Шинээр батлагдсан хуулийн дагуу бүх шатны шүүхүүдийг эрүү, иргэн, захиргааны зэрэг хэргийн төрлөөр дагнан байгуулах, ингэснээр мэргэшсэн шүүгчид хэрэг маргааныг хянан шийдвэрлэх зохион байгуулалт хийгдэж байна. Дээд шүүхийн шүүгчид эрүү, иргэн, захиргааны хэргийн гэсэн гурван танхимд хуваагддаг хэдий ч зарим тохиолдолд бүрэлдэхүүн хүрэхгүйгээс өөр танхимын шүүх хуралдаанд оролцох тохиолдол байсан нь ийнхүү орон тоо нэмэгдсэнээр дуусгавар болох юм. Энэ нь Шүүхийн тухай 2002 оны хуулиар хийгдэж байгаа Дээд шүүхийн шүүгчийн сүүлийн сонгон шалгаруулалт ажээ. Шүүхийн тухай багц хуулиудыг ирэх 4 дүгээр сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөх тул үүнээс өмнө Дээд шүүхийг бүрэн бүрэлдэхүүнээр нь байгуулах шаардлага гараад байгаа юм байна.
Түүнчлэн дээрх хуулиудаар Улсын Дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянаж шийдвэрлэх замаар гаргаж, тайлбарыг тогтмол нийтлэхээр заажээ. Ингэснээр Улсын Дээд шүүх онолын шинжтэй асуудлаар тайлбар хийдэг хуучин “хэвшил” байхгүй болно.
Дашрамд дурдахад Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар Улсын Дээд шүүхийн шүүгч болоход тавигддаг “босго” үзүүлэлтүүд өндөрсчээ. Шинэ хуулиар давж заалдах шатны шүүхэд 5-аас доошгүй жил, эсвэл өмгөөлөгч, прокуророор 10-аас доошгүй жил ажилласан тохиолдолд Дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруултад оролцох боломжтой болж байгаа юм. Мөн Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд 10-аас доошгүй жил багшилсан тохиолдолд сонгон шалгаруултад оролцох боломж нээгдэх ажээ.