Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагааны хүрээнд Өмнөд Суданд энхийг сахиулж байгаа монгол цэргүүдээ эргэж үйл ажиллагаатай нь танилцахаар өнөөдөр эх орноосоо мордлоо.
Шинээр тусгаар тогтноод удаагүй байгаа Бүгд Найрамдах Өмнөд Судан Улстай гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, тус улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах UNMISS /United Nations Mission in South Sudan/ ажиллагаа болон тус ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 850 хүний бүрэлдэхүүнтэй батальон, цэргийн холбогч офицерууд, тус ажиллагааны хүчний штабт ажиллаж буй штабын офицеруудын үүрэг гүйцэтгэлттэй танилцах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.ЭЛБЭГДОРЖ айлчлахаар ийнхүү мордож байгаа юм.
Айлчлалын бүрэлдэхүүнд Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав нарын албаны хүмүүс багтаж байна.
Энэ айлчлалын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанаас тодрууллаа.
-Төр, засгийн тэргүүнүүдийн айлчлалын талаар Гадаад харилцааны яам хэд хоногийн өмнө урьдчилж зарладаг. Гэтэл энэ удаагийн айлчлалыг зарлаагүйн шалтгаан юу вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Цахиагийн ЭЛБЭГДОРЖНҮБ-ын Энхийг дэмжих ажиллагааны хүрээнд Өмнөд Суданд энхийг сахиулж байгаа монгол цэргүүдээ эргэж үйл ажиллагаатай танилцах ажлын бэлтгэлийг урт удаан хугацаанд хийсэн. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн болоод хамт яваа төлөөлөгчдийн аюулгүй байдалтай ч холбоотой асуудал байсан.
Энэ айлчлалыг зохион байгуулахад Өмнөд Суданы засаг, төрөөс гадна НҮБ-тай ярьж зохицуулалт хийсэн.
-Айлчлалын бүрэлдэхүүний аюулгүй байдал хэвийн байгаа гэж үзэж болох уу?
-Санаа зоволтгүй. НҮБ болон Өмнөд Суданы Засгийн газар аюулгүй байдлыг бүрэн хариуцна.
-Монгол Улсаас нийт хэчнээн дайчин энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа вэ?
-Давхардсан тоогоор Монгол Улсын 5000 орчим энхийг сахиулагч халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэхэд оролцоод байгаа. Энэ бол амар хялбар ажил биш. Амь насанд нь шууд аюул занал тулгарахаас гадна байгаль, цаг уур, уур амьсгалын маш хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа. Жишээ нь, Өмнөд Суданд гэхэд 40-50 хэм хүртэл халдаг. Өмнөд Судан тусгаар тогтнолоо олоод хоёр жил ч болоогүй байгаа. Тэнд үймээн, самуун, өвчин тахал, терроризм, дүрвэгсэд гэх мэт маш олон асуудал байдаг. Төвхнөж амжаагүй, дөнгөж тусгаар тогтноод хоёр жил болж байгаа улс. Тус улсад НҮБ-ын далбаан дор энхийг сахиулагчид дэг журам тогтоох, аюулгүй байдлыг нь хангах олон улсын үйл ажиллагаа явуулж байна. Түүний бүрэлдэхүүнд Монгол Улсын дайчид алба хааж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Цахиагийн ЭЛБЭГДОРЖшуурхай явж цэрэг, дайчидтайгаа уулзаж сэтгэл санаагаар дэмжээд ирэх нь олон талын ач холбогдолтой гэж үзэж байгаа.