40 жил услаагүй &#34эко цэцэрлэг&#34

Хуучирсан мэдээ: 2013.02.14-нд нийтлэгдсэн

40 жил услаагүй &#34эко цэцэрлэг&#34

Бөөрөнхий шилэн саван дахь бичил цэцэрлэгийг 53 жилийн турш ургуулсан Дэвид Латимер олон хүнд суутан мэт санагдаж магадгүй. Гэхдээ цэцэрлэг түүнээс ямар ч хүчин чармайлт шаардаагүй юм. Учир нь сүүлийн 40 жилийн хугацаанд нэг ч удаа услаагүй боловч традесканция хэмээх ургамал шилэн дотроо одоо ч ердийн байдлаар цэцэглэн, ургасаар байна. 80 настай Латимер бичил цэцэрлэгийг цонхноос 2 м орчим зайд байрлуулан нарны гэрэл бага зэрэг тусгахаас өөрөөр нэг ч удаа арчилж тордоогүй ажээ.

Бичил цэцэрлэг хэдийгээр битүүмжлэгдсэн шилээр гадаад ертөнцөөс тусгаарлагдсан боловч, өөрийн гэсэн эко системийг бий болгож, фотосинтезийн тусламжтайгаар нарны гэрлийг өсөлтөд шаардлагатай энергид хувиргасаар иржээ. Фотосинтезийн үр дүнд битүү системд хүчилтөрөгч ялгарахын хамт агаарын чийглэг нэмэгдэнэ. Мөн ялзарч муудсан навчнууд тасран унаж, нүүрстөрөгчийн давхар исэл буюу ургалтад шаардагдах шим тэжээлийн бодисыг үүсгэдэг байна.

Латимер "битүү таглаж орхивол юу болох бол" гэсэн саваагүй сонирхолын үүднээс 1960 онд анх хүхрийн хүчил агуулагдаж байсан шилэн савыг цэвэрлэн, бордоо хийж үр суулгаад сайтар таглаж орхижээ. Тухайн үед шар айрагны аяганы дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний ус хийсэн бол 1972 онд 2 дахь усалгаа хийснээс хойш өнөөдрийг хүртэл дахин нэг ч удаа усалсангүй. Шилтэй цэцэрлэгийг үүднийхээ өрөөний шатанд дор байрлуулсан байна. Харин BBC радиогийн цэцэрлэгийн тухай нэвтрүүлэгт фото зургийг нь илгээснээр бичил цэцэрлэгийн тухай мэдээлэл олон нийтэд ил болсон байна.

Цэцэрлэгийн дизайнер бөгөөд нэвтрүүлгийн хөтлөгч Крис Бирдшоу "энэ бол ургамал дахин боловсруулалт хийж чаддагийг харуулсан амьдралын тойргийн гайхалтай жишээ" гэжээ. Мөн энэ нь НАСА сансарт ургамал авч явахыг сонирхоход хүргэсэн шалтгаануудын нэг гэв. Ногоон ургамал нь агаарын бохирдлыг маш сайн цэвэршүүлэгч, иймд сансарын станцад маш үр ашигтай бие даасан эко системийг бүрдүүлж чадна. Ийм системд гаднаас өгөх цорын ганц зүйл нь нарны гэрэл байна, харин бусад бүх шаардлагатай нөхцөлүүдийг систем өөрөө бий болгодог байна. Латимер нас барсаныхаа дараа цэцэрлэгээ насанд хүрсэн хүүхдүүддээ өвлүүлж үлдээхийг хүсдэг гэжээ.

Фотосинтез нь нүүрс усанд агуулагдах энерги хүчилтөрөгчтэй харилцан үйлчилж, нүүрстөрөгчийн давхар исэл, ус, химийн энерги үүсгэдэг хүн болон амьтадын эсийн амьсгалийн эсрэг процесс юм. Гэвч битүү эко систем ялзралд орсон эдийг тусгаарлаж унагахад ч бас эсийн амьсгалыг ашигладаг байна. Ургамал навчин доторхи хлорфилд агуулагдах уургийн тусламжтайгаар нарны гэрлийг шингээж авдаг. Гэрлийн энергийн зарим хэсэг АТР молекулд хадгалагддаг бол бусад хэсэг нь усан дах электроныг суллахад зарцуулагдана.

Ургамлын үндэсээр дамжин хөрснөөс шимэгдэх усны  чөлөөлөгдсөн электронуудын нөлөөгөөр нүүрстөрөгчийн давхар ислийг нүүрс ус болон хүчилтөрөгч болгон задлах химийн урвал явагдана. Мөн хөрсөнд дэх бактерүүд ургамлаас ялгарах хүчилтөрөгчийг шингээж, ургамалд хэрэгтэй хүчилтөрөгчийн давхар ислийг ялгаруулдаг. Мэдээж гэрэлгүй шөнийн цагт фотосинтезийг удирдахын тулд ургамлын эсийн амьсгалах процесс явагдана. Шилэн дэх цэцэрлэг нь тусгаарлагдсан битүү систем учир түүнд агуулагдах ус системийн эргэлтээр дамжин дахин ашиглагдана.

Ургамлын үндэсээр шимэгдсэн ус ууршиж, агаарын чийглэгт шилжинэ. Дараа нь конденсацлагдаж, бордооны найрлагад шилжих маягаар усны эргэлт давтагдан явагдана. Ийм битүүмжлэгдсэн эко цэцэрлэгийг хүссэн хэн ч тариалах боломжтой ажээ. Үүний тулд өргөн хүзүү бүхий шилэн сав, сайн чанарын бордоо, жижиг ширхэгтэй хайрга, үр байхад л хангалттай. Гэхдээ ийм цэцэрлэгийн ургамлыг үнэрлэх, хүнсэнд хэрэглэх боломж хязгаарлагдмал. Нөгөө талаас нарны гэрлийг эс тооцвол бусад ямар ч арчилгаа шаардлагагүй юм. Харин ургамлын өсөлт нь шилний хэмжээгээр хязгаарлагддаг байна.

Эх сурвалж: http://robomec.blogspot.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж