Арьс, ширэн бүтээгдэхүүнийг дотооддоо бэлтгэнэ

Хуучирсан мэдээ: 2013.02.15-нд нийтлэгдсэн

Арьс, ширэн бүтээгдэхүүнийг дотооддоо бэлтгэнэ

Засгийн газраас ирэх жилүүдэд хөнгөн үйлдвэр, ялангуяа арьс ширний үйлдвэрлэлийг анхаарч, дэмжихээр болсон ба энэ хүрээнд цогцолбор байгуулах тухай ярьж эхлээд байна.

Мөн арьс, ширний үйлдвэрлэлийн салбарт зориулж 200 тэрбум төгрөгийн бондыг гаргаж, түүнээсээ салбарын хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг шийдэх, арьс ширийг үндэсний үйлдвэрт тушаасан тохиолдолд түүхий эд бэлтгэгчдэд урамшуулал өгөхөөр болсон билээ.

Хэрэв ноос, ноолуурны үйлдвэрлэлийг сэргээж чадсан шиг арьс, ширний үйлдвэрлэлийг цэгцэлж чадвал ажлын байрыг нэмэгдүүлэх, худалдааны салбарыг эрчимжүүлэх нэгэн гарц болох аж. Тухайлбал, 2014 он гэхэд бод малын ширийг 100 хувь, хонины арьсыг 98.5 хувь, ямааны арьсыг 87.2 хувь гүйцэт боловсруулан өргөн хэрэглээний эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 15 мянган хүнийг ажлын байраар хангах, улмаар 2016 он гэхэд үндэсний үйлдвэрүүд 10.3 сая арьс ширэн түүхий эдийн хэрэгцээ, боловсруулалтаа 100 хувь өөрсдөө хийх боломж бий ажээ.

Түүнчлэн 100 хувь өөрсдөө хийсэн түүхий эдээс 80 хувийг эцсийн бүтээгдэхүүн болгох, 20 хувийг хагас боловсруулан экспортолж, нийт нэг их наяд төгрөгийн борлуулалтын орлогыг энэ салбараас олж болохыг салбарынхан нь хэлж байна.

Тиймээс ойрын хугацаанд арьс ширний үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах тухай олон талын судалгааг албаныхан хийх бол бондын журмыг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар оруулж, эцэслэн шийдэх юм байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж