Бооцоот уралдааны өнгө

Хуучирсан мэдээ: 2013.02.14-нд нийтлэгдсэн

Бооцоот уралдааны өнгө

XVII жарны “Тийн ялгуусан”  хэмээгч Усан могой жилийн хаврын тэргүүн сарын анхны уралдаан өчигдөр Цагаанхөтөлд болж, азарга, их нас, соёолон насны морьд шандас өргөлөө.

1,5 сая төгрөгийн бооцоотой уралдаанд 30 гаруй азарга  мордсоноос Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Ч.Гансумын хар азарга түрүүлж, Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Г.Хадбаатарын хээр алаг удаалж, айргийн гуравт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Өнөрбаяны хулгар хээр, айргийн дөрөвт Төв аймгийн Бүрэн сумын уугуул Н.Улам-Өрнөхийн хар, айргийн тавд Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Ч.Пэрэнлэйн сартай хар азарга  тус тус хурдлав. Халтар азарганы уяаг Тод манлай уяач Д.Мөнхбатын хүү М.Цэрэндамба тааруулжээ. Хар азаргаа дөрөвт хурдлуулсан Н.Улам-Өрнөх өнгөрсөн жилийн өндөр бооцоот уралдаанд бор морио айрагдуулсаныг  морь сонирхогчид санаж буй бизээ.

Харин их насны морьдын уралдаанд  40 гаруй хурдан ажнай шандас шалгаж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Баатарчулууны хул түрүүлэн, Төв аймгийн Борнуур сумын уугуул Ц.Баттөрийн хар, айргийн гуравт Улаанбаатар хотын Гачуурт тосгоны  Д.Батмөнхийн ногоон, айргийн дөрөвт Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул Л.Тулгын хээр, айргийн тавд Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Д.Ганзоригийн хүрэн морь хурдалсан байгаа. 

Өндөр бооцоот уламжлалт уралдааны соёолон насанд 15 хурдан хүлэг гарааны зурхайгаас эргэж, Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, “Алтай констракшн” ХК-ийн захирал, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн соёолон түрүү магнайгаар тодорч, эзнийхээ шинэхэн цолыг мялаасан юм. Харин аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Б.Шагдаржавын ногоон, айргийн гуравт Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул Х.Энхтайваны хул, айргийн дөрөвт Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Б.Отгонбаатарын хээр, айргийн тавд Булган аймгийн морин спорт уяачдын холбооны тэргүүн Ж.Бат-Эрдэнийн  Буган хээр тус тус хурдаллаа.


Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.


Г.АМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж