“Хөгжмийн сахиусан тэнгэр”

Хуучирсан мэдээ: 2013.02.15-нд нийтлэгдсэн

“Хөгжмийн сахиусан тэнгэр”

“Angel of Music”.  Энэ үг өчигдөр нэг л гоё сонсогдоод байлаа. Гэгээн Хайрын өдөр болоод ч тэр үү, сахиусан тэнгэр гэдэг үгэнд нь  сэтгэл тэгтлээ их догдолсон байх. Сонгодог урлаг, хайр сэтгэл, романтик үдэш, сахиусан тэнгэрүүд… С.Мөнгөнцэцэгийн тоглолтыг ингэж л төсөөлж байлаа. ДБЭТ-ын гоцлол дуучин, Монгол Улсын  гавьяат жүжигчин тэрээр  “Angel of Music”-ээ өчигдөр хүргэсэн юм.

Сонгодог урлаг бол сонгодог л байдаг юм байна. Үзэгчид эмх журамтай, суудлаа хэдийнэ эзэлсэн байсан. Тоглолтын дундуур гарч орох, утсаар чанга ярих зэрэг театрын “нэмэгдэл”-үүд хаа очиж байсангүй. Тасалбар нь нэлээд үнэтэй байсан болохоор тодорхой хүрээний хүмүүс л үзэх байх гэсэн бодол минь ташаа байв. С.Мөнгөнцэцэгийн авьяас чадварыг мэдэрч, үнэлж биширсэн хүмүүс “АСА” циркийн танхимийг бараг дүүргэсэн байлаа. Сонгодог урлагийн ихэмсэг мөн чанараас айж эмээлгүй, харин ч ойлгож мэдрэх гэсэн хүсэлтэй үзэгч олон болсныг эндээс харлаа.

Тоглолтыг С.Мөнгөнцэцэг “Хурд” хамтлагтай хамтран “Phantom of the Opera” –гаар нээсэн. Ямар нэгэн түүхэн үйл явдал тохиох гэж буй мэт сүрдмээр “өгсүүр” мэдрэмж төрүүлсэн. Харин дараа нь уян зөөлөн хайрын сайхан мөчүүд эхэлсэн юм. Сонгодог урлагийн охь бүтээлүүд хайр сэтгэлийн шилдэг аринуудыг Армяны шилдэг тенор Ованес Айвазян, Монголын шилдэг баритон Э.Амартүвшин болон Э.Анхбаяр нарын хамт  хүргэсэн юм. Тоглолтын турш үзэгчид С.Мөнгөнцэцэгийг харц салгахгүй шахам ажиглаж байлаа. Түүний хоолойны чадал, цар хүрээ үнэхээр гайхалтай биширмээр. Алхаж гишгэх нь хүртэл эмх цэгцтэй, ихэмсэг үнэхээр л сонгодог урлагийн төлөө төрсөн гэлтэй.

Дуурийн шилдэг сопрануудын нэг тэрээр монгол үзэгчдийн хувьд шинэ танил юм. Европын 10 гаруй оронд дуулж байсан, М.И.Глинкийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдаанд тэргүүлсэн гэхчлэн амжилт туршлага дүүрэн. Мэргэжлийн хүрээнийхэнд үнэлүүлж, авьяас чадвараа батлан харуулж чадсан гэдэг. Харин Монголын үзэгч олонтой анх удаа уулзаж байгаа нь энэ. Тоглолтыг өөлөх шалтгаан олдсонгүй. Муулж мушгих ч эрх алга. Ийм сайхан сонгодог хайрын үдшийг мэдэрсэн үзэгч тэр оройжин  дүүлэн “нисэх” байлгүй.

Тоглолтын эзний хувцас дэгжин гэж жигтэйхэн. Тансаг гэж хэлдэг дээ, яг л тийм гялалзаж гялтганасан донж төрхөөрөө энэ үдшийг чимж байлаа. Ер нь сонгодог хайрын шоу болж чадсан гэж онцолъё. “Улаан сарнай” хамтлагийн бүжиг, “АСА” циркийн жүжигчдийн үзүүлбэрүүд “Angel of Music”-ийг чөлөөт уур амьсгалтай болгож, шоу хэлбэрийг мэдрүүлж өгсөн. Мөн Италийн удирдаач Роберто Салвалаио болон ДБЭТ-ын симфони найрал хөгжим энэ үдшийн гол “ар тал” байлаа. Чанартай тэгээд мэргэжлийн урлагийн тоглолтыг чөлөөт маягаар үзэх ньүнэхээр сайхан санагдсан байх, үзэгчид ам сайтай байгаа харагдсан. “АСА” циркийн халаалт муу, жихүүн сэрүүн танхимыг эс тооцвол шүү дээ…  Шилдэг сопран бүсгүй “Angel of Music”-ийг Монголын үзэгч олон болоод ДБЭТ-ынхаа 50 жилийн ойд зориулж байгаа хэлж байсан. Хэн хэнд нь жинхэнэ бэлэг болж чадлаа. Энэ удаад түүний сопран хоолойны гайхамшгийг мэдэрлээ. Дараа нь зөвхөн монгол дууны цомгоор бэлэг барина гэсэн. Нээрээ монгол өнгөөр хэрхэн дуулах нь сонирхолтой санагдаж байна шүү.

Э.ГАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж