүүхүүд давж заалдах журмаар 1748 хэрэг хүлээн авснаас 1650 хэргийг хянан шийдвэрлэжээ. 25 хэргийн хувьд давж заалдах гомдлыг хэлэлцэхээс татгалзаж, 25 хэрэг нь эрх бүхий этгээд гаргасан гомдол, эсэргүүцлээсээ татгалзан буцаан авчээ.
Хяналтын шатны журмаар иргэний 981 хэрэг хүлээн авч, 177-г хянан хариу өгч, 778 хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн байна. Хянан шийдвэрлэсэн нийт 778 хэргээс 1 хэргийг Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар, 24 хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан шийдвэрлэжээ.
Гурав. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар
Захиргааны хэргийн шүүхүүд 2012 онд 1740 нэхэмжлэл, гомдол хүлээн авч, 438 нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр харъяаллын дагуу зохих байгууллагад шилжүүлэх буюу захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангуулахаар нэхэмжлэгчид нь буцааж, 961 хэргийг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оноос 70 хэргээр буюу 7,9 хувиар өсчээ.
Хянан шийдвэрлэсэн захиргааны хэрэг Нийслэл, Баян-Өлгий, Дундговь, Дорнод, Баянхонгор, Булган, Ховд, Говьсүмбэр, Төв, Говь-Алтай, Хөвсгөл, Сэлэнгэ, Завхан аймагт 1,5 хувиас 3 дахин нэмэгдэж, Архангай, Сүхбаатар, Увс, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Дорноговь аймагт 11,1-62,5 хувиар буурчээ. Харин Өвөрхангай, Хэнтий аймгуудад өмнөх оны мөн үетэй адил байна.
Хянан шийдвэрлэсэн захиргааны хэргийг маргааны төрлөөр авч үзвэл газрын маргаан 210, төрийн албаны маргаан 133, сонгуультай холбоотой маргаан 120, ашигт малтмалтай холбоотой маргаан 119, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой маргаан 80, татварын маргаан 73, тендерийн маргаан 42, төрийн болон орон нутгийн өмчийн тухай маргаан 18 байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 557 хэрэг хүлээн авч, 499 хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэнээс, 2 хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүх 281 хэрэг хүлээн авснаас 220 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 47 хэргийг хянаж хариу өгсөн байна. Дээрх 220 хэргээс 8 хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан шийдвэрлэжээ.
Дөрөв. Бусад асуудлаар
Анхан шатны шүүхүүд бүгд 14722 хүнд захиргааны арга хэмжээ авсны дотор 727 хүнийг 33,0 сая төгрөгөөр торгож, 13995 хүнд баривчлах шийтгэл ногдуулжээ.
Захиргааны зөрчил гаргасан этгээд, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгчийн гаргасан гомдлоор захиргааны шийтгэл ногдуулсан 312 шийтгэврийг давж заалдах журмаар хянасан байна.
Тайлангийн хугацаанд шүүхүүд ялтныг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах тухай 809 материалыг хянан хэлэлцэж, 27 санал дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож, 1289 хоригдлыг эдлээгүй үлдсэн хорих ялаас нь тэнсэн суллаж, 492 хоригдлын хорих ялыг хорихоос өөр төрлийн хөнгөн ялаар сольж, 95 хоригдлын ял эдлэх дэглэмийг өөрчилжээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасан үндэслэлээр 837 сэжигтнийг баривчлах тухай материалыг хүлээн авч, 793 сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгож, 44 сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгохоос татгалзжээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлд зааснаар 2398 хүнийг сэжигтнээр, 1940 хүнийг яллагдагчаар цагдан хорьж, 243 хүнд цагдан хорих зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.
Иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх явцад улсын тэмдэгтийн хураамжид 3 тэрбум 570,9 сая төгрөг, үүнээс анхан шатны шүүх 3 тэрбум 53,5 сая төгрөг, давж заалдах шатны шүүх 332,1 сая төгрөг, хяналтын шатны шүүх 185,3 сая төгрөгийг улс, орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Анхан шатны шүүхүүд нийт 66819 хэрэг, маргааныг шийдвэрлэсний дотор эрүүгийн 6645, иргэний 35923, захиргааны 1399 хэрэг, 14722 захиргааны зөрчил, ялтныг ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах, үлдсэн ялыг өөр төрлийн хөнгөн ялаар солих тухай 2712 хүсэлт, 5418 хүнд баривчлах, цагдан хорих зөвшөөрөл олгох эсэх тухай асуудал хэлэлцжээ.
Ерөнхий харъяаллын анхан шатны шүүх болох сум, сум дундын шүүхийн нэг шүүгч дунджаар 193, дүүргийн шүүхийн нэг шүүгч дунджаар 338 хэрэг маргаан хянан шийдвэрлэсэн байна.