“ИТХ-ын төлөөлөгчдөд хариуцлага тооцох боломжгүй”

Хуучирсан мэдээ: 2013.02.14-нд нийтлэгдсэн

“ИТХ-ын төлөөлөгчдөд хариуцлага тооцох боломжгүй”

Авлигатай тэмцэх газраас жил бүр төрийн алба хаагчдаас Хувийн ашиг сонирхлын болон Хөрөнгө оруулгын мэдүүлэг авч, шалгадаг. Мэдүүлэг авах хугацаа маргааш дуусгавар болж байгаатай холбоотойгоор хэрхэн мэдүүлэг гаргах болон дээрхи мэдүүлгүүдийг мэдүүлээгүй тохиололд хүлээлгэх хариуцлагын тухай Авлигатай тэмцэх газрын Хяналт, шалгалт дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, Ахлах комиссар А.Батхуягтай ярилцлаа.

-Мэдүүлэг гаргачид хир идэвхтэй мэдүүлгээ өгч байна вэ?

-Хувийн ашиг сонирхлын болон Хөрөнгө оруулгын мэдүүлгийг шинэчлэн бүртгэх ажлыг энэ сарын 15-ны дотор зохион байгуулах ажлыг Авлигатай тэмцэх газраас  хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 47 гаруй мянган иргэний 95 орчим хувь нь мэдүүлгээ бүртгүүлээд байна. Энэ жил төрийн алба хаагчдаас дээрхи мэдүүлгүүдийг цахим хэлбэрээр авч эхэлсэн. Энэ хүрээнд нийт мэдүүлэг гаргагчдын 90 орчим хувь нь цахим хэлбэрээр гаргаж байна. Дашрамд, төрийн өндөр албан тушаалтны 88 хувь нь Авлигатай тэмцэх газарт Хувийн ашиг сонирхлын болон Хөрөнгө оруулгын мэдүүлгээ өгөөд байна.

-Мэдүүлгийг хэдэн цагт хүртэл авах вэ?

-Маргааш ажлын цаг дуусмагц мэдүүлэг авах ажиллагаа тасалбар болно. 

-Энэ жил мэдүүлэг гаргагчдын тоо харьцангуй багассан байна?

-Өнгөрсөн жил 56 мянга байсан бол энэ жил 46 мянга болж харьцангуй хумигдсан. Учир нь УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос гаргасан тогтоолын дагуу мэдүүлэг гаргах зарим шаардлагагүй албан тушаалтнууд хасагдсан байгаа. Жишээлэхэд, цагдаагийн алба хаагчдаас жолооч, дуучин, бүжигчин зэрэг алба хаагчид нь мэдүүлэг гаргах шаардлагагүй болсон.

-Одоогоор хүндэтгэн үзэх шалтгааны улмаас мэдүүлэг гаргахаас татгалзсан албан тушаалтан бий юу?

-Бүрдүүлэлтийн хугацаа дуусмагц энэ мэдээлэл тодорхой болно. Бүх байгууллагуудаас ирэх гуравдугаар сарын 01-ний дотор тайлан, мэдээ ирнэ. Тэр тайланд ямар албан тушаалтан мэдүүлгээ өгөөгүй, ямар шалтгаанаар мэдүүлгээ гаргаж өгөөгүй байна гэдэг нь тодорхой болох байх аа.

-ХОМ болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ цаг тухайд нь мэдүүлээгүй, мэдүүлэхээс татгалзсан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Авлигын эсрэг хуулинд зааснаар мэдүүлэг гаргаагүй албан тушаалтныг ажлаас халах хариуцлага хүлээлгэдэг. Харин хүндэтгэн үзэх шалтгаантайгаар мэдүүлгийг хугацаа хожимдож мэдүүлсэн бол сануулах арга хэмжээ авдаг. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаан нь тодорхой биш бол албан тушаалаас нь халах хариуцлага тооцно.

-Өнгөрсөн жил мэдүүлгээ гаргаж өгөөгүй хэдэн албан тушаалтан байсан бэ?

-Нийт мэдүүлэг гаргагчдын 99.97 хувь нь өнгөрсөн 2012 онд мэдүүлгээ өгсөн байгаа. Мэдүүлэг гаргаж өгөөгүй нийт 96 албан тушаалтан байсан. Эдгээрийн ихэнх хувь нь аймаг, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид байсан.

-ИТХ-ын төлөөлөгчдөд хариуцлага тооцсон уу?

-Ард түмнээс сонгогдсон гэдэг утгаараа төлөөлөгчдөд хариуцлага тооцох ямар ч боломжгүй байдаг. Уг нь бол иргэдээс сонгогддог тул ард түмэнд нээлттэй, ил тод гэдгээ харуулдаг байх ёстой юм. Харин төрийн жинхэнэ алба хаагчдад тодорхой арга хэмжээ авсан байгаа. Тодруулбал, ажлаас халагдсан дөрөв, цалин бууруулсан нэг, анхааруулсан 18, сануулсан 26 иргэнд хариуцлага тооцсон.

-Мэдүүлгээ гаргаж өгөөгүй албан тушаалтанд танайхаас хариуцлага тооцдог уу?
 
-Ер нь бол байгууллагуудаас тайлан мэдээг аваад, нэгтгээд хариуцлага тооцох асуудлыг тухайн байгууллагуудад тавьдаг. Шаардлагатай үед манай байгууллагаас ч хариуцлага хүлээлгэж болно.

-Өнгөрсөн жил ХОМ-сээ хоцорч өгсөн УИХ-ын гишүүд байсан. Тэдэнд ямар хариуцлага хүлээлгэсэн бэ?

-Хугацаандаа мэдүүлгээ гаргаж өгөөгүй УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний асуудлаар УИХ-д хандсан. УИХ-аас гишүүдээс мэдүүлгийг нь гаргуулаад манайд ирүүлсэн байгаа. 

-Төрийн өндөр албан тушаалтны ХОМ болон Хувийн ашиг сонирхлын мэдүүлэгт зөрчил илэрсэн тохиолдол байдаг уу?

-УИХ-ын гишүүний мэдүүлгийг Ёс зүйн хороо нь шалгадаг. Тиймээс тэдгээрийн мэдүүлэгт Авлигатай тэмцэх газар хяналт тавих боломжгүй байдаг.

-Хэзээ нэгдсэн дүн гарах вэ?

-Нийтдээ 110 байгууллагаас ирэх гуравдугаар сарын нэгэн гэхэд манайд тайлан ирэх ёстой. Тэр үед нэгдсэн дүн гарна.

-Хөрөнгө, ашгаа нууж дарагдуулсан гэдгийг хэрхэн шалгадаг вэ? 

-Авлигатай тэмцэх газраас тодорхой төлөвлөгөөний дагуу байгууллагуудыг нэгдсэн журмаар шалгаж байгаа. Мөн манайд ирүүлсэн мэдээллийн дагуу шалгадаг.

-Бүх албан тушаалтныг шалгаж, зөрчлийг илрүүлэхэд танай байгууллагын ажиллах орон тоо, хүчний хувьд бололцоотой юу?

-Нэг жилийн хугацаанд бүх мэдүүлэг гаргачдын тайланг нэгбүрчлэн шалгана гэдэг бас хүндрэлтэй байдаг. Гэхдээ бид жил бүр төлөвлөгөө гаргаж шалгадаг. Тухайлбал, өнгөрсөн жил шалгагдаагүй хоцорсон байгууллагуудын ажилтнуудын мэдүүлгийг энэ жил нарийвчлан шалгана.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж