Харин энэ үзэгдлийн угтал гэлтэй ОХУ-ын Урал хавьд Улаанбаатарын цагаар өглөөний 09.00 цагийн орчмоос солирын хэлтэрхийнүүд бууж эхэлжээ. Энэ талаар Оросын www. Newsru.com сайт мэдээлж байна. Орон нутгийн цагаар өглөөний 09.22 цагийн орчмоос энэ үзэгдэл эхэлсэн байна. Уралын Челябинск хот орчмоор солирын хэлтэрхийнүүд унаж эхэлснээс хэсэгчилсэн нүүлгэн шилжүүлэлт хийжээ. Свердловск муж, түүний төв болох Екатеринбург хотын иргэд солирын бороог мөн харсан байна. Тухайн нутгийн оршин суугчдын ярьснаар солирын хэлтэрхийнүүд агаар мандлын доод давхаргад орж ирээд шатаж байсан аж. Азаар энэ үеэр нислэг үйлдэж байсан агаарын хөлөг онгоцнуудад ямар нэг хор хөнөөл учраагүй байна.
Челябинск хотын чухал газруудыг Онцгой байдлын ажилтнууд хараа хамгаалалтдаа авч мужийн хэмжээнд 20 мянган ажилтан үүрэг гүйцэтгэж байгаа бол агаараас мөн ажиглалт хийж байгаа ажээ. Солирын хэлтэрхий унасны улмаас зарим байшингийн цонх хагарч ойролцоо зогсч байсан автомашинууд гэмтсэн тохиолдол гарчээ. Нэг хэлтэрхийд Челябинск хотын Цайрын завод оногдож хана нь гэмтсэн байна. Тус хотоос 30 км-ийн зайд орших Еткуль хотод төмөр хаалга оногдож хэмхэрсэн ч хүн, амьтан бэртэж гэмтэлгүй өнгөрчээ. Гэхдээ хагарсан цонхноос үсэрсэн шилэнд зүсэгдсэн, эд зүйлд цохигдсон тохиолдол хэд хэд бүртгэгдсэн гэнэ. Хэдийгээр солирын борооноос айж түгшсэн, “Дайн эхэллээ” хэмээн эмээхэд хүрсэн иргэд олон байсан ч ямар нэг аюул хохирол гарахгүй гэж мэргэжлийн хүмүүс үзэж байгаа аж.
Солир унаснаас болж дэлхийд аюул учрах тохиолдол 1200 орчим жилд ганц тохиолддог гэж эрдэмтэд тооцоолжээ. Тиймээс энэ удаа дэлхийн хажуугаар ойрхон өнгөрөх солир ямар ч аюул учруулахгүй гэжээ.