-Орон нутгийн сонгуулийн өмнө ярилцаж байхад нөхцөл байдал өнөөдрийнхөөс өөр байсан. Сонгууль таны хувьд хэр болж өнгөрөв. Шударга болж чадсан гэж дүгнэж болох уу?
-Сонгууль болдгоороо л болсон. Шударга болсон уу, үгүй юу гэдэгт ямар нэг тайлбар, дүгнэлт хийхгүй. Учир нь, сонгуулийн үр дүн гарсан, түүнийг хүлээн зөвшөөрч байгаа учраас тэр. Ер нь, хоёулаа өнгөрсөнийг дотроо дүгнэж, ирээдүйн тухай ярьсан нь дээр болов уу гэж бодож байна.
-Тэгж бололгүй яах вэ. Гэхдээ сонгуульд нэр дэвшсэн, ялагдал хүлээсэн хүний амнаас их “сонин” үг гарч байх юм. Ний нуугүй ярилцъя л даа.
-(инээв)… Намайг ялагдсан гэж бодож байна уу?
-Тиймээ эцсийн дүнгээр та өнгөрсөн орон нутгийн сонгуульд ялагдсан шүү дээ. Эсвэл сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм уу?
-Үгүй дээ. Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч байгаа гэдгээ дээр танд хэлсэн шүү дээ. Өнгөрсөн орон нутгийн сонгуулийн дүнг нэг талаас нь харвал миний хувьд ялагдал байж болох юм. Харин өнцөг бүрээс нь дүгнэлт өгч, асуудлыг томоор харвал тийм биш. Нар дөнгөж мандаж эхлэх үед орчин тойрон шууд л халуун дулаан болчихдоггүй шүү дээ. Цаг хугацааны хувьд ийм л мөч гэж ойлгож болно.
-Ойлгомжтой. Цаашид юу хийх төлөвлөгөөтэй байна вэ?
-Би маш удаан хугацаагаар нутгаасаа хол амьдарч, ажиллаж, суралцаж байлаа. Харин одоо Өмнөговьдоо суурин амьдрахаар шийдсэн. Өнөөг хүртэл сурсан мэдсэнээ нутгийнхаа сайн сайхны төлөө зориулна. Нутгийн зүг жолоо татна даа. Тэгээд хамгийн эхэнд хийх зүйл болд Өмнөговийн сайхан ээжүүдийн “Миний шүтээн” гэх нэртэй номоо хийж ээжүүддээ бэлэг барина даа.
-Өмнө нь та хаана сурч, юу хийж байсныг тань сонирхож болох уу?
-Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд шууд л Хятадын Бээжин хотод суралцахаар явсан. Технологийн чиглэлээр суралцаж байгаад Монголд ирсэн. Харин Монголд ирээд маркетинг, менежментийн мэргэжил эзэмшсэн. Өөрөөр хэлбэл зах зээл судлаач гэсэн үг. Харин одоо суралцах аян зам маань эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэхэд чиглэж, эрхзүйч мэргэжлээр суралцаж байна даа. Ажил хөдөлмөрийн хувьд гэвэл сүүлийн гурван жил Монголын Лектор төвд ажилласан. Лектор төв маань Монголын сургалтын зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын байгууллага. Хэрэндээ л туршлага хуримтлуулж чамлахааргүй зүйлсийг суралцлаа, хичээл зааж нэг талаараа багш болж хүмүүжлээ.
-Нутагтаа суурин амьдрахаар шийдсэн гэсэн шүү дээ. Өмнөговьд ирээд юу хийж бүтээх вэ?
-Сонгуульд өрсөлдөж байхдаа Өмнөговийн иргэддээ нийгмийн зарим нэг амлалтыг өгсөн. Сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр зөвхөн ялалт байгуулсан хүний, эсвэл намын хувьд хүчин төгөлдөр байдаг юм биш. Тийм биш гэдгийг харуулахаар, өөрөөр хэлбэл улстөрийн бас нэгэн шинэ соёлыг дэлгэрүүлэхийн тулд сонгуульд ялалт байгуулаагүй хэдий ч иргэдэд амлаж байсан амлалтуудаа биелүүлэхээр нутгаа зорьж байгаа юм.
-Товчхондоо ямар аргаар, юу хийх бодолтой байна?
-Хамгийн эхэнд хийх ажил бол иргэдийг мэдээлэлжүүлнэ. Хаана, юу болж байгааг манай аймгийнхан хотод суугаа иргэдтэй адилхан хэмжээнд хүлээж авдаг боломж бололцоог хангана. Мэдээлэл технологийн салбарыг орон нутгийнхаа хэмжээнд анхаарна гэж хэлж болно. Хоёрдугаарт иргэдийн амжиргаанд чиглэсэн томоохон ажил хийх бодолтой байгаа. Өөрөөр хэлбэл, миний хүлээж авах гэж байгаа ажил үүнтэй их холбоотой юм. Нутгийн маань иргэд асар их баялаг дээр амьдардаг хэрнээ, бараг хүн бүр банкинд зээлтэй байна. Иргэдийн хадгаламжийн сан нэмэгдэхгүй байна. Говьчууд бид Өмнөговьд амьдардаг гэдгээрээ бахархаж чадахгүй байна шүү дээ.
Яг яаж мэдээлэлжүүлнэ гэж?
-Ямартай ч Өмнөговийн гэх хараат бус сайт ажиллуулж байна. Сайт маань чамлахааргүй олны хүртээл болоод байна. Цаашлаад сонин хэвлззлэх ажил маань бас нэг мэдээллийн хэрэгсэл болж байна. Мөн хэвлэл мэдээллийн салбар бүрийг нээлттэй болгох, салбар бүрт өөрийн биеэр орж ажиллахаар зорьж байна. Болохгүй байгаа зүйлийн талаар ний нуугүй хэлчихдэг зүрх зоригтой сэтгүүлчдийг хөхүүлэн дэмжиж, олон хүнд мэдээллээ хүргэхэд нь тал бүрээс нь дэмжиж туслаж ажиллана даа.
-Тэгэхээр цаашлаад говийн иргэдэд юу хэрэгтэй гэсэн үг вэ, таныхаар?
-Нийгмийн талаас нь гэвэл иргэдийг үл хөдлөх хөрөнгөтэй болгох, мөнгөн эх үүсвэрийн өөр гарцыг нээх зорилгоор Өмнөговь аймагт шинээр байгуулагдаж байгаа хөрөнгийн бирж болох Говийн ноён нуруу ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллахаар болж байна. Энэ ажил иргэдийн амьдралын амин чухал олон асуудлыг хамтдаа шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байгаа. Хүмүүс өдөр бүр мөнгөний төлөө ажилласаар л байна, харин тэдний мөнгө хэрхэн өөрсдийнх нь төлөө ажиллаж болдог юм бэ гэдгийг ойлгодоггүй. Миний эхний зорилго бол үүнийг ойлгуулж, хүн бүр өөрийн гэсэн баталгаат хөрөнгөтэй, түүгээрээ мөнгө олж, ирээдүйдээ итгэл төгс амьдарч болох арга замуудыг санал болгоно. Цаашлаад одоогийн орон нутгийн засаглалд “хаалга, цонх” хийх ажилд өөрийн биеэр оролцоно гэж бодож байгаа. Бүх зүйл хөшигний цаана явагддаг харанхуй нийгмийн тогтолцоог халмаар байна. ИТХ-д сууж байгаа хүмүүс бидний төлөө юу хийж байгаа юм бэ гэдгийг хүмүүс ямар нэгэн суртал ухуулгын нэвтрүүлгээр биш, нүдээрээ хараад чихээрээ сонсоод дүгнэдэг болмоор байна. Үнэндээ бид сонголтоо зөв хийж үү, буруу хийж үү гэдгийг хүнээр хэлүүлэхгүйгээр нээлттэй хуралдаанаас нь хараад дүгнэмээр байна шүү дээ. Тэгэхээр энэ засаглалыг тунгалаг болгох ажлыг хийхэд баг бүрдүүлж тууштай ажиллахаар болоод байгаа. Уг нь, Засгийн газрын төвшинд тунгалаг засаглалтай болох гээд зүтгээд байгаа шүү дээ. Ямар нэг шийдвэр гаргахад иргэд нь дүн тавих хэмжээнд орох гээд л байна. Гэтэл доороо буюу орон нутагт ирэхээрээ энэ ажил завхраад байгаа үзэгдлийг таслан зогсооно.
-Хийх ажлууд тань улстөрийн карьер хөөх зорилготой юу?
-Шуудхан хэлэхэд тийм. Яагаад гэвэл өнөөгийн дарга сэтэртэй хүмүүсийг хараад иргэдээ ийм байдалтай авч яваад би үнэхээр харамсдаг. Тийм учраас тэдгээр дарга нарыг багагүй хугацаанд шүүмжилж, өөрийн үзэл бодлыг илэрхийлж байсан. Гэвч аливаа алдаа дутагдлыг холоос хэлээд суух нь хариуцлагаас өөрийгөө мулталж байгаа мэт өөрт минь санагдах болсон. Харин үүнийхээ оронд заавал дарга байх албагүй ч иргэн хүнийхээ хувиар хэрхэн хийж болдог юм бэ гэдгийг харуулах нь зүйтэй юм байна гэж шийдсэн.
-Тэгвэл таны төлөвлөсөн ажлуудыг сонсоход өмнийн говийнхныг их зүйл хүлээж байгаа юм байна даа?
-Тийм шүү. Өмнөговийг, Өмнөговийн иргэдийг их гэрэлтэй ирээдүй хүлээж байгаа гэж боддог, итгэдэг. Гэтэл өнөөдрийн дарга нар аймгийн захад иргэдийнх нь амьдрал ямар байдалтай байгааг төсөөлөх ч үгүй покер, мөрийтэй тоглоом тоглоод л сууж байна. Үлгэр ярьдаг цаг дууссан. Бидний амьдрал тэдгээр хүмүүсийн ярьдаг үлгэр шиг байдаггүй юм байна гэдгийг иргэд маань ч гэсэн ойлгох хангалттай хугацаа болсон. Одоо бодит байдалтайгаа эвлэрэх, нүүр тулах хэрэгтэй. Дараа нь үүнийг хэрхэн өөрчлөх талаархи шийдэлд хүрье. Би гэр хорооллын айлуудыг сайн мэддэг. Тэдэнтэй зовлон жаргал ярьж л явна. Нийт өмнөговьчуудын амьдралыг хэсэг бүлэг баячуудаар нь төлөөлүүлэн төсөөлж болохгүй шүү дээ. Цөөхөн хэдэн мөнгөтэй хүний атганд Өмнөговь тэр чигээрээ базагдаад, жинхэнэ иргэдийнх нь амьдрал сайжрахгүй байгааг дээр дооргүй л мэдэж байгаа. Хэн ч үүний талаар хэлж зүрхлэхгүй байгаа л болохоос биш тодорхой зүйл гэвэл үүнийг л хэлнэ. Үнэндээ иргэдийн олонхи нь гэр хороололд амьдарч байна. Бүтэн долоо хоног идэх гурилгүй суугаа хүмүүс ч байна. Тэд чинь нийтлэг дүр зураг, үнэн төрх биш гэж үү.
-Та бол залуу хүн, Өмнөговийн талбарт дөнгөж орж ирж байна. Гэтэл яагаад энэ бүхэнд санаа зовоод байгаа юм бэ?
-Залуу хүн бүр сайхан ирээдүйг мөрөөддөг юм. Намайг ирээдүйд гэр бүлтэй, үр хүүхэдтэй, дундаж насанд хүрсэн байхад ч энэ бүхэн энэ л хэвээрээ үргэлжлэнэ гэвэл би хувьдаа тайван явж чадахгүй. Би гэдэг хүн, дээр нь надтай холбоотой бүх л хүмүүс Өмнөговьд энэ амьдралаа өнгөрүүлэх учраас би өөрийнхөө амьдрах орчинг одооноос эмхэлж цэгцлэх шаардлага байгаа биз! Хүн бүр ингэж л сэтгэдэг байгаасай гэж би боддог.
-Тэгвэл Өмнөговийн залуусын талаархи таны бодлыг сонсоод яриагаа өндөрлөе.
-Ний нуугүй хэлэхэд Өмнөговийн залуучууд бохир байдалтай эвлэрчихсэн байна. Гэхдээ энэ нь залуусын буруу биш. Бохир тогтолцоонд оруулж байгаа хэсгийнх нь буруу. Одоо биш юм гэхэд цаг хугацааны шаардлагаар үүнийг залуус маань ойлгоно байхаа. Өмнөговьд маань ухаалаг, авьяастай, боловсролтой, зоригтой олон залуу бий. Тэдэнтэй хүчээ нэгтгэхэд би бэлэн байна. Баярлалаа.
-Сэтгэлээ нээж, ний нуугүй ярилцсан танд баярлалаа.
Эх сурвалж: ӨМНӨГОВЬ СЭТГҮҮЛ