Нийслэлчүүд Валентины баяраар бум бужигнасан биш байгаа ч цаанаа л догдлонгуй байх шиг. Нүдэнд цэцэг барьсан ,бэлэг тэвэрсэн хүмүүс хаана л бол хаана харагдах юм. Эсвэл миний сэтгэл ингэтлээ их догдлоод тэр юм болов уу. Баярын уур амьсгалд би их дуртай. Хэдийгээр Монголчуудын баяр, амралт ихдээд байна гэдэг ч баярын уур амьсгал нийгмийн болж бүтэхгүй байгаа, бухимдал гомдолтой байгаа сөрөг бүхнийг зөөллөх шиг санагддаг. Энэ ч утгаараа хот тайван амгалангийн хажуугаар сэтгэл хөөрлийг дэнслүүлэн байх. Ажаад байх нь ээ, Валентины баяр гэхээр л залуус цэцэг хайж гүйдэг цаг өнгөрч. Нас насныхан л хайртай хань, хайртай хүнтэйгээ хамт баярлаж, энэ өдрийн энгийн нэгэн өдрөөс илүү халуун дулаан, сонирхолтой өнгөрөөх гэж хичээдэг болсон байна. Энэ дунд нэг гартаа хүүхдээ, нөгөө гартаа цэцгээ бариад алхах жавхлант эцэг эхчүүд ханийн зүг яарах.
Цэцэг, бэлэг, дурсгал гэхээр л очдог, хүмүүсийн сайн мэдэх “Цэцэг” худалдааны төвийг зорьлоо. Тэнд нэгдүгээр давхарт цэцэг, бэлэг дурсгал байх бөгөөд хүмүүс “наашаа, цаашаа” гэцгээн зөрөх юм. Хүн бүр БИ ЧАМД ХАЙРТАЙ гэдэг үгний тоон товчлол болох 247-г мэднэ. Тэгвэл энэ тоогоор сарнай боолгуулаад, хайртай хүндээ бэлэглэх нь их байна гэнэ. 247 ширхэг сарнайг сагс, чимэглэл гээд бүрэн “зохиомжтой” боолгоход 450 мянган төгрөг болж байна лээ. Үүнийг сонирхуулсан төдий. Баярын үнэ цэнэ чамирхалдаа, тоондоо биш шүү дээ. Цэцэг сонирхож байгаа залууст зөвлөхөд бэлгийн цэцэг бол сарнай гэлтгүй, өөр сайхан бэлгэдэлтэй, үзэсгэлэнтэй цэцэгнээс сонгож болох санагдлаа. Жишээ нь, “Лили” гэдэг нэртэй дэлгэрсэн цэцэг байна. Энэ бол тэргүүлэх цэцэг гэгддэг бөгөөд хүндэтгэлийг бэлгэддэг ажээ. “Лили” цэцгийн өнгө олон байх ба цагаан нь зонхилдог гэнэ. Үүндээ өнгө нэмэхийг хүсвэл цэцгээ баглуулахдаа өөр жижиг цэцгүүдийг хольвол содон, сонирхолтой харагдаж байна лээ. Мэдээж, Валентины баярын бэлгэдэл болсон шоколадыг яаж мартаж болохов. Шоколадаа хайлуулж, гараараа хийх хэчнээн сэтгэл шингэсэн байдаг билээ. Хайлуулж, хэвэнд оруулсан шоколадандаа тохирсон хайрцаг хайж яваа залуустай их тааралдсан. Мөн тийм ч их байдаггүй, сэтгэлд тохирсон шоколад хайж байгаа бол бэйкериний газрууд болон Улсын их дэлгүүр, Улаанбаатар их дэлгүүрийг зорьж болох юм.
Ингээд, эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр өөр гаригаас ирдэг гэдэг гаргалгаагаар харах юм бол тэдний хувь хувийн ертөнцөд нар нэгэн зэрэг нар гийдэггүй ч нэгэн үйлсийн төлөө тэмцэлдэж, бас эвлэлдэж байдаг биш үү? Хамтдаа жаргалтай байх гэж л тэр. Амьдралын агуу том шийдвэр, сонголт, аз жаргал энгийн нэгэн зүйлээс эхэлдэг бол жилдээ ганц тохиодог Валентины баярын өдрөө хэзээ ч мартамгүй сайхан өнгөрүүлээрэй.